МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙСАН ХЯТАДЫН ТАГНУУЛЫН АЛБУУД


Түүх сөхвөл, Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ. Өнгөрсөн зууны эхээр “Гурамсал”, “Цагаан сараана”, “Газар тэнгэр”, “Ах дүүс”, “Гэзэггүйчүүд” гэх мэт тагнуулын олон бүлгийг үүсгэн байгуулж Монголчуудыг тагнаж хагалган бутаргаж ирсэн байдаг. Эдгээр бүлгийн дотроос хамгийн олон гишүүнчлэлтэй тагнан турших хорлон сүйтгэх бүлэг бол “Гурамсал” буюу олон улсын нэршил нь “Триад” гэх бүлэглэл юм. Гадаад улс орнуудад амьдарч буй хятад худалдаачид “гурамсал”-ын гол цөм болж ажилладаг байсан юм. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед 100 мянган хятад худалдаачид монгол орноор хэрэн хэсэж явдаг байжээ. Тэдний олонхи нь хятадын тагнуулын мэдээллийн нууц эх сурвалж болдог байсан байна. Хятадын нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хувиралтыг дагаад тагнуулын нууц бүлгүүдийн нэр хаяг нь ч солигдож ирсэн. Ардын засгийн жилүүдэд манай улсын эсрэг “Урам зориг хөгжүүлэх нийгэмлэг”, “Их Азийн бүлэг” гэх зэрэг японы тагнуулын халхавчийн байгууллагуудын нэр хаягийг зээлдэн хятадын тагнуулууд БНМАУ-ыг тагнах ажиллагаа явуулдаг байжээ. “Гурамсал” хэмээх бүлэг нь “Триад” гэгч бөгөөд анх 1674 оноос сонсогдож эхэлжээ. Монгол Манжийн нөлөөнд байх үед Хятадын “Шаолин” сүмд далд үүссэн “Манжийн эсрэг хан үндэстэн” гэсэн уриан дор бий болсон нууц байгууллага юм байна. “Гурамсал” буюу гурав гэдэг тоо нь дээд тэнгэр, доод газар, дунд нь орших хүн гэсэн гурвын холбоо гэж тайлбарладаг. Тэр үед Манж Монголын хооронд байгуулсан гэрээгээр батлан хамгаалах салбарт цэрэг зэвсгээр хамтран ажиллана гэсэн заалттай байсан тул монгол цэргүүдээр “Шаолин” сүмд нуугдсан байгууллагыг шууд нухчин даруулсан бөгөөд тэр их хядлагаас амьд үлдсэн гурван нууц ажилтан цаашдаа зүүн өмнөд ази руу гарч “Триад” буюу “Гурамсал” гэгч мафи үүссэн гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Триадын зарчим нь эхлээд тус улсад “Чайна таун” бий болгодог тэгээд тэндээ нэг сүмтэй болдог, тэр сүмдээ нууц байгууллага нь бий болдог байсан байна.
Нийслэл хүрээнд хорьдугаар зууны эхэнд баригдсан Хятад маягийн хийцтэй хоёр сүм байдгийн нэг нь Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 оны үед шашны номлолыг Монголд дэлгэрүүлэх зорилгоор Их хүрээний баян чинээлэг пүүсүүдийн эзэн хятад иргэд, хятад лам нарын сүсэг бишрэлээр хуримтлагдсан мөнгөөр Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь Хятадын цэргийн нэгэн том эрхтэн Гуан Юүйн өргөмжилсөн нэр бөгөөд түүнийг тахин шүтсэн сүмийг “Гуан дийно” гэдэг байна. Удаах нь Дарь эхийн сүм бөгөөд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт тухайн үеийн Наймаа хот хэмээгч Амгаланд одоо ч байдаг. Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг байгуулах болжээ. Элбэг-Амгалант гацаа, Наймаа хот, Амгалан баатар хот хэмээн тус тус нэрлэж байсан Улаанбаатарын чайна таун байсан бөгөөд яг энэ хоёр сүмд дээр өгүүлсэн “Гурамсал” анх байгуулагдсан гэж үздэг байна. Сүмийн төв хэсэгт “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж хятадаар бичсэн байдаг. Гол сүмд хятад маягийн Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном үйлддэг байв. Энэ сүмийг 1937-1938 онд нураасан. Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чулуун дээр хүн, амьтан, хээ, угалз, бичиг үсгийг маш уранаар сийлж хийснээрээ онцлог бөгөөд монголд 11м өндөр, ийм уран хийцтэй өндөр багана байдаггүй. Энэ хоёр сүмд “триад” оршиж Да Шин Хү гэх мэт пүүсүүдийг элсүүлэн далд санхүүжүүлж зээл олгон өртүүлэх бодлогын маш чадамгай хийж байсан тухай архивт арвин материал үлджээ.
Социализмын үед ч хятад тагнуулууд Монголд орогносоор байжээ. БНХАУ 1949 онд байгуулагдсаны дараагаар манай нам, засаг 1954 оны эцсээр улсын хилийг найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн хил болгон зарлаж, Цэргийн яам, Дотоод яамыг 90 гаруй хувиар цомхотгон нэгтгэж, хилийн цэрэг, хилийн хамгаалалтыг татан буулгасныг далимдуулан энэ зай сиймхийгээр 50-иад онд хятадын тагнуул туршуулууд олон арваараа манай нутагт чөлөөтэй шургалан орж тархан суурьшдаг болсон юм. 1950-60 оны эхээр манай улсын баруун хилээр хятадын цэрэг, тагнуулын салбар цөмрөн орж ирж нутгийн ард иргэдийг хөөн зайлуулж газар нутгийг эзлэн сууж, шаардлага тавьсан аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийг баривчлан зоддог хэрэг явдлыг удаа дараа гаргаж, хил орчмын нөхцөл байдлыг хурцатгаж байсан. Хятадуудтай харилцан зодолдвол түүгээр шалтаглан цэргийн мөргөлдөөн, хэрэг будлиан үүсгэхэд бэлэн байсан бөгөөд тийм шалтаг олгохгүйн тулд манай аюулаас хамгаалах, тагнуул, хилийн төлөөлөгчид номхон хүлцэнгүй байж, хятадын цэрэг цагдаа тагнуулынхны зодуурыг тэсвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байв. Хятадуудад зодуулснаас манай аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийн олон арван офицер, ахлагч, ажилтнууд гэмтэж бэртжээ. Баруун хилд цөмрөн орж ирсэн хятадын цэргийн тагнуулын салбар манай нутаг дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 1960-61 оны байдлаар Монголын нутагт тагнах ажиллагаа явуулах үүрэг бүхий 100 туршуулаас бүрдсэн маш нууц сүлжээ байгуулчихсан нь илэрчээ. Социализмын үед тагнуулын ажиллагаа хэрхэн явагдаж байсныг цагдаагийн дэд хурандаа З.Батсүх нэгэн дурсамжиндаа ийнхүү бичсэн байдаг. “Дэлхий нийтээрээ гадаад тагнуулаа байршуулах олон хэлбэр бий. Элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар халхавчлан тагнуулаа илгээдэг. 1960 онд Хятад, Монгол хоёр их найрсаг байх үед хятадууд манайд ажиллах хүчин болгож 35-40 мянган ажилтан өгсөн. Тэр хятадууд аймаг болгонд барилга барьсан. Хөх даалимбан цамцтай, хар шаахайтай хятад ажилчид цэнхэртэж байдаг байсан.Туул голын ойрхон морин тойруулга дээр барилга барьж байсан хятадууд дотор тагнуул байгаа сэжиг гарсан юм. Шалгаад үзсэн чинь жирийн барилгачид дотор Хятадын генерал тоосго зөөж, шавар зуураад явж байсан шүү дээ. Гэтэл тэд бүгд цэргийн зохион байгуулалттай байсан. 3540 ажилтан бүгд Хятадын цэргийн хүмүүс байсан…” хэмээн ярьсан байдаг.
Энэ түүх бол Хятадын талаас хамгийн анх 1958 онд 22,5 сая, 1960 онд 45,0 сая шилжих рублийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэй олгож Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд энэ үед Энхтайвны гүүр, Их тэнгэр, Их дэлгүүр, Улаанбаатар, Баянгол зочид буудал, 2 р цахилгаан станц 40,50, 120 мянгатыг Хятадын зээл болон засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд энэ барилга байгууламжийг барихаар ирсэн хятад ажилчдын тухай өгүүлж байгаа нь өнөөх л 20 дугаар зууны эхээр хөдөлсөн тагнан турших ажил энэ үед ч явсаар байсныг илтгэнэ. Хятад улс 1980-аад оноос маш эрчимтэйгээр тагнуул, сөрөх тагнуулын бүтцийг сайжруулж 10-15 жилийн хооронд бүх дэлхийг хэрсэн үйлдвэрийн болон улс төрийн маш хүчирхэг тагнуулын сүлжээтэй болжээ. “Хятад хүн бүр тагнуул хийж чадна, хийх ч үүрэгтэй” гэсэн уриан дор тэд дэлхийгээр нэг тарсан цагаач иргэдийн бүлэглэл болох “хуайцо”( хужаа ) бүлэг эхлээд ажилдаа ордог байна. Сүүлийн арваад жилд Хятадын тагнуулын албад АНУ, Орос, Европод маш хүчтэй нөлөөтэй болсон байна. Хятадын тусгай албад аль эртнээс бусад улсын эрх барих байгууллагуудын бүтцэд орчинд нь мэдэгдэхгүйгээр нэвтрэх онцгой стратегийг ирээдүйтэй гэж үзэж нам улс төрийн удирдагчдыг нууцаар санхүүжүүлэх, улс төрийн зүтгэлтнүүдийн төрөл садангийн хүмүүст эдийн засгийн хөнгөлөлт ямар нэг аргаар үзүүлэх зэргээр ашиглаж эхэлснээ “нууц дайн” хэмээн нэрлэдэг байна. Хэдийгээр энэ нууц дайн тэр дороо амжилт гаргахгүй ч ямхын онолоор яв явсаар тус улсын тусгаар тогтнолыг чимээгүй залгих зорилготой.
Хятад ийм чимээгүй түрэмгийллээ эхлээд Хонг Конг, Малайз, Филиппин, Тайланд, Сингапур улсуудад туршсан бөгөөд одоогийн байдлаар дээрх орнуудын зах зээлийн 50- 80 хувийг эх газрын Хятад хянаж байгаа буюу мөнгөний урсгалын ная хүртэлх хувь Хятад руу урсаж байгаа нь туршилт амжилттай хэрэгжиж байгааг шууд харуулж байна гэж барууны хэвлэлүүд маш ихээр бичих боллоо. Бас нэг анхаармаар зүйл бол Хятадын тагнуулын алба ямар ч улс орны тухай мэдээллийн 80 хувийг зүгээр ил байгаа мэдээллээс олж болно гэдгийг олж харжээ. Тэгээд цахим ертөнцийг хянах ажилд их эртнээс бэлтгэлтэй орсон байх юм.
2004 онд анх Монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компанийг тагнуулын ажиллагаа явуулдаг гэж дэлхийн улс орнууд үздэг. ZTE дэлхийд авилга, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг “ZTE” компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгдүгээрт жагсах аж. Энэ компани нь дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон "ZTE" хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. "HUAWEI" компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог "Deutsches Forschungsnetz" хэмээх сүлжээнд "Huawei"-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан.Жилд 20 миллиард ам, долларын гүйлгээ хийж хэдэн миллиард ам.долларын ашигтай ажилладаг Хятадын "HUAWEI", "ZTE" компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж. Харин Монгол Улсад интернетийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Mobinet, Magicnet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэж ярьдаг. Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна. Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйсгэхгүй юм.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=