Улаанбаатар хот орчмоор хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг бороо болон нойтон цасны улмаас томоохон голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсчээ. Иймд Нийслэлийн онцгой байдлын комисс болон Улсын онцгой комисс цахимаар хуралдаж, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах нь зүйтэй гэж үзэн, зургадугаар сарын 29-ний өдрийн 00 цаг хүртэл гамшгийн зэрэглэлд ажиллахаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 18,19-ны өдрүүдэд баруун, зүүн талдаа усархаг түр зуурын бороо, 20,21,22-ны өдрүүдэд үргэлжилж бороо орсон бөгөөд энэ хугацаанд НОБГ-т 100 гаруй дуудлага мэдээлэл ирсний дагуу газар дээр нь очиж ажиллажээ. Үргэлжлэн орсон борооны дараа гол горхины хэмжээ эрс нэмэгддэг. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Туул голын түвшин үерийн аюултай түвшнээс 82 см давж үерлэсэн байна. Хэрэв 260 см дээш гарсан тохиолдолд үерийн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг байна. Тэгвэл Туул гол энэ хэмжээнээс даруй 82 см-аар давж үерлээд байна. Туул гол ийнхүү үерлэсэнтэй холбоотой Тэрэлжийн зарим газарт гол хальж урсан, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгө усанд автжээ. Мөн Дунд гол Маршлын гүүрний зүүн талд River Garden орчим усанд автсан байдалтай байна. Түүнээс доош уруудаад Био комбинат орчим үерийн байдал үргэлжилж байна. Эдгээр бүсүүдэд эрсдэлтэй байсан 300 орчим айл өрх, иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Үерийн далан, суваг, шуудуу сэтрэх, гуу жалгаар халих эрсдэлтэй газруудад шуудайтай элс бэлтгэсэн байна. Сэлбэ голын тухайд Туул голыг бодоход үерийн эрсдэл бага байна. Мэргэжлийн байгууллагууд хамтарч лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх, бут мод зөөх цэвэрлэх ажлыг хийж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.