
= Бурханч лам Г.Пүрэвбат хориод жилийн өмнөөс аглаг зэлүүд газрыг сонгож, буян номын ажлаа хийхээр зориг шулуудан, ширхэг чулуунаас нь хүртэл адис хүртэж, шүншиглэж аравнайлж босгосон нөр их хөдөлмөрийнх нь зүтгэл өнөөдрийн та бидний сайн мэдэх Аглаг бүтээлийн хийд билээ. Хэдийгээр Г.Пүрэвбат ламтан хийж бүтээсэн ч амьд сэрүүндээ “Сүсэгтэн олны маань сэтгэлийн их өргөл хандиваар боссон энэ их бүтээл туурвил маань үеийн үед монгол эх нутагтаа мөнх оршиж байх болтугай” хэмээн гарын шавь нартаа аминчлан захиж байжээ. Харамсалтай нь түүнийг тэнгэрт үйлээ үргэлжлүүлэхээр явсны ард эхнэр хүүхдүүд нь энэ их бүтээл, туурвилыг эхнээс нь үгүй хийж эхэлсэнд Аглаг бүтээлийн хийдийн Удирдах зөвлөлийн гишүүд болон гарын шавь нар нь гайхаж балмагдаж байна. Тэр тусмаа сонин содон эд өлгийн үзүүлэн болсон 200 гаруй тоо толгойд хүрээд байсан дөрвөн эвэрт хонь ямааг нядалгаанд өгснийг дуулсан шавь нар нь харамслаа илэрхийлж, олон нийтэд үнэнийг дэлгэж байна. Дөрвөн эвэрт хонь ямааг цуглуулж, өсгөж үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан Аглаг бүтээлийн хийдийн байгаль хамгаалагч Х.Дэмбэрэл гуайтай энэ талаар ярилцсанаа хүргэе.

-Сайхан намаржиж байна уу. Аглаг бүтээлийн хийдтэй, бурханч лам агсан Г.Пүрэвбат гуайтай та хэдийнээс ойр дотно явав, хэрхэн номын барилдлагатай болов оо?
-Би 2006 онд “Монгол наадам” цогцолборын харуул хамгаалалтын ажлаасаа тэтгэвэрт гараад байж байтал багш маань намайг Аглаг бүтээлийн хийдийн байгаль хамгаалагчаар ирж ажиллаач ээ гэж урьсны дагуу тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тус хийдийн байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Анхны танилцсан түүх гэвэл 1999 онд Баянхонгор аймагт Ламын гэгээний 360 жилийн ой болоод, тэр үед багш маань тэнд суварга бүтээх ажлаар очсон байж таарсан. Тэр үед би уул хангайгаас баатрын эд зүйлс олсон байсныг багш маань ихэд сонирхож аймгийн Засаг даргаар минь дамжуулан уулзах хүсэлтээ тавьснаар бид
анх уулзаж байлаа. Миний хувьд ч бас их бурхан номд хүндэтгэлтэй ханддаг, сонин содон зүйлс цуглуулдаг сонирхолтой, мөн эцэг маань их бурханлаг хүн байсан ба надад хүрээ хийдэд суварга босгоорой гэж захиас хэлсний дагуу учрал тохиол бүрдээд багштай танилцаж байлаа. Тэр цагаас бие барах хүртэл нь ингээд хамтдаа зан зангаа авалцаад, Аглаг бүтээлийн хийдийнхээ олон ажилд гар бие оролцоод явж байлаа.
-Дөрвөн эвэрт хонь ямаа үржүүлж, өсгөж цөм сүрэгтэй болох санаачилга хэдийд гарав. Ийм содон сонин хонь ямаагаа хаанаас цуглуулж байв?
-Манай багш маань ер нь тийм их сонин содон зүйлсэд хачин дуртай. 2000-аад оны эхэн үеэр би багшид 4 эвэртэй хонь байдаг гэсэн итгэж өгдөггүй. Тэгтэл тэр намар нь би нутагтаа явж байгаад Баян-Овоо сумын нэг айлд ортол өвлийн идшиндээ бэлдсэн хонь дотор нь 4 эвэртэй нэг хонины толгой байхаар нь авчирч өгтөл багш их гайхаж байсан. “Ийм мал гэж байдаг аа, энэ хонь амьдаараа олдох уу” гэж байна. “Олдоно оо” гээд нутгаараа хайж эхэлсэн. Манай Баянхонгорын Баацагаан, Бууцагаан, Баянцагаан сумын малчдаар мэр сэр ийм 4 эвэртэй хонь байдаг тухай яриа сонсогддог байв. Гэхдээ энэ мал хүний өсгөх гэсэн хүслийн хэрээр өсөөд байдаг мал биш. Дээр үеийн уламжлал шүтээнээр бол Бурханы мал гэдэг, бурхан номыг дагаж явдаг, тахилын ширээн дээр тавьдаг тийм тусгай өгөгдөлтэй мал гэж манай өвгөчүүл ярьдаг. Бүр зарим тохиолдолд 4 эвэртэй биш 5,6 эвэртэй ч гарах тохиол бий. Иймд багш маань “Энэ малыг дээдэлж шүтье, бурханлаг мал байна, угаасаа бурханы ном сударт ч энэ малын тухай байдаг” гээд дөрвөн эвэрт хонины цөм сүрэг бий болгох зорилгоор энд тэндээс цуглуулж эхэлсэн. Ингээд эрэл сурал болж байгаад манай нэг дүү 2009 оны намар шар зүсмийн эм хонь олж өгөөд, дээр нь хар хүзүүтэй, улаан хүзүүтэй эр төлөг гээд дөрвөн эвэртэй 4,5 тооны хонь аваад хаа байгаа Баянхонгороос ачиж авчраад Борнуурт багшийн аав Ганхүү гуайн хонин сүрэгт нийлүүлж байсан юм. Хамт ирсэн хар төлөгт бүр “Супер” гэж нэр өгч байсан. Хойтон жил нь шар зүсмийн эм хониос хоёр ихэр хурга гарсныг багш маань өсөн үржих нь хэмээн их билгэшээж байлаа. Эдгээр хонь хийдийн хөрөнгө гэхээс илүү чимэг болж байсан. Дөрвөн эвэртэй тэр хонийг үзэх гэж олон хүн Аглаг бүтээлийн хийдэд очиж байлаа. Түүнээс гадна манай багштан цагаан зээр, зэрлэг гахай, тогос, цацагт хяруул гээд маш олон амьтан хийддээ тэжээж байсан. Аргагүй буян номын газар тулдаа өсч үржиж байсан байх гэж би боддог. Багш маань маш нинжин сэтгэлтэй, жинхэнэ бурханч хүн байсан. Ёстой л нөгөө “Эх болсон хамаг амьтны тусын тулд” сэтгэл зүрхээ зориулсан хүн байсан даа.

-Дөрвөн эвэрт хонины тухай түүх, домог билгэдэл байдаг уу?
-Дөрвөн эвэрт хонь нь бурханы сүрэг байсан гэж Бурханы ном судартаа өгүүлдэг юм билээ. Намайг дөнгөж мэдээ орж байх балчир насанд их хэлмэгдэл хүн ардыг төдийгүй мал сүргийг минь хүртэл дайрч хотыг маань харлуулж байлаа. Сонин содон малыг малчид малдаа сэтэрлэж тавьдаг бөгөөд манайх дөрвөн эвэртэй нэг хонио сэтэрлэж, хөх хадгаар хүзүүг нь уясан байсан. Ганцхан тэр хоньтойгоо үлдэж байлаа. Ер нь сонирхуулахад, дөрвөн эвэртэй хуц хөөсөн хониноос эм хурга хэр барагтай гардаггүй. Дөрвөн эвэртэй эм хонийг хөгшчүүл бурханы хишиг өглөг гэдэг байлаа.
-Ийм сайхан өглөг, өгөгдөлтэй мал сүргээ бурханч ламын эхнэр хүүхдүүд нь нядалгаанд өгсөн гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн юм уу?
-Баянхонгороос 2009 оны намар манай дүү Чагнаа бурханч ламтанд бэлэглэсэн дөрвөн эвэртэй шар хониноос ихэрлэсэн хурга нь өсч үржээд, сүүлд бүр 30,40-өөд эр хургатай болсон байсан. Ямар бүгдээр нь хуц тавилтай биш, заримыг нь хөнгөлсөн. Гэлээ гээд энэ содон сонин малаасаа нэгийг ч зарж үрээгүй. Мэдээж хэрэг, чоно нохойд бариулах, зарим нь үхэж үрэгдэх болоход багш маань бүгдийнх нь толгойг сонин содон зүйлийн музейдээ байрлуулж, өөрийнхөө гараар чихмэл хийж тавьсан байдаг юм шүү. Үрж хорогдуулаагүй, үхсэн хониныхоо толгойг хүртэл дээдэлж ингэж нандигнаж байхад үр хүүхдүүд нь үнэхээр муухай үйлдэл гаргалаа. Энэ муухай мэдээг сонсоод тэр шөнөдөө миний нойр хүрээгүй, одоо ч сэтгэл хөндүүртэй явна. Тийм их хүсч мөрөөдөж хийсэн хүний бүтээлийг ингэж устгаж буйд үнэхээр харамсч байна. Хэд хоногийн өмнө Аглагийн хийддээ бэлчиж, тааваараа идээшилж байсан дөрвөн эвэрт хонь, ямааны угшил болох 210 гаруй малыг Эмээлт рүү ачиж очоод нядалгаанд оруулсан гэж дууллаа. Дөрвөн эвэртэй хурга гарахад заавал дөрвөн эвэртэй эх хонь хамааралтай байдаггүй. Гэхдээ хоёр чихнийх нь хоорондох овгор нь арай өөр байдаг. Гэтэл ийм дөрвөн эвэртэй хурга гаргадаг хонин сүргийг аваачиж зарж байгаа нь айхтар том гэмт хэрэг шүү. Тэр байтугай багш бид хоёр сүүлд 2022 онд Дорнодын Хөлөнбуйраас очиж дөрвөн эвэртэй хуц авчирч, цөм сүрэгтээ авчирч, цусыг нь сайжруулж байлаа. Ёстой нэг хачин сайхан хуц, тэр дөрвөн эвэрнийх нь гоё ургасныг яана. Тэгээд ганцааранг нь ч авчраагүй, тэндээс бас нэг барга үүлдрийн хуцтай хамт авчирч, сүргээ сайжруулж байлаа. Ингэж газар газраас авчирч, үржүүлж байсан, түрүүчээсээ музейн дурсгал болгоод тавигдчихсан мал сүргийг нь үрэн таран хийсэнд үнэхээр гомдолтой байна. Ахиад ингэж дөрвөн эвэрт хонь ямаагаар цөм сүрэг хийх хүн Монголд байхгүй. Энэ сонин содон мал чинь айлын хотонд ингэж 10, 20-иороо байдаггүй юм. Ийм цөм сүрэгтэй болох гээд дөрвөн эвэртэй хонь ямаа цуглуулаад бүтэлтэй болсон түүх ч байхгүй. Гэтэл ёстой л бурханы сүрэг гэдгээ баталж буй мэт Аглагийн хийд дээр өсч үржээд 200 гаруй болчихоод байсан. Буянт хүний буян хишиг, бурханы газрын өглөг, өгөгдөл байсан гэж боддог. Манайхны ах дүү нарын мал хуйнд ч дөрвөн эвэртэй хонь ганц нэг бий. Гэхдээ л багш шиг минь ингэж өсгөж чадаагүй юм. Одоо бүр дөрвөн эвэртэй хонь маань тун ховор болсон. Эрж сурж байж л ганц нэг дуулддаг болсон. Гэтэл ийм олноороо байсан сүргийг хядна гэдэг үнэхээр хүний ой тойнд багтамгүй юм.

-Ямар шалтгааны улмаас энэ цөм сүргээ ингэж нядалгаанд өгсөн тухайгаа та нарт дуулгасан болов уу?
-”Бирдийн нүдэнд далай харам” гэж үг байдаг даа. Ийм л үгээр хариулт болгоё доо.
-Цаашид энэ асуудал хэдий болтол даамжрах бол. Та энэ хийдэд ажиллаж байгаа ахмад настны хувьд асуудлыг хэрхэн шийдвэрлээсэй гэж хүсч байна вэ?
-Хүрээ хийд гэдэг бусдын тусын тулд л үйл ажиллагаа явуулдаг. Хувь хүний хөрөнгө зоорьтой хэн ч хэзээ ч тэрсээгүй. Амьд сэрүүндээ багш маань шавь нартаа хэлдэг байсан. “Энэ бол миний ч өмч биш, чиний ч өмч биш, олон түмний өмч шүү” гэж хэлдэг байсан. Би Төвхөний хийд шиг, Хамарын хийд шиг л сүсэгтэн олны маань шүтлэгийн орон газар байна гэж боддог байсан. Түүнээс бус энэ газар хувь хүний орон гэр биш, аж ахуйн нэгж байгууллагын өмч биш. Харин ингэж өмчлөх юм бол яс үзэлцэнэ шүү, харин ч нэг.
Багш ганцхан үр хүүхдийнхээ төлөө энэ хийдийг босгоогүй. Монголын ард түмний төлөө, хийдийг нь босгоход хандив тусламж өргөж байсан сүсэгтэн олныхоо төлөө энэ хийдийг босгосон юм аа. Өөрөө ч амьд ахуйдаа "Энэ бол нийт монголчуудын маань өв бүтээл шүү” гэж хэлж л байсан. Хувь хүний хөрөнгөтэй бид юу ч булаалдаагүй. Хувийнх нь машин унаа, дэлгүүр хоршоо гэх мэт эд хөрөнгийг нь шавь нараас нь хэн ч юу ч булаалдаагүй. Ингэж булаалдаж, багшийнхаа нэр сүрийг шороотой хутгах тийм ёс зүйгүй хүн шавь нар дунд нь ч байхгүй. Харин сүм хийд, цөм сүрэг, оюун ухааны болон өөрийн гараараа хийсэн бүтээл туурвил нь монголчуудын өв соёл болж үлдэх болохоос биш хийсэн бүтээснийг нь нурааж сүйтгэж буй хүүхдүүдийнх нь өмч биш шүү дээ. Номыг нь дэг жаягийнх нь дагуу авч явах ёстой хүмүүс нь багшийн шавь нар. Ийм бүтээлийг нь ингэж авч явна гэж багшийн дэргэд өчнөөн олон жил номын дууг нь сонсоод оройн дээд эрдэм мэдлэгт хүрсэн хүмүүс нь үргэлжлүүлж авч явах ёстой. Түүнээс бус номыг нь ч мэдэхгүй, жаягаа ч мэдэхгүй үр хүүхэд нь бидний өмч гээд байх нь зохисгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.