Гадаадын жуулчид ноёд хатагтай нар аа! Та бүхэн манай улсад тавтай морилтугай. Дэлхийн аль ч улсаас хол илүү сюрпризыг та төв Азийн нийслэлээс үзэх болно. Энэ бол улсын маань сүр хүчийг илтгэсэн үй олон хөшөөнүүд. Хотын хөшөөг үндсэн таван хэсэгт хуваана.
Нэгт хүнийх, хоёрт, мал ан амьтных, гуравт, эд хэрэглэлийнх, дөрөвт үлгэрийнх, тавт дуу шүлгийнх. Хөшөө барихдаа ийм нарийн ялгаа зааг гаргасан өөр улс дэлхийн хаана ч байхгүйг дахин дахин сануулъя. Эндээс хүний хөшөөг үндсэн гурван хэсэгт хуваана. Нэгт, хувьсгалчдынх, хоёрт эсэргүүнийх, гуравт малын хулгайчдынх бас алуурчин дээрэмчнийх. Хувьсгалчдын хөшөөнд жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, нөхөр Ю.Цэдэнбал, нөхөр Ж.Батмөнх. Эсэргүүнд “Хичээнгүй сайд” Б.Цэрэндорж, их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Б.Ринчен, Д.Бодоо, П.Гэндэн Р.Чойном, хэлмэгдсэн гучин мянган ламыг төлөөлсөн “Хүн аалз” маягийн хөшөө. Хөшөөгөөр дамжиж манай улс ардчилсан чиг баримжаагаар хөгжиж явааг та анзаарах болно. Жишээ нь Ю.Цэдэнбал, Бямбын Ринчен нарын хөшөөг өөд өөдөөс нь харуулж босгосон явдал юм. Энэ юу хэлээд байна гэхээр хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн хоёрт хоёуланд нь гүн хүндэтгэл үзүүлж буй хэрэг. Өвөрхангайд Өндөр Гэгээнийх. Ховдод Галдан бошигтынх. Энэ бол зүгээр л “Preedom”. Ийм арга билгийн ухааныг өрнө дорныхон сэтгэсэнгүй нь өрөвдөлтэй. Үгүй ядахдаа хойд хөрш маань Москва хотынхоо Арбатын гудамжинд хоёрдугаар Николай хаан, В.И.Ленин нарын хөшөөг урд урдаас нь харуулж босгох ухаан толгойд нь буусангүй. Эргээд хөшөөт улсынхаа тайлбар луу оръё.
Эсэргүүнээс гадна хулгайч, дээрэмчид, дайсандаа зориулсан хүрэл зэс, алтадмал тансаг хөшөөнүүд бий гэвэл барууны жуулчид та нар итгэх үү? Манай эх оронд наад зах нь малын рецедив хулгайч “Торой” Банди, “Цахиур” Төмөрийн хөшөө хүртэл бий. Их хуцвал Хүрээг сохор зоосны өртөггүй чөлөөлж өгсөн Барон Унгернд хөшөө цутгасан ч яадгийн. Хөшөө босгох хөдөлгөөн бүх улс орныг хамарснаар сүүлдээ хөшөө болон мөнхрөх хүмүүс нэн ховордож байгаа нь харамсалтай. Хөшөө босгохын тулд монголын үүх түүхийг нарийн шүүрдэхээс гадна глобалчлалыг бас мартаагүй юм шүү эрхэм жуулчид аа. Италичуудын мартсан “Марко Поло” орчин үеийн Турк улсыг үндэслэгч Ататюркийн цээж баримал, төлөг нөхөддөө зориулан Хо Ши Миний хөшөө бас нэрэмжит сургууль, Английн андууддаа хүндэтгэл үзүүлж “Битлз” хамтлагийн хөшөө, Америк гүрэнд мэхийн ёсолж Дархан хотод аварга том Терминаторын төрх, хоёр буудалд хамаг юмаа гаргасан Махатма Гандийн хөшөө, Ах нартаа зориулж армийн генерал Жуков, орос эмч, орос багш сүүлдээ консулаар ажиллаж байсан Иван Яковлевич Коростовеци гэх мэт огт сонсож яваагүй товарищийн хөшөөг манай урчууд зүрх сэтгэлээ шингээж урлаллаа. Гэтэл зарим түүхчид “Алуурчин Коростовецийн зэс хөшөөг үтэр түргэн буулга! Тэр муу алуурчин чинь да лам Цэрэнчимэдэд хор өгч алсан” гээд л бөөн бужигнаан болов. Манай хотын удирдлагууд маргааныг олон ургальч үзлээр тунгаан хэлэлцээд,
-Нийслэлд хувьсгалчид хийгээд эсэргүүнүүдэд зориулан хөшөө босгосон юм чинь яагаад алуурчиндаа зориулж хөшөө босгож болохгүй гэж. Алуурчин ч гэсэн хүн гэцгээн маргааныг тас цохив. За ингээд хотын зарим хөшөөнөөс дурдъя. ХХ зууны “Халуун элгэн нутаг” дууны хөшөө, яруу найрагч Шаравын Сүрэнжавын “Багш” шүлгийн хөшөө. Хүүхдийн ордны өмнө “Маамуу нааш ир” дууны хөшөө, “Хонхны дуу биднийг сэрээ сэрээ” гэж дуулдаг хэн ч билээ ахын хөшөө. 120 мянгатад жингийн цувааны хөшөө, Нэгдүгээр хороололд нэг тэмээний хөшөө, Тагнуулын газрын ард Янгирын хөшөө, Офицеруудын ордны цаахна Түвд банхрын хөшөө, Эвтэй дөрвөн амьтны хөшөө, Эрхүүгийн оюутнуудын санаачилсан хулгар шарын хөшөө, Москва ресторны урд “Мөөмтэй” хөшөө, мартагдах дөхөж байгаа Майдар бурхны бунхан, Хэнтий аймагт хэн ч юм бэ нэг уруул ам нь дорвойсон хүрэн царайтай эрийн хөшөө, Шарга морьтод шар дээлтэй эгчийн хөшөө, Төв музейн урдхан тэтгэврээ авсан хөгшдийн хөшөө, Бага тойрогт Бидон толгойдоо угласан бүжигчний хөшөөг үзэгтүн! Дэлхийн хаана ч байхгүй ховор боломжийг гагцхүү нүүдэлчид л сэтгэж өнгөт металиар урлан цутгажээ. Бас алсын тээвэрт гарсан жолооч нартаа “Хурд бол үхэл” нэртэй машины сэгэн хөшөө. Үүний дараа жуулчид та бүхэн хөдөө орон нутагт аялж байгалийн сайханд алжаалаа тайлахаа мартуузай. Тэнд ч гэсэн манай урчуудын хосгүй авъяасаар бүтээсэн жинхэнэ монгол эр хүний чивчирч гантайсан бэлэг эрхтэний хөшөө таныг уйдаахгүй!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.