УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууссантай холбогдуулан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын парламентыг бүрдүүлэх сонгуульд маш идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэн ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэх тухай улс төрийн намууд зөвшилцөж, энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан. Парламент ард түмнээс хол харагддаг, парламентад хоёр намаас өөр нам орж ирж чаддаггүй, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтнуудын болон багш, эмч нарын төлөөлөл орж ирж чадахгүй байсаар 34 жил болсон. Өнөөдөр бид анх удаа 126 гишүүнтэй шинэ парламентыг бүрдүүлж, нийгмийн дуу хоолойны төлөөлөл бүхий ард түмний парламент бий болж байна. 76 дарга төвтэй байсан тогтолцоо, зөвхөн нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчимд тулгуурладаг байсан бол одоо нутаг дэвсгэрийн болон төлөөллийн болж байна. Одоогийн байдлаар 5-6 намын төлөөлөлтэй парламенттай болж байна. Энэ бол ардчилалд шинэ хуудсыг нээж байгаа хэрэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд оролцсон энэ удаагийн парламентын бүх гишүүдэд талархал илэрхийлэх нь зүйтэй. МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор мэдээлэл ирж, МАН ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт. Тогтолцооны реформ, үзэл санааны шинэчлэл болж байгаагаараа парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ. Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой.
Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Намууд үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. 1990 онд Монголын ард түмэн сонгуульд идэвхтэй ардчилалдаа сэтгэл хангалуунаар бүгдээрээ өндрөөр ирц бүрдүүлж, төлөөллийнхөө төв байгууллагыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Хамтдаа энэ түүх эхэлж, ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойны ялалт болж байна.
Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн нам эвсэл, бие даагчдадаа баярлалаа. Мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид үзэл бодлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахын төлөө хичээх болно. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон хоёр дахь давлагаа эхэлж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.