50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд алга болжээ. Тэтгэврээ хүртээд үхлээ хүлээгээд нүдээ аниад эрихээ имэрч хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд ердөө гуравхан бодол эргэлдэх болж. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь шатахууны хараат байдлаас гарах. Гурав дахь нь эрчим хүчний эх үүсвэр. Уудам цэлгэр эл хуль нутгаа туучиж амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун, алс холын өнцөг буланд эрчим хүч түгээхэд маш урт сүлжээ хэрэгтэй. Шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрөө үйлдвэрлэхгүй бол хэт үнэтэй импорт босгохгүй нь ээ. Монгол ах дүү нар аа, ирэх 4 жилд төрийн жолоо барьж ард олноо удирдах эрхмүүдээ сонгох агшин мориллоо. Өвгөн намайг шаналаагч дээрх гурван гацааг арилгах амлалт авсан нам, нэр дэвшигч байна уу? Байвал тэдэнд саналаа өгөөрэй. Эрчим хүч, тээвэр, шатахууны гацааг давбал “Монгол ялж”, “ард түмэн ялж” буй нь тэр шүү. “Монгол ялна” гээд төмөр замаа 10 гаруй жил гацааснаа тунгаа.
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэх-хэнд хожоотой вэ? “Зөвлөлт тусламж Хятад аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил шүү. (Бурхны, бишээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амьд явнаа хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороох уу? Зөвлөлт тусламжийг арилсан гэв, Хятад аюулыг арилсан гэв гээд урьд бол ална. “Орос монгол цусаар гагнагдсан найрамдалд цав суулгав. Хятадын талыг баримтлалаа” гээд шилдэг сэхээтнүүдээ насаар нь цөлж, цөөнгүй нь амиа алдсан хөдлөшгүй баримт хуучраагүй. Тиймээс “улстөрийн хэргээр ороох уу” гэж лавласныг минь өршөө. Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ хувиралтад сэм хорсдог Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авдаг гарын дорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд.
Өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй гэж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах том эрх ашгаа чухалчлаад өчүүхэн бидний оросуудын гацаасныг хоёр хөрш гацаав гэж хятадуудыг үндэсгүй хамсруулдгийг тэвчдэг байх.
Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй үнэнээр гагнагдах учиртайг монголчууд эрхэмлэж “нялуунаас шулуун дээр” гэдэг. Коммунизм байтугай СССР ч үгүй хаягдсан Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоод үлдэхэд хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөнөөс зүүгдэхээр сарвалзав. Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэж эхэлмэгц харамсалтай нь зөвлөлтийн тусламж гэх сүржин молги маань-орос гацаанд хувираад дээрэлхэв. Эрчим хүчний орос магнатууд БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаалгав. Аварга гангийн үйлдвэр бүхий Бугат манай коксжих нүүрсний ордоос өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тийш нь уурхайн төмөр зам тавих гээд үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоолго шороотой хоцорч олон тэрбум долларын ашиг хаагдав.
Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивэгнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд, нөгөө нь сэм хөгжүүлье гээд байгаа юм биш үү. Ийм эгзэгтэй үед “Хоёр хөрш хоёул манай хөгжилд дургүй” гэх суртал дэврээж, нэг гацаагчаа хоёр болгох өөрийгөө хорлож буй хэрэг бус уу.
Манай өдөр тутмын сонин ингэж бичив: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыг санхүүжүүлж эхэлсэн БНХАУ-д тохож, буруутныг “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Хятадын тал Монголын талд “Та нар оросуудтайгаа тохир. ОХУ зөвшөөрвөл бид санхүүжилтээ сэргээе” гэсэндээ Эгийн УЦС төсөл гацсаны буруутан болжээ. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэх тодорхой байр суурь дэлхийд ч таалагдах учиртай. Би энэ зарчмаар явъя гэж уриалж буй нэгэн.
Зориглон хэлэхэд хоёр хөршийн нэг нь манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь хамтдаа хожьё гээд зээл олгодог. Орос ахынхаа гацааг хөнгөлөхөөр хоёр хувааж, талыг Хятадад нааж ижилсүүлэх муухай зан. Өмнөд хөрш гацаанд оролцоогүй байдаг. Бусдын балгаар гэмгүй нэрээ хөөдөх гүрэн байтугай хувь хүн ч олдохгүй. Урд хөрш ашгүй төдийлөн тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал тасарч ядуу Монгол яг сууна. Яг суувал “хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг В.Путин харгалзан үнэлэх бүү хэл санах ч ухаангүй явна. Америк, Европын холбоо, Нато, Украйн, умард Солонгос, олон улсын хориг гээд муу Монголыг юун бодох манатай.
Бид хоёр нүүрт өөдгүй зангаа хаяад юмыг бодит хэмжээнд нь цэгнэж сурвал дэлхийд тоогдоно. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. Хоёрт гадны гар хөл бологчдыг төрийнхөө жолоонд бүү ойртуул сонгогчдоо! Энэ хоёр санаа яс бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. Гэхдээ “Орос гацаасныг хоёр хөрш гацаав” гэдэг тархины эргээ чинь гарвал шүү дээ.
В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). Энэ мэдэгдлээс манай гацаа эхтэй. Путины тойрон хүрээлэгч орос магнатууд эрчим хүчээ манайд хэтийдсэн үнээр шахдаг.
ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж бичиж байв.
“РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол Зөвлөлтийнх байв. Манайх Монголын зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний найдвар-ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тиймээс бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ. Харин удахгүй бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын (өндөр үнэтэй.Ц.Д) бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа тулах вий” гэжээ.
С.Лавров (ОХУ-ын Гадаад хэргийн сайд) “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөө тусгахгүйн тулд хоёр том хөрш ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэв. Бүр БНХАУ-ын өмнөөс амлалаа.
V-ДЦС. Энэ станцыг барих дов сая таван зуун мянган кв. км нутгаасаа ололгүй 15 жил будиллаа. Мэдээж нууц тулгалтаар өрнөж буй жүжиг. Хэдэн жилийн тэртээ Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байх юм.
Шав тавих ёслол мега төслүүдийн оршуулга болов. Хичнээн ч нүхэнд хадаг цай булж, тэр тоолонгоор хичнээн ч цахилгаан станцын төсөл унтрав даа. Сая таван зуун мянган кв. км нутгаасаа эрчим хүчний үүсвэр барих дов олсонгүй. Тууз хайчилж хуврагууд аргил шахмал хоолойгоор тарина хүнгэнүүлж, хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Гагцхүү булсан шав болгоны төслийн нэгж гэгчид шургалсан хэсэг этгээд цадаа. Хонхорт булсан шав гэхэд л 20-иод саяыг залгисан сурагтай. Булсан шавнуудаа эргээд олох уу эрх баригчдаа?
1964 оноос ярьсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл 2022 оны 4-р сард хөдлөх болжээ. Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гэсэн шиг ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг гэнэт хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр “бензиний чинь үнийг валютаар төлчөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилж анхааруулалгүй хаав” гэж цоролзлоо. Маниусын үед ингэж даварвал алуулах байв. Манай нэг сэтгүүлч бүсгүй БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйтай ярилцав:
-БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа... Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?
-Монгол Улсад үүсэж буй шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш... Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлт албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийж, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн... Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай... хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна... Энэ бүхэн шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг онцолмоор байна.
-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.
-Шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа.
-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ... Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс харилцан дэмжин тусалж, хоёр улсын харилцаа хөгжиж байна... Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна. (ярилцлагын хэсэг 2021-09-27).
Хойд хөрш шатахуунаа хаахад урд хөршөө өдөх зөв үү? Тийм үе уг нь байсан гэвч өнгөрсөн. Умард хөрш биднийг зоргоороо дээрэлхвэл бараадах улс ганц. Энэ тухай банжсан далд бодлоо хар хайрцагтаа нуух-нүгэл бус аргагүйн эрхэнд үүсдэг тавилан. Хашраас алдах нь бага. Үг үйлдлээ ямагт цэнэ. Олон улс ороо бусгаа байна. Хонин сүрэг эзгүй бэлчээрт чоно дайрахад арчаагүй бариулдаг. Шилбүүртэй малчны хэрэг эрхбиш гардаг.
Танк их бууны аюулаас хэн аварлаа? УИХ-ын 76. Өргөн цариг тавьсан нь танк их бууны аюул бодиттойг гадаад дотоодод нотлов. Нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбогдох атал зориуд өргөнийг тавьж, сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар саясая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах ховор боломжоо алдах өөр шалтгаан байгаагүй юм чинь даян дэлхий тэгж ойлгохоос яах билээ.
Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр асгаад цааш машинаар зөөх гэнэ.
Өргөн цариг тавьсанд танк их буунаас өөр ямар ч шалтгаан байхгүйг ойлгов уу? УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айв уу эсвэл орос ахаа зуйрав уу? Царигаа дэлхийн стандартаар тавьсан бол Гашуун сухайт, Шивээ хүрэн, Хангийн терминалуудыг барих тэр их зардлыг ядуурсан мань хүртэх байв. Амин чухал наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй хүн ам өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэхээс өөр хариулт би олсонгүй. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. Яагаад нарийн цариг тавиагүй вэ гэвэл танк их буу ороод ирнэ хэмээх Женкогийн онолд УИХ мөргөж адислаад олон тэрбумын нүсэр терминаль шаардлагатай өргөн цариг тавьжээ гэсэн хариу гардаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.