
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс иргэн Б нь зөвшөөрөлгүйгээр цоохор ирвэс агнаж түүнийгээ иргэн Т-д дамжуулсан байгаа юм. Иргэн Т нь ирвэсийг Улаанхус сумын “Их Ойгор” багийн нутаг дэвсгэр болох “Хар Ямаат” гэх газраас 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв рүү “Тоёота ланд круйзер”-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч ирж өөрийн гэртээ хадгаласан байжээ. Тээвэрлэн ирэх явцдаа иргэн Т нь өөрийн эзэмшлийн 99….97 дугаараас аймгийнхаа засаг дарга Е.Зангарын 99….55 дугаарт холбогдож ирвэс тээвэрлэн ирж буйгаа хэлж, мэдээлэл өгч ярилцжээ. Е.Зангар нь цоохор ирвэсийг зөвшөөрөлгүй агнасан гэдгийг мэдсээр байж өвчиж арьсыг нь махнаас нь бүрэн бүтэн салгаж авах, ирвэс агнасан тухайгаа хэнд ч хэлж, бусдад харуулж болохгүй шүү гэх зэргээр зааварчилгаа өгч удирдан зохион байгуулсан байна. Е.Зангарыг нэн ховор амьтан болох цоохор ирвэсний арьс махыг тээвэрлэсэн хадгаласан үйлдэлд, хууль бусаар ан амьтан агнах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Тэр бүү хэл Засаг дарга Е.Зангар нь сүүл нь хэр зэрэг урт байна, арьсыг нь цоолохгүй өвчөөрэй гэх зэрэг зааварчилгааг гар утсаар ярьж, бичих зэргээр өгч байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Цоохор ирвэс нь “Улаан номонд” бүртгэгдэхээс гадна устах аюулд орсон амьтны тоонд багтдаг аж. Устах аюулд орсон амьтны тоонд Ирвэс, Бөхөн, Тахь, Мазаалай, Хавтгай, Хар сүүлт зэрэг ан амьтад багтдаг. Эдгээр амьтдыг тусгай зөвшөөрлөөр ч агнаж болдоггүй нэн ховор амьтан юм. Эрүүгийн хуульд зааснаар, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин одоо цоохор ирвэсийг агнах, тээвэрлэх, бусдад дамлан худалдаалах гээд бүхий л үйлдлийг зааварчилж, уг гэмт хэргийг удирдан зохион байгуулсан Засаг дарга Е.Зангарт хатуу ял оноохыг байгаль хамгаалагчид шаардаж байна. Тухайн нутаг дэвсгэрийг хүн ам, мал амьтантай нь хайрлаж хамгаалж ажиллахыг хариуцуулж, Засаг дарга болгосон байхад тэрээр хууль зөрчин, ховор ан амьтнаа агнаж суудаг нь дэндүү харгис үйлдэл юм.