Өргөдлийн
байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус
Байнгын хороонд Төрийн нарийн
бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтан албан хаагчдыг ажлаас
нь үндэслэлгүйгээр халсан тухай хэд хэдэн өргөдөл ирүүлсэн юм байна. Уг нь орлон
гүйцэтгэгчид халаа сэлгээ хийх болон санхүүгийн эрх байхгүй. Энэ асуудалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл
мэнд, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс,
хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал
жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
нартай уулзаж, хууль тогтоомжийн
хүрээнд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх зарчмыг
баримтлан ажиллахыг чиглэл болгосон аж.
О.Баасанхүү
гишүүн “Төрийн нарийн бичгийн дарга, түүний
үүргийг түр орлон гүйцэтгэгч нь төрийн албан хаагчийг хууль зөрчин ажлаас нь
үндэслэлгүйүгээр халсан гэж шүүхээс тогтоовол учирсан хохирлыг улсын төсвөөс
нөхөн төлдөг. Энэ мэт
төлөвлөөгүй зардал төсвөөс гарах болно. Төрийн албаны болон Иргэний хуулийн дагуу учирсан хохирлыг төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас
чөлөөлөх тушаал гаргасан эрх бүхий албан тушаалтнаас шаардан гаргуулах ажлыг
зохион байгуулж, үр дүнг эргэн мэдээлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн
газарт өгч байгаа” гэлээ.
Үүнээс гадна хилийн боомтын хяналт шалгалтын асуудал зарим талаар
доголдож байгааг тэрбээр
мэдээлэв. Тухайлбал, урьд өмнө хилийн цэргийн
ажил үүрэгт хамаарч байсан хилийн боомтын
хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт
хариуцуулснаар тухайн байгууллагын хүн хүч хүрэхгүй, хилээр гарч буй
машинд үзлэг шалгалт хийх ажил орхигдож байгаа аж. Үүний улмаас машин дотор нуугдаж хил гарах гэж байгаад нас
барсан хэрэг гарсан гэнэ. Тиймээс
Өргөдлийн байнгын хороо Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг судалж үзээд, өөрчлөлт оруулах асуудал өргөн барих
нь.