ХҮНИЙ СЭТГЭЛ РҮҮ ӨНГИЙЖ ЧАДВАЛ...





  Хорь гаруй жилийн өмнө хорих ангийн хашаанд хамтдаа нэг өдрийг өнгөрөөж, хүмүүжигчдийнх нь талаар  сурвалжилж байсан Хорих 407 дугаар ангийн захирагч асан, хурандаа Р.Оюунбадам хуулийн сургуулийн багш болоод багагүй хугацааг үджээ. Хэдийгээр тэтгэвэрт суугаад хориод жил болж буй ч хууль зүйн салбартаа, тэр тусмаа хүний эрхийг хамгаалах ажлаа огтхон ч орхиогүй өнөөдрийг хүрчээ.
 “Хоригдол хүнд эрх чөлөө байх ёсгүй юм шиг ойлгодог үе өнгөрсөн, хэдийгээр гэмт хэрэг үйлдээд эрхээ хасуулаад ирж байгаа ч эргээд нийгэмд амьдрах эрхийг нь бэлдэж өгөхийн тулд хорих байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах ёстой” хэмээн учир гаргалгааг нь тун урнаар шавь нартаа тайлбарлана. Ийм хуульч, ийм багшийн амнаас унаж буй алт шиг үгийг тархиндаа шингээж буй шавь нар нь хүний эрхийн мэдрэмжтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хуульч, эрхзүйчид гарах нь дамжиггүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тэрээр 30 гаруй жил ажиллах хугацаандаа манай улсын цорын ганц эмэгтэйчүүдийн хорих ангийн даргаар 20 жил ажиллахдаа хоёр зууныг дамжин, хоёр улстөрийн системтэй хорих байгууллагыг удирдаж, 10 мянга гаруй эмэгтэйчүүдийг хүмүүжүүлж, нийгэмд эргээд хөл тавихад нь тусалжээ. Хоёр зууныг дамнан 20 жил хорих ангийг тасралтгүй удирдсан өөр тохиолдол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гараагүй учир яахын аргагүй түүхийн нэгэн гэрч болдог аж. Хорих байгууллагын стандартыг шинэчлэн тогтоож, хоригдлуудын эрхийг хангахад ахуйн нөхцөл болон бусад эрхийг нь хүндэтгэж, олон ажил санаачлан хийсэн нь өнөөдөр хорих ангиудын стандарт болон хэвшсэн байна.  Тэр дундаас эмэгтэйчүүдийн эх хүн байх эрхийг ихээхэн харж үзэж, 0-1 настай хүүхдийг эхтэй нь байлгах саналыг гаргаж, уг санал нь 2002, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгалаа олж, хуульчлагдсанд тун баяртай байдаг аж. Хэдийгээр хүүхэд эхтэйгээ хамт хоригдож буй нь хатуу тавилан ч эх үр хоёр хамтдаа байж хайрыг мэдэрч, эх байх эрхээ эдэлж байгаа нь сэтгэлзүй болоод бие махбодийн хувьд давуу тал олон гэнэ. Үрийнхээ төлөө өдөр бүр хичээж, эргээд эрх чөлөөт амьдралдаа ороод хэрэг төвөгт холбогддоггүй аж. Ийнхүү өдөр бүр хүний сэтгэлтэй ажиллаж байсан хурандаа, гавьяат хуульч Р.Оюунбадам “Хоригдолыг хүний ёсоор хүлээж авахаас эхлээд хүн шиг амьдраарай хэмээн хорих газраас суллагдах хүртэл сэтгэлтэй нь ажиллах нь эргээд хэрэг төвөгт холбогдох нь бага байдаг учир цаг, минут тутам хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах нь чухал” хэмээн өгүүлнэ. Хэдийгээр эрхээ хасуулаад ирж буй хүмүүжигч нар ч гэлээ эргээд тэднийхээ эрхийг хамгаалах олон ажлыг санаачилсан нь түүнийг өнөөдөр Хүний эрхийн хамгаалагч хэмээн олон түмэнд хүндлэгдэж, хэргэм зэрэг шиг дагалдах болжээ.   
     

 Он цагийн олон дурдатгал, дурсамжууд байгаа ч олноос онцлон нэгэн дурсамжаа хурандаа маань дэлгэсэн юм.  Эх, хүүхдийг хамтдаа нэг жил байлгах, эргэлт тойролтыг ар гэрийнхэнтэйгээ хамтдаа хоногоор өнгөрөөх, ахуй амьдралаа дээшлүүлэх ажлын байраар  хангахаас эхлээд ирээдүйг нь ч хамтдаа бүтээлцжээ. Тухайн үед хоригдож байсан нэгэн эмэгтэй түүнтэй уулзаж, их сургуульд суралцах хүсэлт тавьсныг дэмжсэнээр сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хожмоо Төрийн ордонд сурвалжлага хийгээд явж байхад нь таарч, албаныхаа чиг үүргээр бахархах сэтгэл төрж байжээ.  Ингэж хүмүүжигч бүрийнхээ сэтгэл рүү өнгийж чадсанаар тэрээр өнөөдөр олон олон эмэгтэйчүүдийн амьдралыг сайн сайханд хүргэж байснаараа бахархаж явна.


                                                                                                                 Т.Баярмаа, Б.Тамир






Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=