Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР САЙДАА НЯСЛАХААР ШИЙДЭВ ҮҮ


Эдийн засгаа элгээр нь мөлхүүлж, улсын төсвийн хамаг мөнгийг зөвхөн эрүүл мэндийн салбар руу цутгасан ч коронавирусийн цар тахлыг хумьж чадахгүй, эмч нар ч, иргэд ч сөхөрч бухимдаж эхэлсэн. Иргэдийн уур бухимдлаас айсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  танхимынхаа хоёр сайдаар туг тахихаар шийдсэн бололтой. 

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Замын-Үүд боомтод ажиллаж, ачаа бараа гацаад байгаа асуудлыг өөрийн биеэр очиж шалгасан. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь  хувийн бизнесээ өргөжүүлж, ашиг сонирхлын эсрэг хуулийг ноцтой зөрчиж байсныг холбогдох албаны хүмүүс мэдээлжээ. Түүний хүү Х.Нямдоржийн Ай Ти Би ХХК нь Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Замын-Үүдэд ноёрхлоо тогтоосон өөрийнхөөсөө бусад ачааг явуулахгүй байсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрэн зогссон аж. Мөн эхнэр Ганзул нь УБТЗ-ын бүх вагоны хуваарилалтыг хийдэг бөгөөд нүүрсний экспорт бүрэн зогссон байна. АТГ-аас Зам, тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг шалгаж эхэлсэн бөгөөд эхнэр, хүүхэд хоёр нь тээврийн бизнес хийдэг болохыг тогтоосон бөгөөд энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл өгсөн аж. Тийм учраас Л.Халтарыг  огцруулахаар шийдсэн байна.

Мөн түүнтэй хамт  Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах бололтой. Шинэ сайд коронавирусийн цар тахалтай тэмцэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж чадаагүй, мөн эрүүл мэндийн салбарт маш их хэмжээний санхүүгийн зөрчил үүссэн  байсан нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан болоод байсан. Харин энэ бүхэн дээр эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй хүн нас барсан нь замыг нь шулуутгаж өгчээ. Өөрийнхөө рентген зургийг бариад гурван эмнэлэгт амь тэмцэн очоод ч үйлчилгээ авч чадаагүй монгол хүн нохойноос дор нас барсан нь эрүүл мэндийн салбар ямар ч уялдаа холбоогүй, хүйтэн сэтгэлээр ажиллаж байгааг олонд харуулсан.  Нэг баг болон ажиллаж байгаа ч нэлээд олон удаа алдаа дутагдал гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг ийнхүү наадмын өмнө огцруулахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=