АН-ЫН АРГАА БАРСАН АМЛАЛТАНД АРД ТҮМЭН ИТГЭНЭ ГЭЖ ҮҮ?


Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрсдийгөө олон жил улстөрийн сөрөг хүчин хэмээн цоллодог, дурсамжаас өөр  зүйлгүй болсон АН-ынхан ээлжит ялагдлаа хүлээсэн билээ. Хэдийгээр манай улс ардчилсан засаглалтай ч энэ нь АН-ын өмч биш юм. АН-ынхан олон жилийн турш ардчилал гэх үгийг өмчилсөн ч үнэндээ нам дотроо ч ардчилалгүй, ард түмнийхээ төлөө ардчилсан байж чадаагүй учраас ийнхүү сонгууль бүрээр дүнгээ тавиулаад байгаа. Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Орон нутгийн ээлжит сонгууль болно. “Сүүнд халсан хүн тараг үлээнэ” гэгчээр өмнөх УИХ-ын сонгуульдаа навс ялагдсан АН-ынхан аргаа барж, ард түмнээ хулхидаж эхэлжээ. Хэдхэн хонгийн дараа болох Орон нутгийн сонгуульд худлаа ярьж байгаад ч болов хэдэн суудал авахаар улайрч байгааг иргэд баримттайгаар өгүүлж байна. Уг нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд хууль бусаар төрийн эрхийг авах тухай маш тодорхой заасан нь бий. Гэвч удаа дараа ялагдал хүлээж буй АН-ынханд хууль журмыг дэвслэх нь юу ч биш бололтой. Ингээд баримт руугаа оръё.


Нийслэлийн Баянгол дүүргийн зарим хороод гэр хорооллын айлууд ихтэй. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд гэр хорооллоос аль болохоор зугтаж, орон сууцанд орохоор тэмүүлэх болсон. Тэр дундаа төрөөс хэрэгжүүлж буй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд цөөнгүй бөгөөд энэхүү хөтөлбөрийг талархан хүлээн авсан юм. Гэтэл иргэдийн энэхүү хүсэл зорилгыг АН-ынхан овжноор ашиглаж, 2020 оны нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд хууль бусаар санал татах оролдлого хийж эхэлжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд тодорхой мэдээлэл авахаар харьяа хороондоо хандахад “АН л гарахгүй бол энэ хөтөлбөр зогсоно. АН гарч байж хөтөлбөр цааш үргэлжилнэ” гэх утга бүхий зүйлсээр иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж, саналаа өгөхөд нь нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байгаа аж. Иргэд рүү чиглэсэн зөв зүйтэй хөтөлбөр аль ч намаас үл шалтгаалж, төрийн бодлогын дагуу тасралтгүйгээр цааш үргэлжлэх ёстой байтал АН л сонгуульд ялахгүй бол энэ хөтөлбөр зогсоно гэх тархи угаалт хийж байгаадаа АН-ынхан ичих хэрэгтэй. Энэ талаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн  Б “Манайх дүүрэгтээ хэрэгжиж буй түрээсийн орон сууц хөтөлбөрийг сонирхож хорооныхоо алба хаагчидтай уулзаж, тодорхой мэдээллийг авсан. Залуу гэр бүл гэсэн ангилалд багтаж байгаа. Гэхдээ нөхөр ганцаараа ажил хийдэг болохоор орлогоо нотлоход амаргүй л болов уу. Бас хорооныхоо холбогдох мэргэжилтэнтэй  уулзахад “АН гарч байж л энэ хөтөлбөр хэрэгжинэ” гэж нам, улс төрийн талаас нь ярьж байгаа нь таалагдаагүй. Манайд сонгуулийн насны нөхөр бид хоёр л бий. Тэгэхээр аягүй бол хоёрхон хүний саналаар дутахгүй гээд хасагдчихаж магадгүй. Эсвэл цаанаасаа хүмүүс нь аль хэдийнэ тодорчихсон ч байж мэднэ гээд эргэлзэж л байна. Ямартаа ч материалаа бүрдүүлж өгөөд үзнэ дээ” хэмээн ярьсан юм. Үүнээс харахад л Баянгол дүүргийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид иргэдэд ямар буруу мэдээлэл өгч, төрийн ажлыг намын нэрийн өмнөөс ашиглан, нэг ёсондоо залилангийн хэрэг үйлдэж байгаагаас ялгаа байхгүй үйлдэл гаргаж байна.  

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хороо тус бүр дээр айлуудын тоо хязгаарлагдмал, зорилтот бүлэг рүү чиглэсэн байхаар тусгагдсан хэдий ч Баянгол дүүргийн 10 дугаар хороо л гэхэд иргэн болгоныг бүртгэж, хорооны ажилчид оршин суугчид руу залгаж ухуулах, сурталчлах ажлаа эрчимжүүлсэн талаар дүүргийн иргэд онцолж байлаа. Энэ бол зөвхөн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн баримт хэдий ч бусад хороодод ч “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэдээ бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд хамгийн гол нь “АН-д саналаа өгвөл ажил зогсохгүй явж, та нар орон сууцандаа амжиж орно” гэж илтэд сонгуулийн сурталчилгаа хийж байгаа юм. 

Харин  иргэдийн талархлыг хүлээгээд буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр нь Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд 2019-2024 он хүртэл үргэлжлэх төрийн дэмжлэгтэй томоохон хөтөлбөр юм. Улс орон даяар хэрэгжиж буй энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн 100 айлын орон сууц 2021 оны долдугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөөд байгаа юм.  Тэгэхээр Баянгол дүүрэг 200 мянган иргэнтэйгээс 2019 оны байдлаар 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэж үзэхээр 40 мянга орчим иргэнд хамааралтай хөтөлбөр болж хувирах юм.  Гэтэл Баянгол дүүргийн АН-аас баригдаж дуусаа ч үгүй байгаа, дөнгөж саяхан шаваа тавьсан эхний ээлжийн 100 айлын барилгыг өөрсдийн мэт өмчилж, “Манай намд саналаа өгвөл ирэх жил ашиглалтанд орох энэ байранд оруулна” хэмээн амалж буй нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тэр ч байтугай “Хэрвээ манай намд л саналаа өгөхгүй бол энэ хөтөлбөр зогсоно” гэж буруу ойлголт өгч байгаа нь харамсалтай.  

Баянгол дүүргийн 10 хорооны Засаг дарга хэвлэлд, “Түрээсийн орон сууц хөтөлбөрт манай хорооноос эхний ээлжинд 10 өрх хамрагдлаа гэхэд дараагийн хүмүүс нь дараа дараагийн байрандаа ороод явна. Байр ашиглалтанд орох болгонд бүртгэл явагдахгүй учир бүртгүүлэх хүний тоо хязгааргүй” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Хязгааргүй гэх энэ үгийн цаана хамаг булхай луйвар нуугдаж байгаа юм. Аль болох олон хүн бүртгүүлж, хороо хориноороо очиж уулзахад хороо, дүүрэгт ажилладаг дунд шатны төрийн албан хаагчид илтэд худал хэлж, “Таныг түрээсийн орон сууцанд бүртгэлээ. Сонголтоо АН-д өгөөрэй” хэмээн тулгаж, барьцаалдаг байна. Зарим иргэд мэдээлэл муутайгаас, нөгөө талаасаа төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүсийн үгэнд итгэж, саналыг нь зөвшөөрчээ. Гэтэл 2019-2024 онд 1000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулна гэж төлөвлөж  байгаа билээ. 

Харин Баянгол дүүргийн зөвхөн нэг хороон дээр 1000-аас илүү хүнийг түрээсийн орон сууцанд оруулна хэмээн худал амалж, бүртгэл хийсэн тохиолдол ч гарчээ. Энэ нь ердөө иргэдийн хүсэл мөрөөдлийг нь ашиглаж, түрээсийн орон сууц хөтөлбөрөөр шалтаглаж, сонгуульд иргэдийн саналыг  барьцаалан худалдан авахыг санаархаж байгаа явцгүй, явуургүй арга болохыг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Тэгээд ч аргаа барж буй АН-ын амлалтанд ард түмэн итгэхээ больсон гэдгийг өмнөх сонгуулиуд ч харуулсаар байна.

Иргэд ч нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болж, Засгийн газраас болон хороо дүүргээс хэрэгжүүлж буй ажлуудыг мэдэж танилцдаг болсон. Гэтэл Баянгол дүүргийн АН аргаа барахдаа ийнхүү худал амлалт өгч суугаа нь алхам тутамдаа баригдаж байна.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=