Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны яамнаас
хуурамч дипломоор боловсролын салбарт ажиллаж буй цөөнгүй хүмүүс байгааг илрүүлж,
зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Гэвч хуурамч дипломоор төрд
ажиллаж буй хүмүүс байсаар байгаагийн нэг жишээ бол Нийслэлийн замын хөгжлийн
газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг юм.
Тэрээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200828037
дугаар бүхий
дипломыг ажилд орох үедээ бичиг баримтдаа хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом
нь хуурамч бөгөөд D200828037 дугаар бүхий диплом нь гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөхийн
дипломын эх хувь болон ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга
М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж
байгаа билээ. Ийнхүү илтэд хуурамч баримт бичиг үйлдэж,
төрийн албаны захиргааны албан тушаалд ажилласаар байхад Замын хөгжлийн газрын
дарга Б.Одбаяр нь түүнийг хаацайлж, ажиллуулсаар байгаагийн цаана хэний эрх
ашгийг хамгаалсаар байна вэ?
Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн
жинхэнэ албан хаагчид тавих шаардлагыг тодорхой заасан байдаг. Төрийн
захиргааны албан тушаалд ажиллаж буй хүн дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй
байна гэж хуульчилжээ. Хуурамч дипломоор төрд ажиллаж, тэр тусмаа захиргааны
албан тушаалд ажиллаж байвал энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг Төрийн албаны
зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл
сануулж байна. Хуурамч дипломоор ажилд орох нь төрийн албаны наад захын
шаардлагаа хангахгүй бөгөөд төрийн албаны захиргааны албан тушаал бүү хэл
төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн үг. Хэрвээ томилогдоод ажиллаж байгаа
тохиолдолд дараахь хариуцлагыг хүлээх аж. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын алба нь гомдол мэдээллийн
дагуу хянаж шалгаад, холбогдох байгууллагууд буюу боловсролын байгууллагуудаас
нь диплом болон бусад баримт бичгийн үндсэн дээр хуурамч болохыг тогтоовол
төрийн албанаас чөлөөлөхийг тухайн байгууллагын томилох эрх бүхий албан
тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгдөг. Энэ үүрэг даалгаврыг тухайн
байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан биелүүлэх шаардлагатай
бөгөөд өгсөн үүрэг даалгаврыг
биелүүлэхгүй бол Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалтныг томилсон
шийдвэрийг цуцлах эрхтэй аж. Мөн нөгөө талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээх зүйл
заалттай. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар хуурамч дипломтой нь
тогтоогдсон бол мөн төрд ажилласан хугацааны цалинг нь буцаан төлүүлэх Улсын
дээд шүүхийн шийдвэр гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.