
Халхын шоронд аль ерэн оноос хойш өнөөг хүртэл 5-6 мянган хоригдол ял эдэлж байна. Энэ тоо ихэсдэг ч үгүй, багасдаг ч үгүй ийм нэгэн тоонд монголчууд бид үнэндээ нэг хэсэгтээ дасчихжээ. Ардын хувьсгалын 70 жил, 80 жилийн өршөөлийн хууль, 2000 оны мянганы өршөөлийн хууль, 2002 оны хуулийн тэгшитгэл, 2006 оны Тулгар төр үүссэний 820 жил, 2011 оны өршөөлийн хуулиудаар нийт хоригдлын 20-30 нарснаас суллагдсан авч эргээд л энэ тоон дээрээ хэлбэлзэж байсан юм. Арван жилийн сургуулийн хүүхдээс “Монголд хичнээн хоригдол ял эдэлдэг вэ?” гэж асуувал шууд л “Зургаан мянга” гэж хариулах хэмжээнд хүрчихээд байв. Зургаан мянга гэдэг тоо бидний сэтгэл зүрхэнд ингэтлээ хоногшиж орхижээ. Харамсалтай нь эдүгээ манай хоригдлын тоо зургаан мянгаас аль хэдийнэ даваад явчихжээ. Үүнийг сэтгэл зүйчид, хуулийнхан “Эдийн засгийн хямрал ядуурлаас болж гэмт хэрэг ихэсдэг” хэмээн үзэж буй. Өнөөдөр Монгол улсад 25 хорих анги, 16 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нийтдээ 7700-8000 орчим ялтан, сэжигтэн хоригдож байгаа аж. Үүнээс оргон зайлах, дахин давтан гэмт хэрэг үйлдэж болзошгүй амиа хорлох магадлалтай 800 гаруй ялтныг байнгын онцгой хяналтанд байлгадаг юмсанж. Үүнээс гадна зуун мянган хүнд ноогдох хоригдлын тоогоороо манай улс дэлхийн 216 орноос 44 дүгээрт жагсаж байна. Зуун мянган хүнд ноогдох хоригдлын тоогоороо нэгдүгээр байранд АНУ 100 мянган хүнд 730 ялтан, Уганда 595 хоригдол, Гүрж 539, ОХУ 534 ялтан, аравдугаар байрт Сальвадор 391, Исланд 439 ялтан, Тайланд 328 ялтан, Казахстан 323 хоригдол гэх мэт байр эзэлжээ. Манай улсын хувьд 44 дүгээр байрт зуун мянган хүнд 268 хоригдол, 45 дугаар байранд Урагвай 267, Киргиз, 265, Бразил 261 гэх мэтээр орсон байна. Олон сая хүн амтай латин америкийн улсуудын дээр Монгол улс заларч байна гэж бодохоор гэмт хэргийн ертөнц нэлээд газар авсан нь харагдаж байгаа биз. Авлигачдаа толгой дараалан цаазлаад байна гэж төсөөлдөг БНХАУ гэхэд л 216 улсаас 117 дугаар байранд буюу зуун мянган хүнд 122 ялтан ноогдож байгаа бол дэлхийн хамгийн том гэмт хэргийн бүлэгтэй Япон улс 187 дугаар байрт буюу зуун мянган хүнд ердөө 58 хоригдол ноогдож байна. Ерэн мянган гишүүнтэй гэгдэх японы Якуза бүлэглэл үнэн хэрэг дээрээ хуулиндаа захирагдаж амьдардаг бололтой. Тэгвэл хар тамхины өлгий нутаг, цагаан тахлаас болоод бараг дайны байдалд байгаа гэж бидний боддог Колумб улс 77 дугаар байрт буюу зуун мянган хүнд ердөө 181 хоригдол л ноогдож байгаа юмсанж. Ойрын нэг жишээ дурьдахад монголын бүх хорих ангиудад 3515 хүн давтан ял эдэлж шийтгүүлж байгаа аж. Эдгээр хоригдлууд бол нийт хоригдлын тоогоос илүү буюу 58 хувь нь бөгөөд 2-11 удаа давтан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд байна. Давтан гэмт хэрэг үйлдэгчдийн 1001 буюу 31.1 хувь нь хулгай, 675 буюу 21 хувь нь санаатайгаар бусдын амь насыг хохироосон ялтнууд эзлэж байна. Мөн 366 хүн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх зүйл ангиар ял эдэлж байна. Давтан гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд хугацаанаас өмнө суллагдах, тэнсэн харгалзах ял авах, магадланд орох, дэглэм бууруулах боломж үгүй, оноосон ялыг биечлэн эдэлж байж суллагддаг аж. Бас манай улсад жилд дунджаар 30 мянга орчим гэмт хэрэг гарч, 300 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байна. Өөрөөр хэлбэл гарч байгаа гэмт хэргийн 92 хувийг хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг эзэлдэг аж.