ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР 126 ГИШҮҮНИЙГ СОНГОНО



УИХ-аар 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа УИХ-ын 76 гишүүдийн тоог нэмж 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог ёсчлон баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурийн хүрээнд гарч ирсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр парламентын сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй гэж  хууль санаачлагчид тодотгож байсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд ахалж, ажлын хэсгийнхэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог шинэчлэх хүрээнд парламентын гишүүдийн тоо хэд байх  вэ гэсэн судалгааг мэргэжилтнүүдээр хийлгэсэн. Судлаачид улс төрийн шинжлэх ухаанд олон улсад хэрэглэдэг хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны куб язгуураар 3, 4 сая хүн амтай, газар нутаг томтой Монгол Улсын хувьд 152 гишүүнтэй байх нь зохимжтой гэсэн тооцооллыг гаргаж, УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, долоо хоногийн турш гишүүд тойрогтоо ажиллаж, ард түмнээсээ санал авсан боловч дэмжлэг аваагүй юм.
Харин УИХ дахь улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд, "Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” хэмээх хувилбар гаргасан. УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2,050,000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан юм. Харин манай улсын хүн ам  1992 оноос хойш өнөөдөр 65,4 хувиар өсжээ. Иймд УИХ-ын гишүүний тоог 126 болгосон нь парламентад нэг гишүүн 26970 иргэнийг төлөөлөх тооцоо гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=