БАРУУН ЗАМЫН БАЙЛДААНЫ УДИРДАГЧ Ц.ДАМБАДОРЖИЙН ГЭНЭТИЙН ҮХЭЛ



Монголын 1921 оны хувьсгалын ялалтын төлөө идэвхтэй тэмцэгч, баруун замын байлдааныг зохион байгуулагчдын нэг Ц.Дамбадорж бол МАХН-ын Төв хорооны анхны гишүүдийн нэг. Тэрбээр 1924-1928 онд Намын Төв Хорооны даргаар ажиллаж явахдаа нийгмийн амьдралын бүх салбарт хөрөнгөтний ардчилсан шинжтэй өөрчлөлтийг гүнзгийрүүлж, Монгол орноо капитализмын замаар хөгжүүлэхийн төлөө бүхий л үйл ажиллагааг чиглүүлж явсан хүн. Улс орны эрх ашигт яв цав нийцсэн ийм өөрчлөлтийг удирдан зохион байгуулсны учир түүнийг “баруунтан” хэмээн буруутгажээ. Удалгүй МАХН-ын VII их хурал дуусмагц 1928 оны эцсээр Москвад цөллөгт явуулсан юм. Ц.Дамбадорж 1928-1934 оны дунд үе хүртэл зургаан жил хагас Москвад цөллөгт байсан оросын хатуу шоронд хамгийн удаан хоригдсон монгол эх оронч. Эх нутгийнхаа шоронд очихыг тэрбээр удаа дараа хүсч коминтернд өргөдөл бичиж байсан ч түүний хүсэлтийг зөвшөөрсөнгүй. Гэтэл Монг­олын Элчин сайд Самбуу гарын үсэг зурж Ц.Дамбадоржид гадаад паспорт олго­сон байдаг. Яагаад түүнд гадаад паспорт олгох болов гэдэг тун сонирхолтой сонсогдож байлаа. Х.Чойбалсан, Г.Дэмид нар Ц.Дамбадоржийн гашуудалд зориулж “Ардын үндэсний эрх” сонинд нийтлүүлсэн “Хуучин ажилчин бөгөөд партизан нөхрөө алдсанд гашуудна” гэсэн өгүүлэлдээ “Дамбадорж 1932 онд сургуулиа төгсөөд Монголд ирэх болсон боловч энэ үед тус улсад зүүний нугалаа хүчтэй явж, намын дотор үлэмж зөрөлдөөн бий болсны дээр баруун хэдэн аймгаар хувьсгалын эсэргүү бослого гарсан. Тэр үед Ц.Дамбадорж “Миний бие энэ хэр Монголд очоод тус болж чадахгүй болуужин хэмээх учир 1935 он хүргэж Монголд буцъя” гэж тэмдэглэжээ. Энэ бүхэн бол Ц.Дамдадорж учир битүүлгээр нас барсан баримт юм. Түүний гэргий Д.Батсүх агсны дуртгал, нийтлэгдсэн зарим баримт бичиг, гол нь Ц.Дамбадорж эмнэлэгт хэвтсэн тухай мэдээ, нас нөгчсөн тухай гэрчилгээ, цогцсыг нь чандарласан тухай акт хүртэл байдаг. Москва дахь Монгол Улсын элчин төлөөлөгчийн газрын албан бичиг зэрэг Гадаад харилцааны төв архивт наад зах нь 80 жил хадгалагдаж ирсэн нэлээд хэдэн баримт бичигт Дамбадорж ямар авъяаслаг удирдагч хэрхэн тэнгэрт хальсныг өгүүлэх боломж олгож байв. Тэрбээр 1934 оны зургадугаар сарын 24-нд Москвагийн клиникийн эмнэлэгт хэвтжээ. Бие шарласан, ялихгүй халуурдаг, бие сулавтар зовиуртай байв. Тус эмнэлгээс Ц.Дамбадоржийн ажлын газарт илгээсэн албан бичигт түүнээс өөрийн эмчид ярьсан зүйлийг эш татан өгүүлье. Тэрбээр ярихдаа,
-Зургадугаар сарын 18-нд үдийн хоолны дараа хэвлийн тус газар битүү өвдөлт үүссэн. Бие ихэд сульдсан, өтгөнөө гаргасны дараа энэ бүхэн намдсан” гэжээ. Дараах өдөр буюу 19-нд бие нь сайжирч, бүр ажилдаа явсан аж. Гэвч 23-ны өглөөнөөс эхлэн бие нь дахин муудаж 38,4 хэм хүртэл халуурсан байна. Бүх бие нь шарлаж, хоол идсэний дараа огиулж бөөлжих болов. Ингээд 24-ний өдөр эмнэлэгт хэвтсэн” гэжээ. Дараагийн 25-ны өдөр эмч нараас хийсэн үзлэг шинжилгээгээр “амьсгалын эрхтэн өөрчлөлтгүй, судас нь минутад 75 удаа цохилдог. Хэм жигд судсууд нь нэлээд нарийсч хатуурсан, тогшилтоор зүрхний хил хязгаар хэвийн, 4-8 дугаар цэгт чагнахад бүдгэвтэр чимээтэй, элдэв шуугиангүй байв. Гэвч тэр өдрөө өвчтөний биеийн байдал огцом муудсан байна. Шөнийн 04 цагт өмхий үнэртэй цусаар бөөлжиж эхэлсэн, улмаар ухаан санаа нь балайрч гөлийсөн байдалд оржээ. Энэ бүхэн өглөө болоход зогссон боловч өвчтөн удаан хугацаагаар ухаан алдаж, элэг нь огцом агшжээ. Зургадугаар сарын 28-нд өвчтөний биеийн байдал ер сайжирсангүй, зүрхний дутагдлаас болж шөнийн 12 цагт нас баржээ. Түүний гэргий Д.Батсүх,
..Москвад очоод Жадамбатай уулзлаа. Жадамба “шарлалаа” гэж хэлсэн. Намайг урьд өдөр очиход хажуугийнхаа өвчтөнтэй зүв зүгээр тамхи гаргаж татаад ярьж суусан. Дамбадоржийг эргэж очиход зүгээр байсан атал тэрбээр нэг тариа хийсэн чинь хамар амнаас нь цус гараад биеийн байдал биш болсон” гэж надад хэллээ гэв. Талийгаач Москвагийн клиникийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тухай бичгийг тус эмнэлгээс 1934 оны долдугаар сарын 4-нд “Гадаад ажилчдын хэвлэлийн нөхөрлөлийн газар-т илгээсэн байдаг. Энэхүү хэвлэлийн газраас 1934 оны наймдугаар сард ЗХУ дахь БНМАУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Дарьзавын нэр дээр илгээсэн нэгэн бичигт,
-Хэлэлцэж тохир­сон ёсоор нөхөр Дамбадоржийн өвчлөлт, нас баралтын тухай актыг та бүхэнд илгээв. Бид үүгээр хөөцөлдөж задлангийн актын хуулбарыг олж авч та бүхэнд илгээе гэжээ. Тэрхүү бичигт бас “Нөхөр Менисийн даалгаснаар” гээд Арцатбанова гэсэн гарын үсгийг уг бичигт зурсан байна. Гэргий нь бас нэгэн дурсамжиндаа “Дамбадоржийг нас барахад Менис гэдэг дарга нь үг хэлсэн. Тэр нөхөр Дамбадорж ийм хүн байлаа. Баруунтны толгойлогч бөгөөд алдаа гаргаад манайд ирж ажиллаж байсан гэх мэт юм ярьсан гэнэ лээ” гэжээ. Түүнийг нас барсан тухай цахилгаан утсыг гэргий Д.Батсүх Улаанбаатарт байхдаа хүлээн авав. “Эхлээд Намсрай ирсэн юм. Нөхөр чинь л биш болж дээ, нас барчихаж” гэж байна. Энэ Намсрай гэдэг нь Гадаад яаманд ажилладаг бүдүүн цоох­ор хүн байсан. Түүний дараа Чойбалсан хүрч ирлээ. Тэр “Батсүх ээ, явдаг ч юм уу, яадаг ч юм, нөгөө хүү маань биш болж дээ” гэсэн. Дараа нь жаал Гомбожав ирлээ. Гурван утас авчирчээ. “Би ямар ч байсан явна. Миний виз ч бэлэн болсон. Нүдээрээ очиж үзнэ гэж би тэдэнд хэллээ” гэжээ.
Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын 1934 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан 72 тоот тушаалд “Нөхөр Дамбадорж агсны хүүрийг шатааж, Монголд хүргүүлэн ирүүлж оршуулах явдлыг Гадаад яамнаас Москва дахь Монголын Элчин сайдын яамнаа мэдэгдэж даруй гүйцэтгэсүгэй” гэж бич­жээ. Талийгаачийн цогцсыг Москвагийн хүүр шатаах газарт шатааж 48476 дугаартай чандар болгосон тухай, БНМАУ-д явуулах тухай актыг 1934 оны аравдугаар сарын 17-нд гаргасан аж. Үүнд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатыг төлөөлж О.Бруевич, Москва хотын Ажилчин-Тариачны Цагдан сэргийлэхийн удирдах газрыг төлөөлж С.Н.Буров, Москвагийн хүүр шатаах газрыг төлөөлж Н.Б.Богачев зэрэг хүмүүс гарын үсэг зурж, тамга дарсан байна. Д.Батсүх Монгол Улсаас СССР улсад суугаа элчин сайд Дарьзавт ханджээ. БНМАУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Дарьзавын гарын үсэг зурсан 1935 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 254 тоот албан бичигт сонирхолтой мэдээллүүд агуулагдаж байна. “Гадаад явдлын яамнаас 1934 онд ирүүлсэн 99 тоот цахилгаан утсанд заасан ёсоор Дамбадорж агсны паспорт, хүүр шатаах газраас ирүүлсэн чандар, нас барсан тухай акт зэргийг Улаанбаатар хүргүүлсэн” гэж түүнд дурджээ. Бүрэн эрхт төлөөлөгч Дарьзавын гарын үсэг зурсан 254 тоот албан бичиг, талийгаачийн чандруу бүхий нэг хайрцаг зэргийг хүлээн авсан гэдгийг БНМАУ-ын хотын захиргаанд 1936 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр явуулжээ. Үүнээс гадна Бүрэн эрхт төлөөлөгч Дарьзавын дээрх бичигт “Үлдсэн эд хогшлыг түүний эхнэр хүүхэд түүгээр өөрсдөө авсан” гэж мэдээлжээ. З.Батсүх дурдатгалдаа эд хогшил авсан тухай дурдаагүй бөгөөд “Нас барахаар нь чандар болгосон юм болов уу даа. Дамбадоржийн гэх юм юу ч байхгүй байсан. Паспорт, сургууль төгссөн диплом нь ч гэртээ алга байв. Тогооч хүүхнээсээ асуулаа. Би юу ч мэдэхгүй гэнэ. Би Жадамбаагаас паспорт нь хаана байна гэж асуухад “Мэдэхгүй юм, ямар ч баримт надад өгөөгүй шүү” гэлээ. Би Дотоод яамныхан авсан болов уу гэж боддог. Шарил нь хаана байна гэсэн чинь Элчин сайдын яаман дээр байгаа гэсэн. Батсүх миний бие Элчин сайдын төлөөлөгчийн газрын ажилтан Б.Чухалыг Улаанбаатарт ирэхэд нь очиж уулзав. “Шарилыг авчирсан энд байгаа байх, өөр юм мэдэхгүй” гэж хэллээ. Б.Чухал шарил авчраад хотын захиргаанд Чимиддаваад хүлээлгэн өгсөн гэнэ. Маргааш нь хотын захиргаан дээр очсон чинь урдаас “Байхгүй, мэдэхгүй” гэлээ. Ийнхүү Ц.Дамбадорж 1928 оны эцэст 29 настайдаа ЗХУ-д цөлөгдсөн бол түүнээс хойш найман жил өнгөрсний дараа түүний чандрыг эх нутгийнх нь газар шороонд шингээх боломжтой болсон хэрэг. Түүнийг “Учир битүүлгээр нас барсан” хэмээх манай түүхчдийн үг цаанаа бас их учиртай аж. Хүний бүх бие нь шарлах, гэнэт хүчтэй огиулж бөөлжих, ам хамраас нь цус гарах гэдэг бол хурц хордлого авсны маш тодорхой шинж. Гадны хүчин зүйлээс болж хүчтэй хордсон бол эмчилгээ хийгээд ч тус болдоггүй, элэг нь богино хугацаанд агшиж, түүнээс болж зүрх нь зогсдог болохыг эмч нар нотолдог.
Профессор Ч.Дашдаваа
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=