Э.СЭРЖМЯДАГ: ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ БОЛ ХАМГИЙН ХОВОР ЗЭРЛЭГ АМЬТАД АМЬДАРДАГ ОНЦГОЙ БҮС НУТАГ


Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган энэ сарын 25-ны өдөр болно.  Энэхүү чуулганд 500 гаруй байгаль хамгаалагчид хүрэлцэн ирж, өөрсдийн хамгаалж буй байгаль орчныхоо талаар мэдээлэл, туршлагаа солилцох юм байна. Уг чуулганыг тохиолдуулан Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцлаа.

-Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа маань хэзээ байгуулагдав. Хамгаалалтын захиргаа байгуулах гол шалтгаан нь юу байв?
-Монгол Алтайн уулсын үргэлжлэл болсон Өмнийн их говийн баруун хэсэгт оршин байдаг байгаль цаг уурын эрс тэс байдал, түүний өвөрмөц сонин тогтоц бүхий газрууд, байгалийн нөөц баялаг, түүх, соёлын арвин их өв, Төв Азийн уугуул унаган амьтад, эртний гарал үүсэлтэй ховор, ховордсон, нэн ховор олон зүйл амьтадтай нутаг  бол Тост, Тосон бумбын нуруу билээ. Энэхүү нурууг 2016 онд УИХ-ын 35 дугаар тогтоолоор, “байгалийн нөөц” гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, 2017 онд Засгийн газраас 743058 га талбайгааар хилийн цэсийг нь тогтоосон. Тухайн онд Байгалийн нөөц газраар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн цэсийг нь тогтоохдоо уул уурхайн маш олон лицензийг цуцалсан хэдий ч нэг компанийн лицензийг цуцлалгүй, Тост, Тосон бумбын нурууны өвөр энгэрт байрлах газраас өмлөж өгсөн байдаг. Тухай уул уурхайн компани хууль бусаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн учраас нутгийн иргэд  тэмцэл өрнүүлсний үр дүнд уг уурхайн лицензийг цуцлуулж чадсан. Харин 2019 онд уг уул уурхайн лиценз нь цуцлагдсанаар 53 мянган га талбайгаар нэмэгдүүлж, одоо нийтдээ 896540 га талбай болгон, хилийн цэсийг нь шинэчлэн тогтоож, өргөтгөж тусгай хамгаалалтад авсан юм. Тост, Тосон бумбын нуруу маань улсын тусгай хамгаалалтад байдаг Говийн их дархан газар, Говь гурван сайхан  байгалийн цогцолборт газрын коридор нутаг бөгөөд дэлхийд нэн ховор, Улаан номонд бүртгэгдсэн аргаль, янгир, цоохор ирвэс, мазаалай, хулан, хавтгай, хар сүүлт гэх мэт ховор ан амьтад хамгийн олноороо тогтвор суурьшилтай болон нүүдэллэн амьдардаг онцгой бүс нутаг юм. Ялангуяа дэлхийд ховордож буй цоохор ирвэсний амьдардаг гол түшиц нутаг бөгөөд  энэхүү бүс нутагт хамгийн өндөр нягтаршилтай амьдардаг. Иймд энэ сайхан байгалиа, Монголд төдийгүй дэлхийд нэн ховордож буй амьтан ургамлаа эко орчинд нь хайрлаж, хадгалж үлдээхийн тулд Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа маань 2020 онд байгуулагдсан. Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар байгаль хамгааллын менежементийг зохион байгуулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах ажилд орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, нөөц газрын судалгааны ажлуудыг хийх, байгалийн нөөц баялгийг  ашиглах уламжлалт арга, хамгаалах хэлбэр болон говийн эмзэг байгальд сөрөг нөлөөгүй аялал жуулчлал  хөгжүүлэн бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шаардлагын үүднээс говийн бүсийн байгалийг хамгаалах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулж, тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг тэмдэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Улсын тусгай хамгаалалтанд 2016 онд авсан хэдий ч дөрвөн жилийн дараа захиргаа маань байгуулагдаж, одоогоор 11 ажилтны орон тооны бүтэцтэйгээр байгаль хамгааллын менежментийн ажлаа гүйцэтгээд явж байна. Эдгээр ажилтны маань 5 нь байгаль хамгаалагчид бөгөөд Тост, Тосон бумбын нуруундаа байрлаж ажилладаг.  Мөн Ирвэс хамгаалах сан ТББ болон сум, орон нутгийнхаа байгаль хамгааллын 7 нөхөрлөлтэй хамтарч, бүс нутгийнхаа тодорхой хэсгийг хариуцуулж, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг ажиллуулж, 896540 га газраа сар болгон эргүүл хяналтыг хийж, улирал бүр хамтарсан хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.


-Байгалийн нөөц газраас байгалийн цогцолбор газар болгохоор саналаа хүргүүлж байгаа юм билээ. Байгалийн цогцолбор газар болох нь тухайн бүс нутгийн амьтан, ургамлын хувьд ямар давуу талтай вэ?
-Монголд байтугай дэлхийд ховордож буй зэрлэг амьтдынхаа эко орчин, аюулгүй амьдрах боломжийг нь хангахын тулд энэхүү бүс нутгаа уул уурхайн нөлөөллөөс гаргаж, ангиллаа нэг шатаар ахиулахаар байгалийн нөөц газраас байгалийн цогцолбор газар болгохоор санал гаргасныг сум орон нутаг болон аймгийн удирдлагууд маань дэмжиж, төрийн захиргааны дээд шатны байгууллагад саналаа хүргүүлээд байна.  Байгалийн цогцолбор газар гэдэг маань дархан цаазтай газрын дараах шатлал бөгөөд хамгааллын хувьд дархан цаазтай газартайгаа адил тэгш эрхтэй. Ийм шатлалд оруулснаар, нэгд, хамгаалалтын дэглэм, журам маань сайжирна, хоёрт, уул уурхайн нөлөөллөөс ангид байж, унаган төрхөөрөө байгалиа хамгаалж, хадгалж авч үлдэхэд том дэмжлэг болно. Хамгаалалтынхаа талбайг нэмэгдүүлэхээс гадна хамгийн гол нь ховор ан амьтан, ургамлаа цогцоор, экологиор нь авч үлдэх маш том боломжийг бүрдүүлж өгөх юм. Иймд энэхүү хүсэлтийг маань Засгийн газраас дэмжиж, шатлалыг маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Зэрлэг ан амьтдаа хэрхэн хамгаалж байна вэ, хамгаалалтад авснаар тоо толгой нь нэмэгдэж байна уу?
-Сүүлийн таван жил манай бүс нутагт цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн нөлөөллөөс болоод ган гачиг нүүрлэж, дусал бороо ороогүй. Үүнээс улбаалж, зэрлэг ан амьтад маань өвсгүй, усгүй болсноор өлдөж, харангадаж хорогдсон харамсалтай тохиолдол гарсан. Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар нэн тэргүүнд зэрлэг ан амьтдынхаа амьдрах орчныг сайжруулж, хөв цөөрөм байгуулж, био технологийн аргаар өвөл хавартаа өвс тэжээл тавих, зун, намартаа ус тогтмол тавьж өгснөөр сүүлийн хоёр жил хорогдол гарсангүй. Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаас хойш хяналт шалгалт сайжирч, жил болгон бид ховор ан амьтнаа тоолж, судалж байгаа. Жил бүрийн  11 сард аргаль, янгираа тоолдог болсон бөгөөд энэ жил 10 гаруй хоног байгаль хамгаалагчид маань уулаараа явж, тооллогоо хийсэн ч хараахан эцсийн тоогоо гаргаагүй байна. Өнгөрсөн онд 200 гаруй аргаль, 700 гаруй янгир тоологдсон.  Мөн 2022 онд  хар сүүлт, зээрийн тооллогыг анх удаа хийсэн. Хар сүүлт, зээр  600-650  гаруй тоологдсон байгаа. Цоохор ирвэс манай бүс нутагт дэлхийд хамгийн өндөр нягтаршилтайгаар  амьдардаг бөгөөд одоогоор  25-28 толгой тоологдсон байна. Мазаалай баавгай баруун талаасаа тогтмол орж ирдэг болсон. Иймд мазаалайд зориулж тэжээлийн сав болон уст цэгийг байгуулж байгаа. Хавтгай тэмээ харагдах болсон, сүүлийн хэдэн жил харагдаагүй байсан цоохондой энэ нуруунд байгаа нь хяналтын камерт бичигдсэн. Ховор зүйлийн шувууд ирэх болсон гэх мэт амьтан, ургамлын хувьд таатай орчныг бий болгосноор эхлээд идээшиж дасах, улмаар тоо толгой нь өсөх боломж харагдаж байгаа.

Хамгаалалтад авснаас хойш бид ховор ан амьтнаа бүртгэлжүүлэх, тоолох, амьдрах орчныг нь судлах зэрэг олон мэдээллийг дата сандаа төвлөрүүлж ажиллаж байна. Түүнчлэн мэр сэр гардаг байсан хулгайн анг таслан зогсоож чадсан. Хяналтын камеруудыг байршуулснаар уст цэг, хөв цөөрөм гэх мэт газарт ирж буй ховор ан амьтдынхаа зураг бичлэгийг хадгалж аван, улмаар идэш тэжээл болон  үржил, мөн амьдрах орчны судалгааг хийж байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=