ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДОРНОД АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА


Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж байгааг онцлоод бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчин бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Мөн гарааны бизнес эрхлэх нөхцөлийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломж бүрдүүлэх юм байна.  

Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлж, хөдөө аж ахуйг бизнесийн ашигтай салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд зүүн бүс нутагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй У.Отгонбаяр, М.Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нарыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг уриаллаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна. Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, инженерүүдээ парламентад урих бодлого баримталсан. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа. Намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд та бидний хамтын оролцоо туйлын чухал. Авлигын эсрэг тэмцэлд нэгдэж, Ардын намыг багаар нь дэмжээрэй” гэлээ.

Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд татварын таатай орчин бүрдүүлэхийг захилаа. Мөн бүс нутгаараа хөгжиж, өөрсдийн зах зээлээ бий болгосноор нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа.   

Дорнод аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 418.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөл, нийт 1,257 айлын орон сууцны 34 барилга шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Чойбалсан хотод баригдах 1,800 айлын орон сууц, нийгэм соёлын барилга бүхий хотхоны цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам барих ажил явагдаж байна. Баянхошуу боомтын Гаалийн лабораторийн барилга, Буйр нуурын эрэг дагуу цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, Ялалт музейг төвлөрсөн шугам сүлжээнд холбоод байгаа юм. Мөн Хэрлэн-Хавиргын боомт чиглэлийн 124.5 км, Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн 50 км, Хэнтийн Норовлин-Дорнодын Баян-Уул чиглэлийн авто замын төсөл хэрэгжүүлж байна. 


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.