
Харгис хүмүүсийн жагсаалтанд Адольф Гитлер, Пол, Пот, Сталин, Берия, Ёжов, Мао Цэ Дун, Ардчилсан солонгосын удирдагч Ким-ууд, Испаний дарангуйлагч жанжин С.Франко монголчууд нэрлэх байх. Тэгвэл тэндээс дутахгүй яргачинг энэ дугаартаа бичиж байна. Энэ хүн бол Бельгийн угсаа залгамжилсан хаан хоёрдугаар Леофолд юм. Гэхдээ түүний түүхэнд гүйцэтгэсэн харгислалыг тэр бүр дэлхий сайн мэдэхгүй болов уу. Бельгийн Хаант засгийн колони байгуулах хүсэл эрмэлзэл асар хүчтэй байсан төдийгүй Ази болон Африк дахь хэд хэдэн оролдлогууд нь амжилтгүй болсон юм. Гэхдээ тэд алдаан дээрээсээ суралцан дараагийнхаа байг хараалсан байв. Арван есдүгээр зууны төгсгөл гэхэд Африк тив тэр чигтээ Европын орнуудын колони болон хувирсан байлаа. Нөгөө хүн төрөлхтөний сор болсон, хүнлэг энэрэнгүй цагаан арьстнууд тэр үед Африк, Ази тивийг цусан далайд будаж, яргалал хүчирхийлэл, геноцидийг өөрсдийн дураар гүйцэтгэж байсан юм. Тэр дундаа маш их хэмжээний резин, алт, зэс, мөнгө, давс, алмазтай болон байгалийн баялаг ихтэй, мөн нэгдсэн нэг засаг захиргаа муутай Конго улс нь шунаг Бельгичүүдийн нүдэнд өртөхгүй байхын аргагүй байсан юм. Ийнхүү Хаан Леофолдоор тэргүүлүүлсэн Бельгийн засгийн газар башир арга сэджээ. “Конго-гийн иргэдээ, та бүхнийг бид Өрнөдийн хөрөнгөтнүүдийн дарлал мөлжлөг, Арабын боолчлолоос өмгөөлөн хамгаална” хэмээн итгүүлж “Африкийг ивээх нийгэмлэг” гэгчийг байгуулжээ. Мөн уг үйл ажиллагааныхаа дагуу газар сайгүй толгой дараалсан олон Буяны сангууд, Христийн сүмүүдийг байгуулж байв. Гэхдээ бүх нийгэмлэг, буяны сан, сүм хийдүүдийн туйлын зорилго нь Хаан Леофолдын засаглалыг тогтооход оршиж байсан ба Конго даяар тусгай тагнуулын үүрэг гүйцэтгэж байв. Ингээд тандан судалсны эцэст Хаан Леофолд өөрийнхөө төлөвлөгөөний дагуу Конго даяар цуст зэвсэгт хөдөлгөөн, төрийн эргэлт өөрчлөлтүүдийг хийж, колончлох үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Тэрээр эхний ээлжинд сайн цалин амлан нутгийн иргэдээс бүрдсэн хөлсний армийг буй болгож тухайн үеийн засаглалын сулхан тогтолцоог унагаан хөлсний армиа ашиглан аллага зэрэмдэглэл, цаазлах, тарчлаан тамлах, лагеруудад бөөнөөр нь хорих гэх мэтээр хүч хэрэглэдэг болсон аж. Энгийн номхон ард иргэдэд хүч хэрэглэн боол болгохыг нь болгон, эсэргүүцсэн нэгнийг нь том, жижиг хүүхэд гэж ялгалгүй хүчиндэж юман чинээ бодолгүй гар эсвэл хөлийг нь тасдан тамладаг болов. Харгис хаан Леофолдын дэглэмийн үеийг “Конго-ын чөлөөт бүс” гэж нэрлэдэг бөгөөд ойролцоогоор нийтдээ 10-15 сая орчим энгийн ард иргэдийг алсан гэж дурджээ. Зүгээр л замд тааралдсан өнгөт арьстнуудыг алаад байсан, алаад л байсан. Дэлхийн II дайнд 50 гаруй улсын 40 сая хүн нас барсан бол тэдний тал хувийг Бельгийн цуст хаан гав ганцаараа үйлдсэн гээд бод. Дур зоргоороо аашилж буй хаан Леофолдын харгислалын талаар Бельги болон Европын орнууд сайн мэддэггүй байлаа. Учир нь хаан хэвлэл мэдээллийнхэнд авлига өгч дандаа шагшин магтсан зүйлсүүдийг нийтлүүлдэг байсан аж. Гагцхүү цөөн хэдэн хүмүүс л энэ харгислалыг буруутган эсэргүүцэн бичиж байсан гэдэг. Тэдгээр хүмүүсийн нэг нь Америкийн нэрт нийтлэлч Марк Твайн байсан бөгөөд Конго дахь харгислал колоничлолын талаарх нийтлэлдээ Леофолд хааныг элэглэн “Конгийн хайрлан хамгаалагч Хаан Леофолд” гэх юм уу “Цусан гартай хаан Леофолд” гээд Конгод хаан өөрийн дур зоргоороо аллага үйлдэж байгаа талаар нийтдээ 49 хуудас бүхий баримт материал нийтэлжээ. Гэхдээ л түүний бичсэн уг нийтлэлийг дэлхий нийт хээв нэг байх ёстой зүйл мэтээр харсан нь гайхашрал төрүүлсэн юм. Учир нь тухайн үеийн цагаан арьст хүн хар арьстай хүмүүсийн нийгмийн нэр хүнд тэнгэр газар шиг зөрүүтэй байсан төдийгүй, европ хүнийг хамгийн дээд төрөлтөн гэх үзэл дэлхий ертөнцөд түгээмэл тархсан байжээ. Тиймээс Леофолд хаан тийм нацист бодолтой хүмүүсийн ердөө томоохон төлөөлөгчдийн нэг нь л байв. Тийм учраас дэлхий нийт Африк дахь тарчлаан тамлал зовлонг байх ёстой байдаг л зүйл мэтээр хүлээн авдаг байжээ. Дэлхийн түүхэн дэх маш олон геноцид буюу үндэстнээр нь хомроголон алах явдал их байсан хэдий ч тухайн үеийн Бельгийн колони болох Конго улсад тохиолдсон ийм аймшигт явдлыг дэлхий нийтийн анхаарал таталгүйгээр өнгөрсөн байдаг нь харамсалтай ажээ.