Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэхээр тайван жагсаалыг хийж эхэлсэн. Харин Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх болсон тул тэд тэмцлээ зогсоож байгаа бололтой. Засгийн газраас амласнаар бол
• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэх аж.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.