МОНГОЛЫН ЭРҮҮГИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АЙМШИГТ ХЭРЭГ


  Эрүүгийн хар түүхэнд номер нэгт бичигдэх хэрцгий аллагын хэрэг 2000 оны сүүлээр дуулиан тарьж байлаа. Энэхүү хэрэг юунаас үүдэн гарсан тухай манай сонин хүргэж байна. Хэнтийн Баянхутаг сумын төвөөс зүүш хойш тавиад км-ын цаана орших Давсанбадрах нуурын орчимд намаржаалсан хоёр айл өглөөний шувууны жиргээнээр сэрж, нарны туяагаар эртлэн босов. Зүүн гэрийн эзэн Төгсбат яаран босдогсон, гэвч тэр гэрээсээ гарч ирсэнгүй. Шөнө нойр нь хулжин орондоо хөрвөөж элдвийг бодож хоножээ. Төгсбат бол орон шоронгоор олон жил явсан хавь ойрын хүмүүстээ их халгаатай эр. Архи ууна, агсам согтуу тавина, хаяагаа хадран хулгай хийнэ. Гэвч дөнгөж гэр барьсан Ариунболд гэх залуу мань эрээс огт сэжиглэж цэрвэсэнгүй “Уулын мод урттай богинотой. Төгсөө ахад сайн ч чанар бий муу ч чанар бий” хэмээн эцэг эхээсээ зөрсөөр айл буухаар тохирчээ. Чингээд Ариунболдынх ашгүй хэлэлцэж тохирсон ёсоор айл өвөлжихөөр хүрээд ирлээ. Ааш ажил тэгшхэн сайхан хүүхдүүд. Хаяа хатгаж суухад урамтай сайхан айл. Охин Анужин нь нэг ой хүрээд хөлд орчихсон, Төгсбатаас сал­даггүй, түүнийг харахаараа л сарвалзаж уйлаад байдаг гэнэн томоогүй амьтан. Гэвч шөнөжин гэр бүлийн гишүүддээ агсам тавьж  үүрээр жаахан зүүрмэглэсэн Төгсбатын хар толгойноос хүний санаанд багтамгүй хэрцгий бодол салахгүй шаналгана. Өчигдөр уусан архинд толгой нь эргэж, дотор нь эвгүйрхэнэ. Босооч гэж хоёр хүүгээ дуудлаа. Хэн нь ч өндийсөнгүй.
-Баатар чи яана гэнэ ээ муу золиг! Мал хуйгаа эргүүл, хэдэн тугалаа усалсангүй гэж зүхэв. Төрүүлсэн эцгийнхээ үгэнд орохгүй чи муу энэ гэрийг захирна гэж санаж байгаа бол том андуурч байна, чи. Миний ууц нуруу айхтар өвддөгийг мэдэж байж өчүүхэн ч өрөвдөхгүй “Та архи их уулаа” гэж хуцна. Хандыг чинь хага дарна. Тэгэхээр чи муу нэгийг ойлгох биз, гайгүй. Чи хэд хоногийн өмнө намайг унтаж байхад  уксусаар хөлийг минь түлсэн. Аавыгаа дарамталбал юу болдгийг үзэх цаг чинь болж дээ. Ер нь чи сүүлийн үед дүүгээ уруу татаж ээжтэйгээ үгээ нийлүүлж архи уулаа, адуу малаа үрлээ гэж урдаас цор цор хийдэг хэдэн он бэ. Би чиний эцэг, архи ууж адуу малын наймаа хийж, өсгөнө үү, үрнэ үү та нарт ямар падлий байна гэх мэт хар бодол толгойд нь эргэлдэнэ.
Дотор нь муухайрч “аяга ус хийгээд аль” гэж хашгирахад хоёр хүү нь сэрсэнгүй, бөх гэгч нойрсож буйг хараад улам бухимдав. Удалгүй гэрийн эзний эх босч цай чанав. Эмгэн “Цайгаа л бушуухан чанаад авъя. Хэдэн хүүхдүүд сайхан цай ууг. Тос хөвсөн сайхан цай чаная” гэж Сэвжидпил эмээ сайн сайхнаар бодож байв. Хорвоогийн сайхан өглөө, хойшдын сайхныг мөрөөдөн арайхийж галаа асаалаа. Энэ өглөө гал нэг л дүрэлзэж өгөхгүй байгаад гайхшран суулаа. Эмээгийн энэ моонийсон хуруунууд хичнээн хүний алтан амийг аврахад ид шид, ач тусаа өгсөн гэх вэ. Сэвжидпил эмээ арван найман настайгаас эмнэлэгт асрагч, сувилагч, эмийн санд дөч гаруй жил ажиллахдаа мөн ч олон хүнд ээл ивээл хайрласан нэгэн. Тэрбээр ганц хүүгээ алдаж онож явахад эхийн сэтгэлээр хайрлаж, удаа шоронгоос суллагдаж ирсэнд баярлаж, одоо л хүн шиг амьдрах байх гэж итгэнэ. Харин Төгсбат шүдээ зуусаар орноос босов. Гутлаа холхидог углаж, дээлээ өмсөхдөө энгэр заамаа задгай орхин бүсээ бүслэх аядав.
-Миний хүү цайгаа уу гэж эх нь аргадах, гуйх завсар хэллээ. Хүүгийн нь жартгардуу хоёр нүд жирэв жирэв татасхийж хэдэрлэв. Төгсбат дуртай дургүй ээжийнхээ нүдэн дээр ханын толгойд буй калбирь бууг авах гэснээ хулчийвч буунаас хараагаа үл салгана. Хөх даавуунд боодолтой сум хүхээнийх нь төмөрт уяатай буйг л олзуурхав. Тэр гэнэт мэргэн арга олж хэрэгжүүлбэл асар богино хугацаанд баяжих юм шиг санагдлаа. Тэрхүү нүгэлт хар бодлоо дахин лавшруулан төлөвлөж үзвэл, болохгүй гэх гаргалгаа алга. Иймээс гэрийн эзэн,
-Ээж та наад үнсээ гаргаач, юугаа хийгээд хөглөрүүлээд байгаа юм гэж зандрав. Зөрүүд тэнэгхэн хүүгийнхээ дургүйг хүргэхээс эмээсэн ээж нь үнсээ асгахаар гадагш майжигнан гарчээ. “Одоо л амжих хэрэгтэй” гэсэн аймшигт бодол Төгсбатын толгойд цахилгаан цахих мэт харван орж ухасхийн буугаа авч сумлаад цаашаа хараад унтаж буй том хүү Баатарын ар дагз руу бууныхаа амыг тулгаад “Ингээд чи муу намайг дарамталж бай” гэж хорсон шивнээд гохоо дарах гэтэл гар нь салганаж зүрх нь дэлсэв. Баатар нойрмоглон “Аав аа, би өнөөдөр хонинд явна шүү” гэж хэлэх мөчид гохоо дарав. Бууны дуу пад хийн түгшүүртэй сонсдож удаах хүү Бат орон дээрээс өндийж нүдээ нухлан “Аав аа, та яаж байна аа?!” гэж хоолой нь зангиран шивнэлээ. Оготно буудсан юм гэж аав нь хээв нэг хэлээд, буугаа даруй сумлаж түүний цохонд тулгаж буудав. Энэ хоёр дуу дараа дараалан тасхийх нь дэндүү содон сонсдов. Сэвжидпил эмгэн яарч тэвдэн үнснийхээ яйжгар түмпэнг чирсээр тотго мөргөх шахан бөхөлзөж босгонд унах шахан орж ирээд “Хүүе та нар чинь юу болоод байна аа” гэж хэлээд цусанд живсэн хоёр ач, буу барин духаараа харан зогсож буй хүүгээ хараад сая учрыг ойлгож ядан “Даанч дээ, Эвий минь. Хайран хүүхдүүд” хэмээн ухасхийв. Намайг биш энэ хоёрыг өрөвдөж халаглаад байхдаа яадаг юм хэмээн алуурчин төрүүлж өсгөсөн эхийнхээ зүрхэн тушаа газар чиглүүлэн гурав дахь гохоо даржээ. Эх нь хоёр ачаа тэврэх гэсэн мэт гар сарвайлган уначихав. Алуурчин бас араатнаас дор авирлагч Төгсбат үлдсэн ганц сумаа салгалж чичирсэн гараараа буундаа хийж байх тэр агшинд үүд сэвхийн онгойж, өчигдөр орой тэдний хажууд ирж буусан Ариунболдын гэргий Дэлгэрцэцэг хоёр нялх охиноо хөтөлж, юу ч бодсон шинжгүй инээмсэглэсээр орж ирэв.
-Танайхан босоогүй байгаа юм уу гэснээ гэнэт цусанд хутгалдсан үхдэлүүдийг харж итгэж ядан хойш ухарчээ. Алуурчин эр “Тиймээ эд нар үүрд унтаж байгаа, чи ч гэсэн бас эдний араас очиж мөнх нойрсоорой” гэж заналтай хэлээд бүсгүйн ар нуруу луу буудаж унагав. Охиныг тэвэрсэн Төгсбат унинд хавчуулсан дайзтай сумнаас нэгийг авч калбирь буугаа сумлав. Дөнгөж ой гарантай, нялх балчир охиныг өрөвдөх сэхээ түүнд байсангүй. Улаан тууз уясан тэр зүг рүү бууныхаа амыг чиглүүлж байгаад тав дахь удаа гохоо дарлаа. Алуурчин эр инээмсэглэн “Муусайн аалзнуудыг хядаад дуусгана даа. Чи хүнд их зөвлөгөө өгч уруу татдаг. Хохь чинь!” гэж хэн нэгнийг хараан зүхэв. Нүд нь улаанаар эргэлдэж царай нь барайсан эр тэрхэн зуур “Гэрч үлдээж болохгүй, би ямар нэг удаа цаазлуулахаас хоёр удаа цаазлуулах биш” хэмээн амандаа гүвтнэн шивнээд буугаа авч баруун гэр лүү алхав. Нүүдэл суудалд ядарсан Ариунболд бөх гэгч унтсан хэдий ч буун дуунаар сэрж, таагүй зүйл болсныг зөн совин нь хэлэв. Гэрээс гарвал Төгсбат буугаа барьчихсан ирж явна.
-Та юу буудав аа гэж залууг хэлэхэд алуурчин эр,
-Би танай оготныг буудлаа. Чи очиж хараач гэж хүйтэн харцаар хутгалан өгүүлэв. Ариунболд ухасхийн тэдний гэрт орвол тэнд цус нөжиндөө хутгалдсан таван цогцос угтжээ. Бүх зүйл ийм амархан дууссаныг ойлгосон залуу сүх шүүрэн гарч ирэхэд буу тасхийж, цуврал алуурчин эр зургаа дахь сумаа Ариунболдын духанд зоожээ. Төгсбат дээлийнхээ хормойг шуугаад цогцоснуудыг ялгаж гэр гэрт нь оруулж хаяв. Сумласан буугаа Ариунболдын цогцосны дэргэд орхихоо мартсангүй. Эргэж орж ирээд зузаан гуяа сэт буудан, эд мөрийн баримт болсон зургаан хүний амь бүрэлгэсэн калибрь буугаа талийгаач Ариунболдын гарт атгуулжээ. Нарсанд хэдэн жил амьдарсан Төгсбат үйлдсэн хүн амины хэргээсээ дайжихын тулд хот орохоор шийдсэн байна.
Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст 2000 оны 10 дугаар сарын 24-ний өглөөний 9 цаг 40 минутанд Баяхутаг сумын Давсанбадрах нуурын орчим нутаглаж байсан хоёр гэрийн хүмүүсийг буудаж гаднаас гэрийг нь цоожилсон гэх мэдээлэл иржээ. Тэр даруй ажлын шуурхай хэсэг томилж, ахлагчаар нь цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Галбадрах томилогдон ажиллахаар болжээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар ирэхэд хоёр гэр цоожтой, хашаанд байгаа хонь нэлээд хэд хоног бэлчээрт гараагүй нь харахад ойлгомжтой. Эхлээд зүүн гэрт ороход цустай холилдсон том жижиг гурван хүний цогцос, баруун гэрт мөн бас хүүхэд том хүн нийлсэн гурван цогцос. Гадны хүн үйлдсэн нь тодорхой хэдий ч ямар ч ул мөр үлдсэнгүй. Цогцсыг шинжлээд гэрийн эзэн Төгсбат байхгүйг анзаарч яаралтай эрэн сурвалжлав. Түүнийг өчигдөр байсан гэдгийг отрын адуучид нотолжээ. Тэр этгээд хаачив? Эрээвэр хураавар хүмүүс хэрэг тарьчихаад гэнэхнээр хуурах гэж оролддог. Төгсбатыг цагдаагийнхан сайн мэднэ. Удаа дараагийн үйлдлээр хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг үйлдэж байсан рецедив этгээд. Шинжээчид цогцос нэг бүрт үзлэг хийгээд сумны хонгио, хурууны хээ, гутлын мөр бүхнийг нягт нямбай ажиглаж дүгнэлт гаргав. Бууны гохон дахь хурууны хээ талийгаач Ариунболдынх байлаа. Цааш гэрт үзлэг хийх явцад цагдаагийнхан орон доороос санамсаргүй 7 дахь цогцос олоод хөдөлгөлгүй даргадаа мэдэгдэв. Уг цогцсыг гаргаж ирвэл гуяа сэт буудуулсан, толгойдоо сүхний шархтай ухаангүй, нүцгэн хэвтээ Төгсбат байх аж. Эмч үхээгүйг нотолж, ус балгуулахад, удалгүй сэргэсэн Төгсбат “Ээж ээ, миний хоёр хүү, та нар чинь яаж байна аа” гэж хэлээд эргээд ухаан алдан унажээ. Эхний дүгнэлтээр Ариунболд гэр бүлийн гишүүдээ буудчихаад, Төгсбатынд орсон. Тэнд унтаж байсан  хоёр хүү, эхийг нь алуурчин хөнөөжээ. Гаднаас орж ирсэн гэрийн эзэн түүнтэй тэмцэлдэж, шархдан ойчсон. Эцэст нь Ариунболд амиа хорлосон болов. Үүнд захын гэрч, цагдаагийн залуу ажилтан итгэж байсан боловч хурандаа Ж.Галбадрах үл итгэн, лавшруулан шалгах даалгавар өгчээ.
Төгсбатыг тайвширсны дараа анхны мэдүүлэг авав. Тэр дуугарч ядан ээрч түгдрэн “Би хоёр, гурван хоног айлд аргал түлш ачилцаж яваад шөнө ирж хоносон. Ариунболд надтай бэлчээр булаацалдаж “Эндээс зайлаарай, маргааш гэхэд нүү!” гэж дарамталсан гэв.
-Чиний шарх чинь хөнгөн байхад чи яагаад гэр бүлээ өмөөрч тэмцээгүй юм бэ? гэхэд мань эр балмагдаад сүхээр цохих үед хүчтэй цочролд орсон гэж түгдчин хэлэв. Хошууч Б.Цагаан “Та энэ хэргийн эзэн. Таныг буу үүрээд гарч явахад Давсанбадрах нуурын хажуугаар малдаа явж байсан хүү дурандаж харсан байна. Хамгийн сүүлд чи Ариунболдыг алсан. Үнэнээ хүлээ” хэмээн мөрдөгч хүний зөн билгээр тулган шаарджээ. Тэр орой Төгсбатыг хорих явцдаа өрөөний хаалгыг албаар түгжилгүй орхижээ. Хэрэв тэр энэ хэргийг үйлдсэн бол оргох учиртай. Сэжигтэн эр шөнө дундын үед камерын хаалгаар сэмхэн гарч, уул руу зугтаав. Яах гэж тэр вэ? Хэрэг үйлдээгүй хохирсон бол түр саатуулагдаад үнэн мөнийг олтол сууж байгаад суллагдаж болно шүү дээ. Хэнтийн мөрдөнд 180 хоног хоригдож, мөрдөгдсөн Төгсбат “Би үнэнээ хэлье” хэмээн мөрдөн байцаагчаа өөрөө дуудсан гэдэг. “Хан Хэнтий” чуулгын байранд олны өмнө нээлттэй болсон шүүх хурал дээр шүүгдэгч Л.Төгсбат үйлдсэн бүх нүглээ тоочиж ярьж байлаа. Цаазын ял оноосны дараа шүүгч “Чамд эцсийн хэлэх үг бий юу?” гэхэд гэм зэмгүй зургаан хүн, тэр дундаа төрсөн хүүхдүүд, төрүүлсэн эх, хамаатнуудаа санаатайгаар маш хэрцгий аргаар хөнөөсөн алуурчин эр “Би юугаа ярих вэ дээ” гэж хэлсэн ажээ. Энэхүү аллага бол хүний санаанд огт багтамгүй хэрцгий хэрэг мөнөөс мөн юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=