ХҮРЭЭГ ГАМИНГААС ЧӨЛӨӨЛСӨН ЧИН ВАН Г.ЛУВСАНЦЭВЭЭНИЙГ КОМЕНТИРНИЙ СУРГАГЧ ШУУД ЦААЗЛАН ХОРООЖЭЭ



Чин ван өргөмжлөлт Гомбожавын Лувсанцэвээн нь 1869 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн нутагт төржээ. Г.Лувсанцэвээн нь Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайдын албыг 1920 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг хүртэл ердөө л 4 сар гаруй хугацаанд хашсан. Түүнийг Бодоогийн хэрэг гэгчид холбогдуулан Бүх цэргийн Зөвлөлийн харьяан дахь Дотоодыг хамгаалах газраас дайчлан баривчилж, Засгийн газрын 1922 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолын дагуу цаазаар хороожээ. Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар тогтоолоор Чин ван, Гомбожавын Лувсанцэвээний нэр төрийг нэхэн Цагаатган сэргээсэн байдаг. Үүнээс өөр ямар нэгэн баримт, сэлт түүхэнд үлдсэнгүй, коминтерн цугийг нь устгасан бололтой. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг нь Г.Лувсанцэвээн гэдэг. Учир тэрбээр Монголын автономит­ийг устгасан, гамин цэргийг Хүрээнээс хөөж гаргасан бөгөөд Монгол улс тусгаар тогтнолоо эргүүлж авах тэр алтан үүд, босгыг олоход нөлөө үзүүлсэн билээ. Г.Лувсанцэвээн Барон Унгер­нийг Хүрээг чөлөөлөхөд агт морь, цэрэг зэвсгээр тусласан, өөрөө ч гэсэн энэхүү тулаанд оролцсон аж. Тэрбээр Хиад ястай, Боржигон овогтой Чингис хааны шууд угсааны төрлийн тайж хожим чин вангийн хэргэм хүртсэн учир Коминтерн-д цаазлуулах үндсэн шалтгаан болсон ч байж мэднэ. Түүний төрөл төрөгсөд нь халхын хамгийн нөлөө бүхий ноёд, язгууртан Дархан ван Пунцагцэрэн, Эрдэнэ жонон, Ширнэндамдин ван, их зохиолч Нацагдоржийн эцэг Дашдорж зэрэг олон хүнийг нэрлэж болох юм. Лувсанцэвээн бол 1915 онд алдагдаж эхэлсэн Монголын тусгаар тогтнолыг Хятадын гамин цэрэг бүрмөсөн устгаж байсан үед буюу 1920 онд Оросын цагаантны хэсэг болох Барон Унгернийг Онон голын хөвөөнөө тосон авч унаа хөсөг залгуулан хүрээнд ойртуулан иржээ. Түүний энэ үйлдэл санамсаргүй хэрэг биш байв. Монгол улсын хаан Богд Жибзундамба хутагт хятадын гамин цэргийн мэдэлд орж, гэрийн хорионд орчихсон, ихэнх ноёд язгууртан, төрийн өндөр албан тушаалтнууд таалал болсон, өмнөдөд хятадын хар цэрэг, умардад оросын улаан цэрэг байх ахуйд цагаан цэргийн энэ хүчийг ашиглан бие даан тусгаарлахыг хүссэн аж. Түүний гол зөвлөхүүд бол Дархан чин вангийн тулхтай ноёд, дипломатч, төрийн зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Ширнэн­дамдин гол үүрэгтэй байсныг тэмдэглэх хэрэгтэй. Г.Лувсанцэвээн 1919 оны өвөл Онон мөрний эхэнд орж ирээд байсан Барон Унгерний цэрэгтэй өөрийн биеэр очиж уулзан адуу мал, хоол хүнсээр хангаж улмаар дагуулан өөрийн харъяалагдах Дархан Чин вангийн хошууны нутаг Туул голын сав, Тэрэлжийн ойролцоо авч ирсэн байна. Тэд энд байх хугацаандаа Хүрээг хэрхэн дайрах, гамин цэргийг хөөн зайлуулах төлөвлөгөө боловсруулж, унаа хөсөг, хоол хүнсээ нэлээд сайн базааж авав. Монгол ноёны хувьд тэрбээр Барон Унгерний итгэлийг сайн олжээ. Ийнхүү түүнийг Хүрээнд оруулж Хятад цэргийг хөөн гаргах гол ажлыг нугалсан хүн бол Г.Лувсанцэвээн байсан юм. Тэрбээр Сэцэн хан аймгийн нутагт анх Баронтай нүүр учран Монголын хүчийг хавсран хятад лугаа байлдан газар орноо тохинуулахаар зөвлөлдөн гагцхүү Хүрээний газраа буй Богд хаанд өргөх орос, монгол хэл дээрх захиаг Зүүн хүрээний цорж лам Дэндэвдоржоор дамжуулан Богд хаанд хүргүүлсэн байдаг. Уг захидалд “...Монголыг харгис хятадын дарлалаас ангижруулан хамгаалж, тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажаамуу” хэмээснийг Богд хаанаас даруй зөвшөөрч “Үтэр түргэнээр иртүгэй” гэж мөнхүү цорж ламаар захиаг ирүүлжээ. Тэр зөвшөөрлийг өгсний дараа Лувсанцэвээн ойр хавийн идэр залуу эрс ба Заан Тэрэлжийн нуруугаар явдаг анчин, гөрөөчин зэрэг 40-50 хүнийг цэрэгт нэмэн элсүүлж, өөр бусдаас уналга хүнсийг сэлбэх зэргээр нэлээд тусламж үзүүлэн одоогийн Налайхын цаад талд Уу-булан гэдэг газарт ирж бэлтгэж эхлэв. Удалгүй Барон Унгерний цэрэг Хүрээнд довтолжээ. Хятадын гамин цэргүүд ихээхэн бэлтгэлтэй байсан бөгөөд чадварлаг эсэргүүцэж байснаас гадна Оросын цэрэг уулаас дулааны улиралд гарсан тул тэдэнд хүйтэн цагийн хувцас хунар үгүй, өлсөж даарах нь их байсан зэргээс хамаарч түр ухарч, Туул голын хойд хөвөө, Горхины нурууг давж, Тэрэлж гол хүрсэн байна. Гэвч энэ үед Хүрээнд сууж байсан Чен И ихээхэн сандарч урд зүгээс дахин 1000 цэрэг ирүүлэхээр цахилгаан мэдээгээр мэдээлж, ноёдын санаа урвахаас айж зарим нөлөө бүхий хүмүүсийг албан тушаалд тохоон тавихыг хичээж биелүүлжээ. Гэвч тэд үүнд хууртаагүй юм. Яг энэ үед Г.Лувсанцэвээнээс дахин Монголчуудаас хүчийг зузаатган бэлтгэлийг ханган хэрхэвч холчлон явуулахгүй үтэр зуур цэрэг хэрэглэлийг монголоосоо нэмээд хятад лугаа дахин байлдахаар орж эрэгчин эмэгчнийг үзмүй гээд идэвхтэйгээр цэрэг цуглуулсан байна. Энэ үеэс Лувсанцэвээн Барон Унгерний Монгол талын дэд жанжин болсон юм. Түүнээс гадна тэд зүүн зүгт байсан цагаантны зарим хүчийг нэмэн дуудах ажлыг хийж байсан юм. Лувсанцэвээний багш, Хүрээний зүүн этгээд Туул гол, Дэндэв хурандаан зэргэмж газар нутагладаг Эрэнчинсамбуу, жич танил талын нөхөр Магсар шүхэрч нар ихээхэн чармайн зүтгэсэн байдаг. Тэрээр өөрийн багш Эрэнчинсамбууг цэргийн лам болгон өргөмжилсөн билээ. Энэхүү бэлтгэл нэлээд хангагдсаны дараа Хүүхэн хутагтаар олон зүйлийн ном гүрэм уншуулж, жанхар, цам зэрэг ёслолыг гүйцэтгээд хятад лугаа байлдах цэргийг Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ, эсэргэн жил гарваас ялагдана хэмээн зааж өгчээ. Энэ үед орос, монгол цэрэг нийт 2000 хүрсэн байв. Юуны өмнө тэд Богд хааныг хүрээнээс гаргаж авсан бөгөөд Манзуширын хийдэд хамгаалан байх үед Лувсанцэвээн тусгай цэрэг гарган хамгаалж байжээ. Энэ удаагийн хүрээг довтлох үйл ажиллагаа маш амжилттай болж, чөлөөлсний дараа Монгол ноёд Маймаа хотод буй Барон Унгерний амрыг айлтгасны дараа Манзушир хийдэд суугаа Лувсанцэвээний амрыг айлтгаж, цаашид Богдыг хэзээ дахин залах, засгийн эрхийг хэрхэн явуулах зэргийг лавлан асуухад Хүрээ хотын ойр тойрон алагдсан хятад цэргийн хүүрийг зайлуулан хятадын хог буртгийг арилгах зэргээр ариутгасны хойно Богдыг залуулна. Засгийг дахин байгуулах тул элдэв хэргийг хэлэлцэхээр төлөөлөгчдийг дахин Хүрээнд хуралдуулах болно хэмээн илтгэжээ. Ингээд тэрээр бусад нөлөө бүхий ноёд, лам нарыг хүрээнд дуудаж хуралдаж хэрхэн улсын хэргийг үргэлжлүүлэн явуулахыг ярилцжээ. Ингээд Монголын 11 дүгээр он цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн 3-ны 9 цагт хуралдахаар тушаал гаргаж холбогдох зардал, зан үйлийг бэлтгүүлэх болжээ. Улмаар товлосон хугацаа болж, Монголын алдагдсан тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах их үйлийг дахин үйлдэж, Лувсанцэвээнд Богд хаанаас чин вангийн хэргэм, шар хүрэм, хүрэн жолоо, бат ерөөлт цол олгож, Сангийн хамаг хэргийг эрхлэх яамны тэргүүн сайдаар тохоон томилсон юм. Лувсанцэвээн тэргүүн ийнхүү Монголын алдагдсан тусгаар тогтнолыг эргүүлэн авах ажлыг зохион байгуулсан бөгөөд тэрээр Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэх яамны сайдын хувьд бусдын эрхээр талхлагдсан улс орны эдийн засгийг сэргээх, татварыг цэгцлэх, гааль хураах журам гаргах, улсын санг арвижуулах зэрэг олон ажлыг эхлүүлж чадсан юм. Гэвч тухайн цаг үеийн хяслаантай байдал, улсын санхүүгийн унаж доройтсон байдал зэрэг нь ихээхэн бэрхшээлтэй байв. Гэвч удалгүй хэдхэн сарын дараа Ардын хувьсгал ялж, Унгерн баригдсанаар тэрээр Сангийн сайдын албыг өгсөн юм. Харамсалтай нь түүнийг 1922 онд Цэвээн тэргүүний хэрэг хэмээн зохиомол хэрэг үүсгэн цаазалсан юм. Энэ цаазалсан шалтгаан нь “... Ардын цэргийг / хувьсгалчдыг/ Хүрээнд орж ирэх тулгамдсан цагт тусгай хүн зарж, барон Унгернд захиа нэвтрүүлэн талархсан учирт буруушааж, түүний биеийг барин үүрд хорих ял оноож байснаа удалгүй 1921 оны 8 сард Бодоо нарын хэргийн өмнөхөн санаа хорсож, гадаад улсаас тусламж эрэх буюу баруун хязгаар хятад, монголын хилийн орчим сууж дотоод гадаадын хүн газар орныг түйвээж бүхий харгис Дамбийжанцанг урьсан хэмээх иш мухаргүй үндэслэлээр шийтгэжээ. Лувсанцэвээнийг шийтгэсэн нь ХХ зууны Монголын хамгийн анхны хэлмэгдүүлэлтийн үүд нээгдсэн эмгэнэлтэй тохиол болжээ. Тэрбээр алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн босгож, Богд Хаанаа ширээнд нь эргүүлэн залж, Их Хүрээг чөлөөлөхөд гарамгай гавъяа байгуулсных нь төлөө комин­терний цуст яргачид хар гэрт хорив. Хэд хэдэн удаа Орос сургагч байцаасан болоод хувьсгалын эсэргүү нэр зүүлгэн таван өдрийн дараа Лувсанцэвээнийг цаазлан хороожээ гэж дүгнэхэд болно.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=