ХАМБА ГЭГЭЭНИЙГ 150 ЖИЛ ЗАНДАНШУУЛЖЭЭ


Хантайширын нурууны баруун энд байх нэгэн өл халзан оргил дээр ёстой эрин галавын гэмээр эртний их тахилга бий. Нутгийнхан түүнээ Өвгөн овоо гэнэ. Манай өвөг дээдэс чухам энэ овоог үеийн үед сүслэн залбирч ирсэн. Овоон нурууны гэх Дашинчилэнгийн Тахилгыг Арын хүрээнийхэн буюу Засагт ханы хүрээнийхэн дааж ирсэн бол энэ Өвгөн овооны тахилгыг өвөрт нь байх Хамба гэгээний хүрээнийхэн хариуцаж ирсэн гэдэг. Хамбын хүрээний туурь нь өдгөө энэ их овооны өвөрт, үелж буусан өргөн дэвсэг дөрөлж голлон түүхийн тамга болон үлджээ. Энэ нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг юм. Энэхүү Хамба гэгээний хүрээ, түүний эргэн тойрны аж амьдралын тухай нутгийн хүү Л.Түдэв “Оройгүй сүм” хэмээх романдаа ихэд дэлгэрэнгүй өгүүлсэн. Харин энэ удаад нутаг нугынхны дунд байх аман домгоос хүргэе.
Хамба гэгээний хийдийг 1700-аад оны сүүлчээр байгуулсан гэдэг. Энэ талаар түүхийн ямар нэгэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн нь таараагүй ч, энэ баримжаа хугацааг гаргахдаа хууччуулын яриа, мөн Хамбын гэгээний дүрүүдийн намтрыг үндэслэв. Хийдийг барихад тэнгэрт ер бусын бэлгэ үзэгдсэн гэдэг. Дорноос умардыг хүртэл тэнгэрийг нумлан тулсан солонго татаж, тэр солонгон замаар Лусын хаан луус хөллөсөн тэргээр хийдийг барьж босгоход шаардлагатай барилгын материалуудыг зөөвөрлөжээ. Үнэхээр хийд­ийн гол Цогчин дуган болон бусад дугануудын шат, довжоо, нийтийн цугладаг талбайг бүхэлд нь хэдэн давхар үелсэн гантиг чулуун хавтангуудаар барьжээ. Хожим коммуны жил болоход тэдгээр гантиг чулуун хавтангуудыг ийш тийш нь зөөвөрлөн, малын хашаа барьж, бүүр хожим аймаг, сум байгуулагдахад үлдэгдлийг нь зөөж дуусгасан байна. Өнөөдөр Алтай хотын Ардын дуу, бүжгийн чуулгын довжоо, хуучин хотын захиргаа, Орон нутгийг судлах музей зэрэг олон байгууллагын үүдэнд буй нямбайлан зассан ялимгүй шаргалдуу өнгийн их бага янз бүрийн хэлбэр хэмжээтэй гантиг хавтангууд нь угтаа өнөөх домог ярианд дурдагдсан Лусын хаан лууст хөсгөөрөө зөөвөрлөсөн чулуунууд юм. Ийм гантиг чулуун хавтангууд нь мөн Халиун сумын төвд, тухайлбал сумын клуб, зочид буудал, захиргаа, дунд сургуулийн үүдэнд ч олноороо байдаг байлаа.
Хамбын хийдийн ойр орчимд лавтай 100 гаран км тойрогт гантиг олзворлочих газар үгүй юм. Харин хууч ярианд тэдгээр гантиг хавтангуудыг Хангийн нуруу /Дэлгэр сумын нутаг/ -ны зүүн бэл болох Жон хавиас олзворлон, тэнд нь засаж, янзлаад зөөвөрлөсөн гэдэг. Жонгоос Хамбын хийд ороход уул даваа даван, хад хавцал, гол ус гэтлэн явах шаардлагатай ба оньст техникийн сураг ч сонсдоогүй тэр цагт эдгээр хүнд хавтангуудыг байгалийн энэ саад дундуур хэрхэн зөөвөрлөсөн нь нэн бүрхэг. Байгалийн саадыг тойрно гэвэл нэг бол хойгуур Баарингаар давж, Халиуны хоолойн хойт талаас, эсвэл урагшаа Төмөрхавын үзүү­р­ээр тойрч, Бигэрийн хоолойгоор орж ирэх замтай. Энэ хоёр замын аль аль нь шулуун явсан замаа хэд дахин уртасгана. Гэвч юутай ч тэр цагийн барилгачид тэдгээр олон хүнд чулуун хавтангуудыг зөөвөрлөж чадсан л байгаа юм. Хасаг тэрэг хэрэглэсэн болов уу гэлцдэг нь харин хамгийн ортой байх. Мисирийн цац суврагуудын аварга том гантиг чулуудыг хэрхэн татсан талаар таамнал, маргаанууд одоо болтол эцэслээгүй. Гэтэл гантиг хавтангуудаас илүү сонирхолтой зүйл бас бий. Хийдийн гол дуган нь гурван давхар өндөр, одоогийн Гандан хийдийн Мэгжид-Жанрайсигийн дуган шиг хэлбэртэй, дотор нь ороход уудам хүнхэр танхимийн орой нь тэртээ дээр харагддаг байсан гэдэг. Танхимын тулгуур болох дөрвөн лут том модон багана байжээ. 10 орчим насны хоёр банди хоёр талаас нь алдалж байж гар нь хүрдэг бүдүүн, 10 орчим метр өндөр тэдгээр баганууд элдвийн яр салтар, өө сэвгүй шулуун бөгөөд энэ дөрвөн баганын суурь саяхан болтол байсан тухай ярилцдаг. Энэ дөрвөн мод Зэлийн голын У-тохой салаанаас доохни нэгэн хадны үе дээр зэрэгцэн ургасан байжээ. Моддыг тайрахад эхнийхээс нь цус, хоёрдахиас нь ус, гуравдахиас нь архи, эцсийнхээс нь сүү урсчээ. Нутгийнхан тэдгээр моддын үлдэгдэл хожуул бүхий хадны үеийг шүтэн биширч, залбирч ирсэн хийгээд баргийн хүн ойртож үзэхэд бэрх өндөрт байрласан тэдгээр моддын хожуул 1930-аад онд хийдийг нурахад гэнэтхэн ор мөргүй алга болчихсон гэнэ.
Одоо энэ хууч яриаг мэддэг, эсвэл 1930-аад оны явдлыг нүдээр харсан хөгшчүүл тэр л салааны эхэнд, тэнд л байсан юм даа хэмээн асга, мод бутан дундаас муухан харагдах аль нэгэн хадан үеийг баримжаалан заах л болов уу. Харин тэр хавцал хадны үеэс тэрхүү лужир том моддыг тэмээ байтугай баргийн хасаг тэрэг ч гаргах боломжгүйн дээр ерөөс тэр хавь нутагт хасаг тэрэг явах ямар ч боломжгүй бартаа саадтай билээ. Чухам тиймээс л тэдгээр моддыг хийдийн гол дуганын багана болгохоор Лусын хаан луус хөллөсөн тэнгэрээр зөөсөн гэсэн домогт олон хүн итгэдэг болов уу. Сүрэнжав дүвчиний эрдэм чадлыг Богд хаан сонсоод түүнийг дэргэдээ авахаар дуудуулжээ. Дүвчинтэн шавь, дотныхоо хүмүүсийг дагуулан хүрээ явах замд Арвайхээр орчимд гэнэт бие нь ихэд муудав гэнэ. Дүвчинд хэдэн чадалтай шавь байж, тэд юунаас болов хэмээн мөнгө цутгаж үзтэл хараал ирсэн байжээ. Шавь нарт нь тэр хараалыг буцаах чадал хүрсэнгүй, Дүвчинтэнд бараалхаж, “Та энэ хараалыг хариулна уу” гэж гуйсанд “Хэрэггүй, хэрэггүй. Манай зиндааныхнаас л ирж байгаа юм. Энэ муу жатга хараалыг хариулбал нутаг оронд маань л гай гамшиг болж унана” гээд халгаасангүй байсаар өнгөрчихөж гэнэ.
Сүрэнжав дүвчнийг замдаа эндсэнийг сонсонгуут Хамба гэгээн “Тэр Нэйлийг дууд” гэжээ. Нэйл ч хүрээд ирж. Гэгээнтэн “Чи хө, яах гэж ганц сайн дүвчингийн минь араас жатга гүйлгэв” гэсэнд Нэйл “Сүрэнжав бид хоёр нэг зиндааных, эрдэм чадлын хувьд бид ойролцоо. Гэтэл тэр Богд гэгээнтэнд тоогдсонд хор төрж, би тэссэнгүй жатга илгээсэн билээ” хэмээн үнэнээ өчсөн байна. Гэгээн “Эрдэм гэдэг ирт мэс шиг. Энэ мэс сэтгэлд номын гэгээ тусч, нинж төрөөгүй хүний гарт орвол хүнийг авардаг биш алдаг мэс болно. Түүнийг ч чи үзүүллээ. Адилхан эрдэм чадалтай атал чамайг биш Сүрэнжавыг сонгосны учрыг чи одоо ойлгож байна уу” гэсэнд Нэйл “Ойлгож байна аа” гэж. “За, тийм байдаг байж. Үнэнээ хэлсний төлөө амийг чинь үлдээе. Алив наашаа тонгой” гэсэнд Нэйл тэрхэн зуур тонгойж, Гэгээнтэн ч гартаа байсан эрхээрээ духанд нь нэг хүрээд “Одоо яв яв” гэжээ. Нэйл Гэгээний лаврингаас гарангуут довжоон дээр нь дэвхцээд эхэлжээ. Тийнхүү Эрдэмт Нэйл маань Салга Нэйл болов. Нэйлийг унтаж байхад нь ч хоёр хөл нь дэп – дап, дэп – дап гээд савчиж байдаг, явахдаа биеэ хурааж хурааж, доороо дэвхчиж дэвхчиж байгаад үүд хоймрын зайд хар гүйхээрээ яваад харуулдаж унадаг, нүүр өөдөө цацчихдаг учир аяганд цай ууж чаддаггүй, ямагт ус дүүргэсэн том тогоонд толгойгоо дүрж байж уудаг, хоолыг нохойн идүүрт хийж өгөхөөр нэг гараараа нөгөөгийнхөө шуунаас тас зуурч байгаад анаж анаж өнөөх хоолыг базаад авдаг, түүнээ ам руугаа мөн л бага багаар ойртуулсаар гэнэтхэн ам руугаа цацаж, тал хагасыг нь үмхэж авдаг зовлонт болжээ. Гэгээнтэний хүссэнээр Нэйлийг Хүрээн­ийхэн ээлжлэн аль сайнаараа хооллож, ундлан, хувцаслаж байв. Зарим дэггүй банди нар зүггүйтэн хэвтэж буй түүн дээр мордчихоор дэп – дап, дэп – дап гэж тэмээ тавчиж буй мэт дээш нь хөөргөн зугаацуулдаг, бас зарим нь түүнд тавьж өгсөн хоолыг нь булааж иддэг ч байсан гэдэг. Тэгж явсаар хогийн ганганд золбин нохдын дунд өнгөрчээ. Харин “Энэ Нэйл хүйтэн мэсийг тавихааргүй атгажээ. Мэсийг нь дахин хэрэглүүлэхгүй байх өөр арга олдсонгүй дээ” хэмээн Гэгээнтэн энэ тухай ойр дотныхондоо учирласан байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=