“БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН ТЭРГҮҮН Г.ГАНХУЯГ БУСДЫГ ДАРАМТАЛЖ 30 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ



БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ганзоригийн Ганхуягт холбогдох эрүүгийг хэргийг /2020 оны 10 сарын 06 өдөр шүүн хэлэлцжээ.
Шүүгдэгч Г.Ганхуяг нь 1976 онд төрсөн. Дээд боловсролтой, эрх зүйч, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн Нархан хотхонд амьдардаг. Урд өмнө 2012 онд ЭХ-ийн 99 дүгээр зүйл анги, 2019 онд 11.2 бусад гэмтэл учруулсан, ЭХ-ийн 21.2 мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Прокуророос яллагдагч Г.Ганхуяг 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, худал мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарааж, компаний захирал Б.Энхбатыг дарамтлан, 30 сая төгрөг авсан. Хохирогч Б.Дамдинсүрэнг “Босоо Хөх Монгол” ТББ-ын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БГД-ийн 3-р хороонд байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан хэрэг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганхуяг
…Манай “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан орон нутгийн иргэд хандсаны үндсэн дээр Даланжаргалан суманд очсон. Мөн “Босоо Хөх Монгол” ТББ чуулган болоход ямар нэгэн хүнээс дарамталж мөнгө авсан зүйл бол байхгүй. “Босоо Хөх Монгол” ТББ-ын ивээн тэтгэдэг байгууллага болон найз нөхдөөсөө тухайн төсвийг бүрдүүлдэг. Намайг яагаад яллах гээд байгаа гэхээр Баянхонгорт Францын маш том ураны олборлолт явуулдаг компани байдаг. Уг компанитай манай төрийн том том албан хаагчид холбоотой. Босоо Хөх Монголын зүгээс тухайн компани үйл ажиллагааг зогсоох талаар удаа дараа арга хэмжээ аваад, сүүлдээ шүүхэд хандсан.
Шүүгч:
-Та хэрэгт холбоотой зүйл ярина уу. Яагаад “Эко хэлхээ” компаниас 30 сая төгрөг дарамталж авсан бэ?
Шүүгдэгч Г.Ганхуяг:
-Гучин сая төгрөгийг хувьд манай байгууллага аваад санхүүдээ тушаасан. Харин санхүүгийн тайлан дээрээ тухайн мөнгийг юунд зарцуулсан тайланг хавтас хэрэгт авагдсан байгаа. “Босоо Хөх Монгол” ТББ-ийн БГД-ийн салбараас “Дамдинсүрэн гээд трансжендэрийг бид барьчихлаа” гэж надтай холбоо барьсан. Миний зүгээс “Босоо Хөх Монгол” ТББ-ын салбарын гишүүдэд трансжендэрийг бариарай гэж заавар өгөөгүй. Дамдинсүрэн, Солонго нь эрэгтэй хүн байж хиймэл хөх биедээ суулгаж биеэ үнэлдэг нь хүний ёсонд байж боломгүй. Намайг хотод явж байхад тусгай хүчнийхэн хүч хэрэглэж, барьж миний гарыг удаан хугацааны туршид өчсөнөөс үүдэлтэй миний мөр мултарсан. Би удахгүй мөрний хагалгаанд орох гэж байгаа. Солонго гэдэг хүн над руу 12 удаа залгасан, Дамдинсүрэн над руу 10 удаа залгаж дарамталсан.
Хохирогч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтанд:
-2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад 860206.. гэсэн дугаараас миний 8047... гэсэн дугаар руу залгаад “Зараас чиний дугаарыг авлаа, уулзаж ярилцлага авъя” гэсэн. Тэгэхээр нь би “Биднийг ойлгодог биз дээ ойлгодог хүнтэй л уулзана. Тийм бол уулзаж болно” гэсэн юм. “Тулга” нэртэй буудалд 303 тоот өрөөнд өрөө авчихлаа гэхээр нь яваад ортол гаднаас “ТВ-4” телевизийнхэн болон “Босоо хөх Монгол” ТББ-ын хүмүүс нийлсэн арваад хүн орж ирээд шууд дарамталсан. Би “Ярилцлага өгөхгүй” гэхэд Босоо хөхийн бүдүүн залуу элэг рүү цохиж, миний гар утсыг шууд булааж авсан. Тэд “Чамаас өөр хэдэн трансжендер байдаг вэ, тэднийг яаж олох вэ, та нар хаана цугладаг вэ?” гэж байцааж, миний зургийг фейсбүүкээр тараана гэж айлган сүрдүүлж дарамталж, мөнгө нэхсэн.
...Маргааш нь миний тухай фэйсбүүк дээр “Босоо хөх”-ийн харцага Г.Ганхуяг трансжендер хүмүүсийн тухай айлган сүрдүүлсэн утгатай пост оруулсан байв. Би анх уулзсан хүнээс тэр Ганхуяг гэгчийн 991180... дугаарыг авч “Битгий миний тухай зурагтай пост тавиач” гэж гуйсан. Ганхуяг “Манай Босоо хөх Монгол олон салбартай. Чи манай салбарынханд машин авч өгвөл, чиний тухай фэйсбүүк дээр тавихгүй” гэсэн. Энэ яриаг би бичиж аваад цагдаад өгсөн. Удалгүй Солонго над руу яриад “Нөгөө эх оронч, бөх Ганхуяг чинь надаас 10 сая төгрөг нэхээд өгөхгүй бол дуусгана гээд байна. Та өгсөн үү?” гэж асуусан. Маргааш нь Г.Ганхуяг миний зураг бусад трансуудын зургийг нийтэд харахаар public тохиргоотой доромжилсон заналхийлсэн мессежтэй хамт байршуулсан байсан. Би утсаар ярьж уйлан “Таниас болж би найз нөхөд, дотны хүмүүсийнхээ нүүрийг харах эрхгүй боллоо. Болиоч гуйя?” гэхэд Г.Ганхуяг “Чиний утсан дээрээс өшөө олон дүрс тавьж шившиг болгоно. Хөдөөгийн салбарт маань гайгүй машин аваад өг! Тэгээд тохирох уу” гэсэн. Ингээд бид цагдаад хандсан.
Гэрч Л.Баяржаргал мөрдөн байцаалтанд:
-Би “ТВ”-4 телевизийн сэтгүүлч редактораар 2015 оноос хойш ажиллаж байна. Би 2019 оны 09 дүгээр сарын 06-07-нд “Босоо хөх Монгол”-ын гишүүд “Шөнийн сурвалжлага хамт хийе” гэсэн. Ингээд “Тулга” нэртэй зочид буудалд ороход трансжендер иргэн байсан. Бид хуулийн хүрээнд ярилцлага авсан.
Гэрч Т.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд:
...Би “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн БГД-ийн тэргүүнээр ажиллаж байгаа... Тэр орой 23 цаг өнгөрч байхад сэтгүүлч Баянжаргалтай уулзаад салбарынхаа 8 залууг чатаар дуудсан. Буудлын 303 тоот өрөөнд ортол Дамдинсүрэн гэдэг залуу эмэгтэй хувцастай хүүхэн шиг хашгираад “Та нар юун хүмүүс вэ?” гээд байсан. Тэр үед сэтгүүлч Баяржаргал түрүүлж ороод “Жагаа наадахынхаа гар утсыг аваад өгчих!” гэсэн. Би түүний хэлснээр Дамдинсүрэнгийн гар утсыг авч Баяржаргалд өгсөн.
Гэрч Б.Билгүүн мөрдөн байцаалтанд
…Би 2019 оны намар Ганзоригийн Ганхуяг гэдэг хувийн фейсбүүк хаяг дээрээ трансжендер гэх хүмүүсийг нийгэмд байлгах ёсгүй гэх утгатай гутаан доромжлох өнгө аястайгаар миний зургийг зөвшөөрөлгүйгээр байрлуулсан байсан тул би зургийг устгах талаар фейсбүүк хаягаар Ганхуягтай холбогдож миний зургийг устга гэж хэлсэн. Удалгүй Ганхуяг 9911-тэй дугаараас залгаад ярихаар нь “Та ямар учиртай миний зургийг фейсбүүк орчинд байршуулсан юм бэ?” гэж асуухад “Манай эх орончид нэг муу трансжендэр биеэ үнэлэгчийг барьсан. Тэрний гар утсыг шалгахад чиний зураг байсан” гэлээ. Тэгэхээр нь би “Би наад хүнтэй чинь ажил хэргийн холбоотой. Би гомо, трансженер чинь биш. Би ардаа амьдралтай хүн” гэж уурласан. Гэтэл Г.Ганхуяг намайг “Мөнгө нэхсэн дарамталсан” гэж гүжирдэж, мөрдөн байцаалтанд мэдүүлсэнд гайхаж байна.
Яллагдагч Г.Ганхуяг мэдүүлэгтээ:
..Би Солонго гэх хүнийг танихгүй, сүүлийн үед над руу яриад байдаг болсон. Фейсбүүк дээрээс зургийг нь харж байсан. Манай байгууллага дээр одоогоор тээврийн хэрэгсэл байхгүй, бүгд хувийн машинтай. Би Дамдинсүрэн гэх хүнийг танихгүй, “ТВ4” телевизээр ярилцлагыг нь харсан. Манай ТББ нь 27 мянган гишүүнтэй, Тулга зочид буудалд очсон хүмүүсийг огт танихгүй. Би өөрөө хувь хүний зүгээс трансжендерчүүд, гомо, лесбичүүдийг нийгмийн гаж үзэгдэл, нийгэмд хор нөлөөтэй, жирийн залуучуудыг уруу татаж бэлгийн чиг хандлагыг нь өөрчилж ижил хүйстэн болгодог, биеэ үнэлж нийгмийн халдварт өвчин тараадаг гэж жигшдэг. Миний фейсбүүк постын хувьд би өөрөө байнга ороод байх боломжгүй миний найз Мөнх-Эрдэнэ Германаас хөтөлдөг. Энэ постыг Мөнх-Эрдэнэ тавьсан. Автомашин аваад өг гэж манай Босоо хөхийн Б.Батбаяр тоглоомоор хэлсэн.
Хохирогч Б.Энхбат мөрдөн байцаалтанд:
-Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах ‘Жонш баяжуулах үйлдвэр”-ийг түрээслэн ажиллуулдаг юм аа. Бат-Ирээдүй над руу залгаад манай үйлдвэрийн хашаанд “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд болон нутгийн иргэд дайраад орж ирлээ гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ний шөнө 01-02 цагийн орчимд би үйлдвэр дээрээ ирэхэд манай үйлдвэр дээр гаднын хүмүүс байгаагүй тараад явчихсан байсан. Бат-Ирээдүй надад “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүд манай үйлдвэрт орж фейсбүүкт байрлуулсан лайвыг үзүүлсэн. Тэдний хүсэлтээр “Болор 2” нэртэй буудалд 4 өрөө авч байрлуулсан, хоолонд оруулсан гэж хэлсэн. Би тэднийг ахалж явсан Г.Ганхуяг гэгчтэй уулзаж “Та нар болсон асуудлыг арай дэндүү хэтрүүлэгтэйгээр цахим фейсбүүкт байрлуулж олон нийтэд хүргэжээ. Ингэж худлаа мэдээлэл тавьж болохгүй!” гэсэн. Г.Ганхуяг гишүүн Төмөрхуяг хоёр надад хандаж “Манай төрийн бус байгууллагын хурал зөвлөгөөн болох гэж байгаа тул 30 сая төгрөг өгчих. Бид танай компаний талаар фэйсбүүкт оруулсан материалаа устгая” гэсэн. Ингээд гурав хоногийн дараа Улаанбаатар хотод иртэл Төмөрхуяг залгахаар нь аваад ярихад “Наадам центр” төвийн ойролцоо уулзъя гэж хэлсэн. Би “Эко хэлхээ” ХХК-ний гүйцэтгэх захирал Нандинцэцэгийг 30 сая төгрөг бэлнээр аваад манай гэрийн гадаа хүрээд ир” гэж дуудсан. Бид мөнгөө бэлнээр өгөхөд Төмөрхуяг, Ганхуяг хоёр машинтай ирж 30 сая төгрөг авахдаа “Одоо фейсбүүкт байрлуулсан бичлэгээ устгаж байгаа санаа зоволтгүй” гэж хэлээд явсан. Нэг хоногийн дараа фейсбүүкт бичлэгүүд нь устсан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 223-226 тал/,
...Намайг 30 сая төгрөг “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Ганхуяг, Төмөрхуяг нарт өгсөн талаар УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн засаг дарга Энхтүвшин нар мэдэж байгаа. Тус хүмүүстэй уулзахдаа болсон асуудлын талаар хэлсэн...гэх мэдүүлэг /2хх-ийн 227-230 тал/,
Гэрч А.Элбэгсайхан мэдүүлэхдээ
…Би 2019 оны хавар эхлэн “Эко Хэлхээ” ХХК-ний Дорноговь аймгийн Даланжаргалан суманд жонш баяжуулах үйлдвэрт, үйлдвэр хариуцсан даргаар очсон. 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хаягдлын даланд шүүрэлт өгч, хаягдал ус гадагшилж үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байсан. Энэ үед Босоо Хөх Монгол ТТБ-ын холбогдох удирдлагууд гишүүд үйлдвэрт шалгалт үзлэг хийнэ гэх нэрийдлээр нэвтрэн орж байгууллагын үйл ажиллагааг тасалдуулсан. Босоо Хөх Монгол ТТБ-ын удирдах зөвлөлийн гишүүн Пүрэвням “Танай үйлдвэрийг бид шалгана. Бид нар чамайг ямар явахыг чинь харна” гэж дарамталсан би зөвшөөрөөгүй. Удалгүй “Босоо Хөх Монгол” ТТБ-ын тэргүүн Г.Ганхуяг үйлдвэрийн хашааг машинаар мөргөөд дайрч орж ирсэн. Үүний дараа Г.Ганхуяг нь над руу 991180... дугаарын утаснаас залгаад “Үйлдвэр чинь ажиллахгүй байгаа юм байна. Нөхөн сэргээлтээ сайн хийсэн байна бид явлаа” гэж хэлээд явсан. Эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /2хх-ийн 236-239 тал/,
Шүүгдэгч Г.Ганхуяг мэдүүлэхдээ:
...Би 2018 оны 11 нэгдүгээр сараас хойш одоог хүртэл “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Намайг очиход Дорноговь аймгийн “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн О.Хэрлэн нар мөн гишүүд нутгийн иргэд оччихсон байсан. Тэгээд бид нар үйлдвэрийн хашаанд орж хаягдлын далан задарсан хэсэг буюу ослын байдалтай танилцаж баримтжуулж бичлэг хийж фейсбүүкээр лайв хийж олон нийтэд мэдээлсэн. Миний бие 1998, 2005 онуудад авто осолд орсон. 2017 онд бусдад зодуулж тархиндаа гэмтэл авсан тул зарим зүйлийг мартаж санах тохиолдолд гарч нарийн санахаа больсон. Би “Жонш баяжуулах үйлдвэр”-т ирж зөрчил дутагдлаа арилга гэж Б.Энхбаттай уулзсан. Б.Энхбат “Босоо Хөх Монгол” ТББ-ын чуулга уулзалтыг зохион байгуулах талаар сонсож байгаад тусалцаа үзүүлэхээр болсон.Тэгээд Энхбат өөрөө манай гэрийн гадаа авто машинтай ирж уулзаад “Та нар энэ мөнгийг чуулга уулзалтад ашиглаарай, зөв зүйл хийж байгааг дэмжиж байна” гээд 30 сая төгрөг өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Бадрал, С.Мөнхгэрэл нараас “Шүүгдэгч Г.Ганхуягийг ЭХ-ийн 17.6, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, 14.1 ялгаварлан гадуурхаж, айлган сүрдүүлэх зүйл ангиудаар гэм буруутайд тооцжээ.
Монгол Улсын Шүүхээс ТОГТООХ нь:
Шүүгдэгч Г.Ганхуягийг ЭХ-ийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ЭХ-ийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганхуягийг 12.000 нэгж буюу 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=