МАГТАХ ЛИДЕР АЛГА ТУЛ...


Хүн болгоны амьдралд УИХ-ын гишүүд нөлөөлдгийг монголчууд 30 жил эдэлж яс махандаа мэдэрлээ. Хасах руугаа унасан эдийн засгаа МАН эрх барьсан найман жилдээ суга өсгөсөн гэж ханхалзаад байдаг. Өсөлт гарсныг үнэн гэе. Гэлээ ч 40 их наядын нүүрсний хулгай, олон “Сан”-гуудын тэрбум тэрбумын луйвар, цахилгаан станцуудын гацаа, 80 их наядын ашиг хаасан мухар төмөр замууд, ногоон автобусны цавчаа зэрэг сүйрүүлэх хэмжээний том том хулгайг нүдээ аниад давруулаагүй бол эдийн засгийн өсөлт гэж ханхалзах бус харамсмаар алдагдал гол харлуулна. Тиймд МАН-ыг сайн ажилласан гэх үү муу ажилласан гэх үү? Төр засаг өөрөө хулгайлсан болохоор өөрийгөө яллаж чадаагүй!

Олон хувилбар миний муу бөндгөрт багтдаггүй. Ухаалаг бодол яралзтал сэтгэдэггүй мулгуу төрсөн тархиа гололтой ч биш. Тиймээс би толгойд төрсөн ганц нэг санаагаа уншигч нартаа хоногштол давтдаг. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй мэт амьдрав. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээр үзэх гэж тэмүүлсэн болтой. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж залбирдаг. Шударга бус нь шударгыгаа ялахад шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. 

Нэр дэвшигчдийн дунд хулгай нь нийтэд ил болсон цуутай шударга бусчууд цохиж явахад хасагдагчдын дотор арай гайгүйчууд орчихож. Шударга бусын үнэмлэхүй парламент дахин сонгогдвол шударга бус нь шударгыгаа ялсаар хулгайчид улам баяжаад ядуус бүр доройтно гэхээс бичихгүй байж тэвчсэнгүй. Хулгайч нараасаа арай цэвэрдүү лидер гол хоёр намд эрхбиш бий нь бий. Тийм лидер дэндүү цөөн учраас би тэднийг хэр чадлаараа өмөөрөхийг хичээдэг. Буруу юу зөв үү хэлээд өгөөч. Өмөөрдөг хэдийгээ жагсаалтаас хасагдсанд гонсойсны дээр хуулиа нулимдаг даварсан хүчирхэг хулгайчид дахин дэвшсэнд би хөгшнөө мартаад сүрхий бухимдаж доройтсон зовлогоо шаналаав. Амьсгал хураах дөхсөн буурайд хэн сонгогдох нь падлийгүй л дээ уг нь. Тэвчсэнгүй зөнөг шаар чинь. 

“Эзлэгдлээ шулагдлаа, ууслаа устлаа” гэж давчидсан эх орончид хот хөдөөгүй яасан ч олширч, яасан ч их үнэд хүрээ вэ. Хийморьтойхон попорвол юманд хүрч байна. Мега төслүүдээ гурав дахь хөрш болон хятадуудтай хоршвол тусгаар тогтнолоо алдана гэдэг олонх УИХ-д буг болов.

-Хөөрхий дөө өчүүхэн муу сөрөг хүчин минь. 

Түүхийн шоглоомоор Зөвлөлт импер Манж чин гүрэн шиг нурахад хоосон коммунизмээр хийрхэгч монголчууд үнсэнд унасан шалз шиг арчаагүйтсэн. Толгойдоо зах зээлийн менежментгүй, өвөртөө сохор зоосгүй монголчууд үлийгээрээ өрсөлдөхөв. Амиа тэжээх гэж зарим нь луйвар хулгай сэдэж, зарим нь шударга журмаа алдалгүй мөрөөрөө зүтгэж хэрээрээ чармайв. Сортоотой нь шударга бизнесээр бэлжиж, аав ээж, ах дүүгээ баярлуулсан. Ардчилал, зах зээлийн эхний ховор зэвэр үед хөл дээрээ өндийсөн цөөвтөр залуусын дунд Сү.Батболд гэх нэр сонсогдож байв.

Коммунизмгүй, зөвлөлтгүй хаягдсан хөгшид, ядуурч доройтсон эх орноо өөд татах найдвар, шударга бизнесээр өндийсөн сүйхээтэй залуустаа тавихаас өөр замгүй мухардав. 17 чингэлэг спирт, “Хадгаламж” банкны 14,2 тэрбумыг алдсан мөрийтэй тоглоом, сонгуулийн үеэр 20 сая доллар хөнгөн тэргээр хойд хилээр оруулсан, коксоо нууц гэрээгээр маш хямд зарсан, “Админерал” ХХК, Бортээгийн уурхайд 30 сая доллар авсан гэх мэт хуучин шинэ хулгай луйварт Сү.Батболдын нэр гараад байдаггүй. Гишүүн сайд болсон хэдийн маань сайн муу чих цохих цөөн монголчуудад дорхноо. Дэгс нь голлодог ч багцаатайг нь би дугаарлан зугаацдаг өвгөн. 

С.Батболд гэх залуу 1990 оноос бусдын адил хууль ёсны хувийн бизнес эрхэлж, Монголын анхны томоохон бизнес эрхлэгчдийн нэг болсныг хүмүүс андахгүй. "Гэрээ засаад төрөө зас" гэх монгол сургаалын дагуу топ бизнесмэн болсон хойноо С.Батболд улс төрд орсон ба түүний үүсгэсэн "Алтай холдинг" групп ард түмэндээ, улсдаа нэмэр сэлбэг болж яваа. Ийм групп компаниудаа улам чөмөг сууж, эх орноо өөд татаасай гэж өвгөн би ерөөдөг. Энэ үүднээс нэр дэвшигчдээс хасагдсан С.Батболдын тухай үг хэлхэхээр урьд дам сонссоноо сэргээхийг оролдлоо. 

Сү.Батболдын компани болон гэр бүлийн гишүүд төрийн тендер, концесс, сан, ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд нэр холбогдоогүйг олж уншлаа. Түүнийг "төрөөс төрсөн тэрбумтан" гэдэг ч нотлох баримт нь “энэ байна” гэх юм нүдэнд өртөж, чих шүргээгүйг хэлье. Бололцоотой болсон нэгэндээ жөтөөрхөх гэж монголчууд алж өгнө. “Би хоосрохдоо яах вэ, найз маань л баяжчихгүй бол” гэх Баабарын афоризм бий. Сү.Батболдыг харлуулах оролдлого Оджаргал, Нямтайшир нарыг дайрдгийн адил дайрч л таарна. Сү.Батболд хий багатай болгоомжтой хашир хүний хувьд элдэв дайралтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан нотолж, шүүхээр нэр төрөө сэргээлгэж явжээ. 

Сү.Батболд ерөнхий сайд байхдаа байр сууринаасаа хазайлгүй ОХУ-ын ерөнхий сайдад таалагдаагүйгээс болж танилцуулсан бичгээ нүүр лүүгээ шидүүлснийг телевизээр Н.Энхбаяр цухуйлгаад юу ч болоогүй мэт өнгөрсөн. БНХАУ-ын ерөнхий сайд хэрэв тэгсэн бол монголчууд яах байсныг бүү мэд. Сү.Батболд Таван толгой ордыг булаах гэсэн дээрэлхүү О.Дерипаскад ам алдаагүйдээ Путины тойрон хүрээлэгчдэд үл итгэгдсэн дуу цөөтэй ч дотуур тамиртай зэвүүн хужаа санаат гэгдсэн байж магадгүй. Энэ бол зохиолчийн таамаг шүү. Юутай ч Сү.Батболд муу “долоогч” явсан болтой. Их яргалал 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө-баривчилгаагаар эхэлсэн түүхтэй. 14 дарга баригдаж 12 нь буудуулж хоёр нь 10 жилээр таслагдсан. Тэднийг “анхны 14” гэдэг. Энэ дайчилгаанаас 83 жилийн дараа 2020 онд мөн 14-ийг баривчилсан бөгөөд тэдний араас УИХ-ын гишүүн, ерөнхий сайд асан Сү.Батболд 15 дахиар ачигдах учир ургаж байлаа. Аугаа хөршдөө үл итгэгдэх аль ч зуунд аюултай аж. 

Таван толгойн коксоо хаяа нийлсэн хэрэглэгч БНХАУ руу төмөр замаар зөөвөл Монгол руу доллар урсахыг Х.Баттулга гадны захиалгаар 10 гаруй жил хааж дөнгөснөөр нүүрсний орос магнатууд хожсон. Энэ хожил Путинд таалагдсан. Харин манай парламентад В.Путин их дургүй. Парламентын 76 кокс зэсийн ордоо ашиглахаа өөрсдөө бие дааж шийднэ гэж Бодоо, Данзан, Амар, Гэндэн нарын мөрөөдлөөр том толгойлов. Азийн мал-монголчууд их цөлийн дундахь ардчиллын баян бүрд хэмээн хийрхэж, хэмжээгээ мэдэхгүй гурав дахь хөршид сэвсэн нь Кремлийн зэвүүг хүргэжээ. 

Эрсдэл үүссэн энэ үед Оюутолгойг Рио Тинтотой хамтарч хөдөлгөсөн С.Баяр, Таван толгойг Хятад Японтой нийлж ашиглах төсөл ноороглосон М.Энхсайхан хоёрыг элчингээр Оросыг давуулаад барууны ардчиллыг манлайлагч Англи Шведэд илгээв. Путины тэвчээр бүлтрээ биз. Англи Шведээс элчин сайдуудаа татаж авчраад шоронд хорихыг Х.Баттулга сэдээгүй ч даалгавар биелүүлсэн сайн “долоогч” гэгдсэн байх. Сталин Чойбалсаныг урхидсан бол Путин Женког дэгээджээ. Орос эхнэртэй тавиул анхдагч бус Ю.Цэдэнбалаар туршигдсан жор.

Кремлийн тавиулаас айсан алба хаагчид цөм улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайна. Одоо ч чармайдаг. Бид орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж явлаа. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр-суут болъщевик, улаантны загалмайлсан эцэг. 


В.Путин зүүн европ азийн аниагүй шарх хөндөв. Тэр-ХХI зууны эзлэн түрэмгийлэгч, хөршүүдийнхээ хөгжлийг гацаагч. Ташуураас өөр зэвсэггүй нүүдэлчин малчид болъщевик улаантанд ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Долигносныхоо хүчинд юутай ч голомтоо самруулаагүй нь овоо шүү. Дааж давшгүй алдагдал хохиролд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан ХХ зууны гамшиг холдсон эсэх нь бүрхэг. Ардчилагчдын зүрхэнд шар ус хуруулахаар С.Зоригийг хөнөөсөн гэх хардлагыг би бүрэн үгүйсгэж чаддаггүй зохиолч. 

Одоо тэгээд яах вэ. ХХI зуунд дахин ичгүүргүй бялдуучлах уу? Үгүй шүү! Эх орныхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад 3,5 саяул эрс шийдэмгий нотолж, муусайн удирдагчаа эрвийх дэрвийхээрээ түшиж халхалъя. Ерөнхийлөгчийнхөө санаачлагуудыг дуугарах дуу, тугтрах хүчээ нийлүүлэн дэмжье. Нефтээ нэрж-өндөр үнэтэй шатахуунаар айлын царай харж холгуулдгаа цэглэе. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа газрын гүнд уусган баяжуулах хал балгүй технологиор олборлон мөнгөжье. Тэрбум модны ногоон шугуй униартан, гол мөрний ай саваар усан сангууд цэлэлзэн хур бороо элбэгшиж, тариа ногоо дэлгэрч, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Элийрсэн зөнөг зохиолчийн дэврүү хүсэл биелнэ-харж бай.

Оюу толгойн гэрээ батлагдсанаас хойш Сү.Батболд ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах-суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд Х.Баттулгын заавраар нэхэмжлэл гаргажээ. Энэ бүх гүтгэлэг дайралтад төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад мөрдүүлэхээр захиалж, гадна дотны хэвлэлд гүжирдэж, эх орныхоо төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглажээ. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монголын засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хууль бус ашиглаж, маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргажээ. Энэ дуулианыг шийдсэн билүү? Үгүй! Хаясан байх. 4 жил өнгөрөв.

Ардчиллын анхдагч хэдийг шоронд хорьж чадсандаа омогшсон Х.Баттулга дараагийн дугаарт Кремль манай ардчилагчдаас хэнийг сэрдэнэ түүнийг намнахад эрсдэлгүй гэж бардамнав. Кремлийн хорхойтой араанд ардчиллын анхдагч хэдээс хэн нэг нь зуугдвал Х.Баттулгад халгүй хоол. Таван толгой ордоо орос олигархиудад өгөлгүй том толгойлсон Сү.Батболд овоо хараанд онилогдлоо. Оросын нөлөөнд эрдэж оодорсон ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индрээс телевизээр “Сү.Батболд төрийн эргэлт хийв” гэж ард түмэндээ албан ёсоор зарлав. Энэ бичлэг хадгалагдаж буй. Ингэж худал сүржигнэх ерөнхийлөгчид байтугай зөнөг зохиолчид ч харш. Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэгдсэнээр төрийн эргэлт хийхийг завдсан Сү.Батболд гэгч дайсныг яагаач үгүй орхисон. Ерөнхийлөгчийн ноцтой мэдэгдэл унтарсан. Сү.Батболд төрийн эргэлт хийх гээд чадсангүй юу, эсвэл Х.Баттулга оргүй гүжирдэв үү гэж ялгах сэрэмжгүй назгайрч налайсаар өдгөөг хүртэл Женко нэр дэвшиж Сү хасагдаж МАН, АН-ын сүлбээ тодров. Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Женко асар их хулгайдаа МАН-ын засаглалд өчүүхэн ч бэмбэгнэхгүй, хэлбэр төдий шалгуулж буй нэр зүүгээд даналзаж явааг сүлбээ гэв.

Хулгайн мөнгөөрөө Америкт харштай болсон гэх супер цуу үржээд зарим антибиотик шиг монголчуудад үйлчлэхээ больж. С.Баяр, С.Батболд нарын америк дахь харшуудын дуулиан шиг-Ц.Элбэгдорж С.Зоригийг алсан гэх Л.Оюун-Эрдэнийн хөзөр хожилгүйгээр замхарвал ёс зүй улам бузартах ч олз нь-МАН сонгогчдын санал уутална. Ийм ашигтай төгсгөлд МАН-ын гол зорилго, бүх суртал чиглэж буй. С.Зоригийгоо хөнөөсөн алуурчныг олох хүсэл тээгч би “эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” гэж ерөнхий сайд, МАН-ын даргадаа зориулж бичсэн. Хариугаа би хүлээсээр.

Улсын нууцаар өнгөлж далдалсан нүүрсний том хулгайгаар нь АН-ынх гээд Х.Баттулгын дээлийг нөмрүүлбэл хам хэргээр ерөнхийлөгч, спикер, ерөнхий сайд гурав ташраараа налах гээд байна уу. ҮАБЗ-ийг хөмрөх хам хулгайн нууц хөзөр Женкогийн атганд уу. Нуман тулгуурт гурвуул даруулсан уу. Л.Оюун-Эрдэнэ Танд ганц алхахгүй илрэх атлаа хийрхүү улстөрөөр сүрдүүлэхээс өөр менежмент алга уу. 

Л.Оюун-Эрдэнэ Та Х.Баттулгын хулгайг шалгуулна гэж ил сүржигнэдэг ч хөшигний ард тэр таны мөрөн дээр сууж чихэнд чинь шивнэдэг итгэгдсэн зөвлөгч, нэг авъяаслаг нийтлэлч эмэгтэйн бичсэнээр хуурай ах чинь базарваань. Путины нууц зөвлөмжөөр орон тооны бус зөвлөхөөр заларсан Женкод үйлдсэн нүглийг нь үүрүүлэхэд Таны хүч мөхөсдөж буйг монголчууд хэдий дүнхүү ч аль эрт гадарласан. Монголын ерөнхий сайд, МАН-ын дарга дэлхийд онгирох гар бишийг мангуу ч гэлээ монголчууд харгалзаж Таныг өрөвддөг. 80 их наядын хохирлоо Женкогоор төлүүлнэ гэж баатарлагаар нийтэд зарласан тань хэрэг дээрээ Женког яаж ч чадахгүйгээ булж, юутай ч Орост үл итгэгдсэн Сү-мэтийг УИХ-аас зайлуулж, харь хүчтэний өмнө нүүрээ тахлахыг Женко зөвлөв үү. Женкод хэн зөвлөсөн нь тодорхой. 

МАН-д үнэмлэхүй олонх болох аз дахин заяагаа ч билүү үгүй ч билүү. Сонгуульд навс ялагдвал Та хүн болгоны өмнө өчүүхэн одойд хувирна. Тиймээс энэ сонгуулиар АН хэдэн суудал зулгаавал Х.Баттулгатай хамтрах санаагаа нандигнасаар явна уу. Женкотой Та тэврэлдвэл Путиныг долооно. Путин Женкод илүү тул танд амаргүй. Амаргүй юм олон гарна.

Монгол Оросын парламент хоорондын хамтарсан онцгой комиссын зааврыг дагахад бас л амаргүй. Төрийн Думын дарга В.Володин юу гэлээ. “Энэ комисс байнгын ажиллагаатай байж хоёр орны ерөнхийлөгчийн хэлэлцэж тохирсон асуудлыг ажил хэрэг болгох бөгөөд цашид ямагт холбоотой ажиллаж, тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай” гээд нэмж “түүхээ сайн санаж яваарай, мартвал та нарт муу юм болно шүү. Хоёр орны хуулийг уялдуулж хийнэ” гэсэн. Яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг хорвоо улирсан ч юм шиг үгүй ч юм шиг. Үнэн учраа эрхэмсэг хөршдөө ойлгуулах гарц нээгдсэн ч ухаан суухгүй бол дахиад хатуу гарт базуулах эрсдэл арилаагүй шиг байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр Сү.Батболдыг Тавантолгойн ордын нүүрсийг хууль бусаар олборлож, тээвэрлэдэг гэх гүтгэлэг цацсан. Ашиглалтын лиценз хууль ёсоор эзэмшсэн Сү.Батболдын аж ахуйн нэгж Таван толгой ордод шунасан гадаад дотоодын бизнес-улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан төр, ард түмэндээ шилжүүлсэн түүх-мартагдах яагаа ч үгүй саяхны үнэн гэж түүний ажлын алба мэдэгдэж байв. С.Батболд ерөнхий сайд байхдаа монгол иргэн бүрт Таван толгойн 1072 ширхэг хувьцааг олгож, тус ордыг ард түмний өмч болгох үндсийг тавьсан бөгөөд энэ шийдвэр гадаад, дотоодын бизнес-улстөрийн бүлэглэлүүдийн тус ордыг авах гэсэн шуналаас хамгаалсан гэж ажлын албаныхан дурдсаныг ишлэе.

Женкогийн сурталд итгэж, танк их буунаас айсандаа нарийн царигийг “хятадын аюул” гэж үзэн ядагч соц нийгмийн бүтээгдэхүүн-хөгшдийн уурыг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар их хүргэсэн. Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг Л.Наранбаатар уйгагүй сануулсан. Олон тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг Х.Баттулга хаачихсан. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангаж утаанаас салах мөнгө. Өөдлөх замыг минь хааж дөнгөсөн комбинаци ердөө танк их буу. Ийм тэнэг пропагандад мэхлэгдсэн харанхуй Монголд Л.Наранбаатар шиг залуус УИХ-д сонгогдвол эрдэс баялаг-нурмаг ачаагаа галт тэрэгний урт урт цуваагаар хамгийн ихээр, эрс хямд өртгөөр хахтал тээвэрлэж, овойсон ашиг олно гэж би бичдэг.

Төлөв даруу, овилогогүй хүмүүсийн ялгаа их. Өгөөж гай хоёр нь ч их. Чуулганд 4 жил суухдаа Сү.Батболдын үг хэлэхийг үзээгүй. Түүний дуу хоолойн өнгө ямрыг ч сонсоогүй гэж Г.Уянга ярилцлага өгч байх юм. Дуугардаггүй лидерийн тухай олны амнаас сонссоноо нуршлаа. Олны үг ортой гэдэг. Амаа урчих гээд дүрэлздэг ч юу ч бүтээдэггүй гишүүн цөөнгүй. Тэдний нэг Г.Уянга. Ордонд согтож тасраад хяналтаа алдсан эмэгтэй гишүүний мэдрэлгүй донгосохыг хамт архидаж суухдаа гар утсаараа бичиж аваад нийтэд цацсаныг санаж байна уу. Эмэгтэйчүүдийн хувьд тун соёлгүй үйлдэл. Эрчүүд бол ч дүүрч. Энэ бол жудаг-ёс зүй. Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй гэдэг. Жудаггүй муу хүмүүсийн залрах лаврин УИХ биш байлтай.

Хортой үгийг сумтай адилтгадаг. Дийлж л байвал хорон үгээр хайр найргүй шүршдэг онгодоор Ц.Нямдорж, Ж.Батзандан, Г.Уянга нар бахдам авъяаслаг агаад хоорондоо маш төстэй. Мэс мэт үг нөхрийнхөө зүрх рүү шаадаг хурц гишүүд ховор л доо. Тийм гишүүд УИХ-д гагцхүү дүйнэ гэдэг хүн цөөнгүй гээч. Тэдэнтэй би цэц булаацалдахаас зай барьдаг. Хорт хэл гозолзуулагчид гөрдлөгөөр довтлоод үнэнийг олохоос зугтдаг тул би тэднээс айдаг. Хууль хэлэлцэхэд Ц.Мөнх-Оргилын мэдлэг туршлага ид яваа гишүүн санагддаг. Төр түших сэнтийд ямар этгээд сонгогдох иргэн надад хамаатай юу, хамаагүй юү зөнөг өвгөнд хэлээд өгөөч. Сү.Батболд, Л.Наранбаатар, Ц.Мөнх-Оргил гурав З.Энхболд, Г.Уянга хоёр шиг жагсаалтаас хасагдсан тухайгаа тайлбарлах гэж мэдээлэлд хандаагүй. З.Энхболд, Г.Уянга хоёр өөрсдийгөө залууст гишүүн болох боломж олгож, суудлаа тавин өгч буй буянаа үлгэр жишээчээр үзүүлж байна гэсэн ч үнэмшил төрүүлээгүй. З.Энхболд шүүхийн тогтоолоор 40 саяар торгуулж, нийтийн албанд ажиллах эрхээ 4 жилээр хасуулсан нь сонгогдох эрхгүй гэсэн үг бус уу. С.Баярцогтыг ичээх гэж пээдийсэн дүр чинь сүртэй бус өрөвдөлтэй харагдсан шүү. 

Ийм нийтлэл яагаад бичив гэвэл ард түмний төлөөллөөс бүрдсэн УИХ маш эрхэм тэнгэрлэг оргил байх ёстой хэмээн залбирцгаая гэж өвгөн хүний хувьд уриалах гэсэн юм. Дээжээ өргөдөг хийморь сүлд-бурханлаг оргилоо ариун дагшин байлгахын төлөө иргэн бүр маш соргог хатуу байх ёстойг учирлав. Хэлсэн үгэндээ заавал хүрч бай. Амласандаа хүрсэн эсэхийг ард түмэн эцэст нь заавал тооцдог болж занш. Ард олныхоо нэхлийн өмнө сөгдөн байж амлалтынхаа биелэлтийг тайлагнаж сур. Тэгсэн цагт “би” болоод “чи” хэн болох нь эргэлзэмгүй, андуурамгүй ялгарч, маргах аргагүй тодорно гэж итгэ. Тэр цагт төгсгөл нь тодролгүй замхардаг гай дагуулдаг хэрүүл зарга чинь ашиггүй бөгөөд утгагүй болж унтарна. 

За больё ядарчлаа. Аа тийм, хэлэх ёстой нэг санаа үлдчихэж. Түүнийгээ дурдаад бичвэрээ дуусгая. Сү.Батболд, Л.Наранбаатар хоёр сэжигтэн, яллагдагчаар татагдаад гишүүний халдашгүй байдал гэх цайзад шургаж бүгэхээр шоронгоос бултаж яваа тэвдсэн оргодлууд биш. Тэд айдасгүй цэвэр агаад хөрөнгөлөг бизнесменүүд тул жагсаалтаас хасагдаж завтай болсондоо нэг үгээр олзуурхах үндэстэй. Өвгөн би үр удам, хойч үеийнхээ төлөө УИХ-д шилмэл хайлангууд сонгогдоосой гэж залбирдаг учраа тэрлэв. Зөвшөөрөл авалгүй нэр дурдаж хүний эрхэнд халдлаа гэж заргалдвал үзэл бодлоо чөлөөтэй бичих боломж олгосон ардчилсан үндсэн хуультай хөгшин дух хамт унана шүү.

Хэзээ ч ялагдаж үзээгүй ерөнхийлөгч Х.Баттулга, хэлмэгдсэн ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёроо дэвшүүлэхгүй яах вэ гээд Лу.Гантөмөр залбирах янзтай. Ялагдаж үзээгүй ерөнхийлөгч гэвэл В.Путин. Хэлмэгдсэн е/с П.Гэндэн, А.Амар дээр Н.Алтанхуяг нэмэгдлээ. Ийм даргатай АН эв гавандаа орох уу. Женкогийн өмнөөс үхье гээд тэсгим жаварт хүйтэн цемент дээр хөсрий царайлж хэвтсэн хэдийн ороо нь орчихсон саагалж буй нь АН Женко болсны илрэл. Женкод цаашилбал Путинд санал өгснөөс МАН-аа дагаад хуучин замаараа сурсан онолоо мандуулаад шинэ хоршоо ШХАБ мэтдээ элсэхээс. Сү.Батболд нарын хөрөнгийг хуу хурааж Л.Оюун-Эрдэнэ халамж тараах зорилготой ч засагт хамтарсан Женко мега төслүүдээ орос олигархиудтай хавсайдаж гацаагаад улсаа хоосолчвол юу ч олдохгүй. Ирэх дөрвөн жилд бас л сэхэхгүй нь дээ хүүхэд минь. “Засагт хамтрах тооны гишүүд АН-аас бүү сонгогд” гэж зул өргөе гэвэл эмгэн, 

-Бурханд сонгуулийн хууль зөрчиж нөлөөлөхийг оролдсон зүйл ангиар цагдаа прокурор шүүхийг хахуульдаад чамайг шоронд хийчих нь гэж хорив.

Хоёул ханиндаа зөнөх хүүхэд шиг сайхан ч юм шиг.

2024-05-27

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=