УУГАН УУРХАЙГАА УТАА БОЛГОХ УУ, УРДАА БАРИХ УУ?



Цаг хугацааг хоёр сараар ухраагаад, нэг үйл явдлыг эргэн сануулъя. Өдгөөгөөс хоёр сарын өмнө “Монголын уул уурхайн 7 хоног” буюу “Mongolian mining week-2023” уул уурхайн чуулга уулзалт Улаанбаатарт болсон юм. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах, удаан хугацааны түнш байх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэхэд анхаарч дэмжиж ажиллах болно” гэж тодотгож хэлэв. Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” гэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриалав. Хоёрхон сарын өмнө ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчдаа урьж, хөрөнгө оруулахыг уриалж байсан атлаа өнөөдөр гадаадад нүүрсээ гаргаж, нүүрсний экспортын анхны шанг татсан үндэсний ганц компаниа үнс нурам болгохоор улайрч байгаа нь харамсалтай. Эрх баригчдын амласан сайхан үгс элсэнд шингэсэн ус шиг ийм амархан сарних гэж үү?


Монгол Улсад 20 гаруй салбарт гадаадын хөрөнгө оруулагчид байгаагаас нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид эзэлдэг. Уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн 4/1, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 40 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Товчхондоо, манай улсын эдийн засаг, санхүү, төсвийн амин судас бол уул уурхай. Уул уурхайн салбарт 20 гаруй улс хөрөнгө оруулдгаас хамгийн их хувийг БНХАУ  эзэлдэг. Хятад бол нүүрс худалдан авагч хамгийн том зах зээл. Зөвхөн манай улсаас нүүрс авдаггүй, тэр ч байтугай манай улс Хятадад нүүрсээ экспортолж буй эхний 10 улсын тоонд ч багтдаггүй. Хятадын жилдээ авдаг нүүрсний 5 хувийг л манай улс чүү арай хангадаг. Хэрвээ Хятад манайхаас нэг л өдөр нүүрсээ авахаа болилоо гэвэл манай улс эдийн засгийн хувьд нам сууна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК энэ бүхний эхлэлийг тавьж, экспортод гаргах бүх ажлыг алдаа оноотой ч гэсэн хийж чадсан. Араасаа олон компаниудад боломж олгож, улсынхаа эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Азаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өдрөөс өдөрт өссөн нь улстөрчдийн шуналыг хөдөлгөж, увайгүй ажлаа хийхэд хүргэсэн юм. Түүнээс бус тэд 57 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК-д тоож очиж, тоостой шороотой хэдэн уурхайчидтай нь гар барин уулзаж байсан ганц улстөрч байдаггүй юм. Уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн ердөө 200 гаруй уурхайчин “Тавантолгой” ХК-д ажиллаж, төдийгөөс өдий хүртэл зүтгэж, төсвийн орлого бүрдүүлэхэд төсөөлшгүй их дэмжлэг болж байдаг. Гэтэл өнөөдөр “Тавантолгой” ХК-ийг таван толгойтой мангас аятай нийгэмд  ойлгуулахаар нүүрсний жинхэнэ хулгайчид сандарч, самарч сууна.
Хятадад бүх газраа зарчихсан байна л гэнэ, хамаг архиваа урсгачихсан байна л гэнэ, Тавантолгой ХК-д огт ажиллаж байгаагүй, огт хамааралгүй хүнийг гэрчээр дуудаад авчирчихсан өнөө хүн нь асуултаа ч ойлгохгүй, асуудлаа  ч мэдэхгүй хүн гүтгээд хичнээн минут яриад байхаар яриулаад л байх....
Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө хэдэн зүйл судалчих л даа. Хятад улс бол зөвхөн манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч бус дэлхийн хамгийн ашигтай уул уурхайнуудад бүгдэд нь хөрөнгө оруулалт хийдэг юм аа. Манай улсаас нүүрсээ авахын тулд тодорхой хугацаагаар газар эзэмших нь байх л асуудал. Газрын тухай хуульд чинь 15 жилээр газар эзэмших эрх эдэлж болно гэдгийг тодорхой заачихсан байгаа. Газрыг чинь өмлөж аваад үүрээд явчихдаг эд биш, газрыг ашиглаж болох ч газрын доорх баялгийг дурын хүнд өгчихдөггүй юм аа. Тодорхой гэрээ хэлцэл, лиценз гээд холбогдох олон баримт бичгийг бүрдүүлж байж, усны нөөц, хөрсний судалгаа, агаарын чанарын үзүүлэлт, тэр байтугай археологи, палеонтологийн олдвор байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс нь ирж судалж, өчнөөн олон шат дамжлага дамжиж байж, сая нэг юм уул уурхайн олборлолт эхэлдэг. Хятадын компани орууллаа гээд мэдэмхийрээд байх юм, өнөөдөр дэлхийд Хятадаас өөр хөрөнгө оруулалтын салбарт, тэр тусмаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулчих бяртай, чадалтай улс хэд байгаа юм, хэлээд аль? Хоёрхон сарын өмнө хөрөнгө оруулагчдыг урьж залаад байсан байж хоёр сарын дараа Хятад бол хөрөнгө оруулагчид биш, зүгээр л хятадууд гэж хараад, хэмлээд байдаг ийм хоёр нүүртэй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй болов уу. Ийм байхаар хэн хөрөнгө оруулалт хийх юм, тэр тусмаа хамгийн эрсдэлтэй салбар болох уул уурхай руу эр зориг гарган оролцох юм?
“Тавантолгой” ХК-ийг орон нутагтаа авч үлдэж, 51 хувийг нь орон нутгийн иргэд нь өөрсдөө эзэмшиж, компанийн шилэн засаглалыг хэрэгжүүлсэн, аймаг орон нутагтаа өгөөжтэй, улс эх орондоо нэмэртэй ийм өөр ямар компани Монголд байгаа юм? Их наядаар хулгай нь яригдаж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК чинь та бүхний 1072 хувьцааны ногдол ашгийг жил бүр өгч байгаа юм уу, өрмийг нь хамж байгаа атлаа өрцөө цоолуулаад өмөгнөн үлдэж буй Өмнөговь аймагт ямар нэмэр болж байгаа юм? Эрх мэдэлтнүүдийн шахааны газар болсон “Эрдэнэт” үйлдвэрийн үр өгөөжийг эрдэнэтчүүд өнөөдөр яаж хүртсэн юм? Цагаан тоосныхоо асуудлыг шийдэж чадахгүй л хичнээн жил болж байгаа атлаа цагаан захтнуудын цавчаанд хэдэн тэрбумаар нь гаргадаг билээ дээ?


Гэтэл “Тавантолгой” ХК-ийн үр өгөөжөөр өнөөдөр Өмнөговь аймгийн сум болгон руу засмал зам тавьж байна, сум болгон цахилгаан станцтай болж айл бүр гал түлэхээ больж, халуун усаа хананаасаа аваад, халуу дүүгсэн гэртээ нийслэлийнхнээс илүү тухтай амьдарч, нутгийнхаа хишгийг хүртэж байна. Галаа манаж, гэрээ сахиж үлдсэн өмнөговьчууд ийм эрх эдлэх эрхгүй гэж үү? Өмнөговьчуудын УИХ-д төлөөлөх эрх бүхий хоёр гишүүний нэгийг нь гишүүнээс нь чөлөөлж, говьчуудын сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдсан асуудалдаа өнөө хэр эрх баригчид уучлалт гуйгаагүй л яваа. Учир нь олдох биз хэмээн уужуу сэтгэл гарган яваа говьчуудыг арай л дээрэлхээд байх шиг. Хамгийн их хөрөнгө мөнгийг Өмнөговь аймгаас бүрдүүлчихээд хамгийн бага төсвийг хуваарилахад өмнөговьчууд говийн хүний гүргэр зангаар ганхийгээгүй. Одоо харин Өмнөговийг тэжээж буй ганц компанийг нь төрд авч, туйлдуулахаар улайрч байгааг та бид хоёр өдөр харлаа, үзлээ. Үлдсэн гурван өдрийн сонсголд эрх баригчид үлгэр зохиогоод ороод ирж мэдэхээр байна, энэ янзаараа. Ууган уурхайгаа утаа болгох уу, урдаа барих уу гэдгээ улстөрчид минь нэг тунгаагаад үзэхэд гэмгүй байх аа.
Удахгүй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сонсгол болно. Харин тэр үед жинхэнэ хулгайч нь хэн бэ гэдгийг эрүүл саруул ухаанаар нэг эргэцүүлж бодоорой доо!!!  

                                                                                                                             


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=