16 настай охины амийг бүрэлгэх үед хамтдаа байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг уг хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн үзэж, шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон, Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв. Яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.