ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ 464 АЙЛД НҮҮХ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ


  Энэ жил Улаанбаатар хотод 1991 оноос хойш, Монгол орон даяар сүүлийн 60 жил ороогүй их хэмжээний хур тунадас орж, хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан байна. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь олон эрсдэлтэй хүчин зүйлийг бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл нүүрлэжээ. Иймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга, Ногоон нуур, Чингэлтэйн суваг, Ар хустай орчмын халиа, тошин үүссэн байршлуудын мөсийг зөөж, голын сав газар, далан сувгийг чөлөөлөх ажлуудыг зохион байгуулсан байна. 

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил, өдөрлөг, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалья” нөлөөллийн аяныг  өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулна.  Энэ хүрээнд халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүрэгт 135 нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ.





Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=