ТҮҮХИЙН ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛИЙГ ТОНОН ДЭЭРЭМДСЭЭР БАЙХ УУ?



Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг харийнхны гар хөл болж тоносон хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Жишээ нь, Говь-Алтай аймгийн музей, Дундговийн Баруун Чойрын хийд, Эрдэнэзуу хийд, Монголын үндэсний түүхийн музейгээс алдагдсан бурхад, түүх соёлын дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээлүүд өнөөг хүртэл олдоогүй байна. Эртний эдлэлийн ченжүүд нэртэй луйварчдын гар хөл болж, элэг нэгтнээ, ах дүүсээ дээрэмдэн, амь насанд нь аюул учруулсан явдал одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий аймагт хүртэл гарч байв. Хархорин, Говь-Алтай аймагт музейн үзмэрийг тонон дээрэмдэхдээ манаачийг хүлж, урлагийн хосгүй нандин бүтээлийг хулгайлсан хэрэг 2013-2014 онд шил дараалан гарч байсан аж. Нэг үгээр түүхийн үнэт бүтээлийг хулгайлах, тонон дээрэмдэх хэрэг хэрхэн гарч байсан талаар тодорхой хүргэе.

  2004 оны гуравдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн Г.Эрдэнэсайхан гэгч найз Ж.Баярсайхан, Г.Цээтуяа нарын хамт Багануур дүүрэгт иржээ. Энэ нь тэднийд анх удаагаа ирж буй тохиолдол биш аж. Өмнө нь хэд хэдэн удаа ирж хохирогч Банзрагчийнхийг судалсан байжээ. Улмаар гэрт нь дайран орж “Дуугарах юм бол ална шүү” хэмээн сүрдүүлж, хутга тулган гуулин суваргыг нь авчээ. Хожим хохирогч эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн эртний эдлэл болох гуулин суваргаа 100 мянган төгрөгөөр үнэлж, хохирол нэхэмжилсэн байдаг. Дээрэмчид дээрх үйлдлээсээ хойш нэг хэсэг чимээ аниргүй байсан байна.  Энэ үед дээрэмчид мөнгө төгрөг ч муутай болж, хурдан мөнгөжих арга хайж эхэлжээ. Ингээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат хоёр залуугийн унааг ашиглаж, сумын төвөөс хойш Тэнхлэг хэмээх газар нутаглаж буй, сумандаа нэлээд малтай, мөнгөтэйд тооцогдох айлыг зорьсон байна. Тэднийг очих үед иргэн Дашдоржийнх эзгүй, гэр бүлээрээ сумын төв рүү явсан байжээ. Г.Эрдэнэсайхан, Ж.Баярсайхан нар нутгийн хоёр залуугийн хамтаар тэдний өнгөтэй өөдтэй, үнэд хүрнэ гэж хэлж болохуйц эд зүйлийг тонож, 1,6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Гэмт этгээдүүд дээрх айлын эд зүйлсийг хулгайлснаас хойш мөн л нэг жил орчим хугацаанд усанд хаясан чулуу шиг алга болжээ. Тэр жилийн хамгийн богино шөнө Г.Эрдэнэсайхан хадмынхаасаа Улаан­баатар явлаа хэмээн гарсан байна. Ингээд М.Энхбаяр, Х.Ганболор гэх Цэнхэрмандал сумын харъяат хоёр залуугийн хамт тус сумын нутаг дахь Юүдэг гэх газарт зусаж байсан Цэгмидийнд очжээ. Гэрийнхэн нь тухайн үед байгаагүй юм байна. Гэмт этгээдүүд тэднийхээс хоёр сая төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн бурхныг нь хулгайлжээ. Түүнээс хойш өнөөх л аргаараа нэг жилийн хугацаанд ажин түжин байсан аж. Хэрэг гардаг өдрийн урд шөнө Г.Эрдэнэсайхан тухайн үед Хэнтий аймгийн нэгэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Энхбилэг гэгчтэй ихэд дотно нөхөрлөж байжээ. Ингээд Эрдэнэсайхан ээлжит хулгай, дээрмээ хийхээр Энхбилэгийг дагуулан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвийг зорьсон байна. Хажуудаа хэсгийн төлөөлөгчтэй яваа болохоор түүнд айх аюул байсангүй. Цаад төрийн цагдаа нь ч төрийн нэр барьж их л додигор явсан байна. Мань хоёр шөнө болмогц Дэлгэрхааны хийдийн манаачийг эзгүйчлэн орж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн бурхан, бойпор, гүнгэрваа зэргийг хулгайлан оджээ.  Г.Эрдэнэсайхан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Эрдэнэ­самбуугийн хашаанд байдаг өвөө, эмээгээс нь уламжилж ирсэн чингэлгийг эвдэн орж, 177 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эртний эдлэлүүдийг тоножээ. Гэхдээ тэр ганцаараа явсангүй. Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдын нутагт айл тонохдоо дагуулж явсан найз Б.Энхбилэг, М.Энхбаяр болон Өмнөдэлгэр сумын харъяат Д.Батбаатар нартай хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. Д.Батбаатар нь Эрдэнэсамбуугийнхаар анхлан орж сиймхийг ашиглаж, нөгөө гурав нь уг хэргийг үйлдсэн гэж УМБГ-ын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудад мэдүүлсэн байна.  Гэмт хэрэгтэн Г.Эрдэнэсайхан, Д.Батбаатар, М.Энхбаяр нар Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандганы уурхайн зүүн талд оршин суух Найдангийнд дайран орж, гэрт нь хоёр ч удаа хий буудаж, бурханыг нь дээрэмдэхийг завджээ. Азаар ойр орчмынхон нь буун дуунаар сандралдан босч ирснээр гэмт этгээдүүд бурханыг нь авч чадалгүй зугтсан аж.  Г.Эрдэнэсайхан тэргүүтэй дээрэмчид зорьсондоо хүрч чадаагүй тул “шархаа нөхөх”-өөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг зорьсон байна. Ингээд Бор-Өндөрийн хойд хэсгийн гэр хороололд оршин суух Раднаагийнд дайран орж, гэрийн эзэн болон эзэгтэйд буу тулган бурхан, бусад эд зүйлийг нь дээрэмджээ. Гэмт этгээдүүдийн нэг хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Энхбилэг гэгч эд нарыг галт зэвсгээр хангасан байгаа юм. Чононд мах хадгалуулав гэгчээр хүйтэн сэтгэлтэй төрийн цагдаад галт зэвсэг хадгалуулсны гай гарч ирж байгаа нь энэ. Дээрх хэргүүдээс хойш дээрэмчид хэсэг хугацаанд завсарлаж, дээрэмдэж олсон эд зүйлсээ зарж үрэн нэг хэсэг тансаглацгаасан байна.  Ная гарсан Балдан хэмээх өвгөн Хэнтий аймгийн төвд нэг айлын хашаанд гэрээ барьж суурьшжээ. Энэ өвгөнийг эртний эдлэлтэй болохыг засаршгүй дээрэмчин Г.Эрдэнэсайхан аль хэдийнэ хараандаа авсан байна. Тэгээд мань эр өвгөнийг гаравч оровч хараачилж байсаар хөршийндөө ороод гарах хооронд гэрт нь орж, зэс таваг, маанийн хүрдийг нь хулгайлж, 300 мянган төгрөгийн хохирол учруулсан байна.  Улайрсан дээрэмчин Г.Эрдэнэсайхан, хэсгийн төлөөлөгч асан Б.Энхбилэг, Д.Батбаатар нар Монголын түүхийн үнэтэйд тооцогдох ховор эд зүйлийг Хэнтий аймгийн музейгээс хулгайлжээ. Үүнд Халхын Сэцэн хан аймгийн 26 хошууны тамга, агар хувин, Сэцэн ханы мөнгөн хайрцаг зэрэг байжээ. Гэмт этгээдүүдийн хулгайлсан эд зүйлийг Соёлын өвийн төв, Монголбанкны Эрдэнэсийн сангаас 131 сая төгрөгөөр үнэлсэн байна.   Дээрэмчид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд оршин суух Амардаваад халдаж, зодож нүдэн гар хөлийг нь хүлж, гэрээс нь бурхан тахилыг нь тоножээ. Дээрэмчид эхлээд хулгайлдаг, гэрт нь буу тавьж сүрдүүлдэг байсан бол сүүлдээ бүр догширч гэрийн эзнийг шууд барьж аваад зодож нүддэг болсон байна. Цаашдаа хүний аминд хүрэх байсан нь ойлгомжтой. Харин хүний аминд хүрэхээс нь өмнө нутгийн иргэд цагдаад мэдээлж баривчлуулсан нь бас яамай даа. Г.Эрдэнэсайхан тэргүүтэй цагаандаа гарсан дээрэмчдийн энэхүү олон удаагийн халдлагаас болж иргэдэд 413 сая төгрөгийн хохирол учирчээ. Гэвч дээрэмчдийн хулгайлсан эд зүйлсээс нэг нь ч олдоогүй, гэмт этгээдүүд бүгдийг нь худалдаж үгүй хийсэн гэж хууль хяналтынханд мэдүүлсэн байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдийн музейгээс хосгүй үнэт соёлын өвд багтдаг долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарсан. “Эрдэнэзуу” хийдээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайлагдсан бурхад нь XVIII зууны дунд үеийнх, тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог юмсанж. Мөн хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй гуулин цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан юм. Энэхүү хулгайн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байцаагчид хоёр жилийн хугацаанд мөрдөж, өнгөрсөн зун сэжигтнүүдийг олж баривчилжээ. Сэжигтнүүдийг баривчлах үед хулгайд алдагдсан долоон бурханы гурав нь эвдэрч, үйрсэн байв. Улмаар бурхан хулгайлсан этгээдүүдэд сум дундын Прокурорын газраас ЭХ-ийн тусгай ангийн 145-ын 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэхүү хэргийг Н.Тэгшжаргал, Н.Мөнхзул нар үйлдсэн бөгөөд тэдэнд 10 жилийн хорих ял оноожээ.
  Монгол Улсын Төв музей болон аймгуудын музейд эртний бурхан, шүтээн хадгалагдаж байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил музейн хамгаалалт стандартын дагуу хийгдээгүйн улмаас бурхан хулгайлах хэрэг удаа дараа гарсан. Тухайлбал, 2013 оны гуравдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн музейд хадгалагдаж байсан хоёр метр өндөр, 200 кг гаруй жинтэй бурхныг хулгайлсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд урьдаас төлөвлөн музейн цахилгааны кабелийг сүхээр цавчиж цахилгаангүй болгон манаачийг хүлж орхиод зугтаасан юм.  Мөн онд Өндөр гэгээний урласан Ногоон дарь эхийг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун чойрын хийдээс 2011 онд гэмт этгээдүүд хулгайлсан аж. Энэхүү бүтээлийг өмнө нь хоёр ч удаа хулгайд алдаад буцааж олсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн одоогоос таван жилийн өмнө Төв музейд хадгалагдаж байсан 1911 оны Монгол улсын төрийн тамганы хуулбар болон 1912 оны Сэцэн хан аймгийн тамганы хуулбарыг хулгайчид алдсан байдаг. Энэ мэт түүхийн хосгүй нандин, үнэт бүтээлийг тонон дээрэмдэх хэрэг орон нутагт газар авсаар байгаа нь харамсалтай.
Эцэст нь өгүүлэхэд Эрдэнэзуу хийдэд шалгалт хийж, Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхан алдагдсаныг тогтоосон. Уг хэрэгт УМБГ-аас хийдийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад хэргийг тус хийдийн сан хөмрөгч Н.Баяраа үйлдсэн болох нь тогтоогдоод байсан билээ. Тэрээр хэргийг Өвөрхангай аймагт “Тансаг” нэртэй шашны эд өлгийн зүйл болон эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэгчтэй хамтран үйлдсэн юм. Тэд хосгүй ховор бурхадыг Эрдэнэзуу хийдээс хулгайлан Хятадын иргэн Ли гэгчид  багагүй үнээр зарж борлуулсан гэдгээ байцаалтын үед хүлээсэн. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бурхад хятадуудын гарт орсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас  Хятад улсын хэдэн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=