ГАДНЫ ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ БУЙ МОНГОЛ ХҮҮХДҮҮД


Оросын хуулийн байгууллагаас гадаадын шоронгуудад ял эдэлж байгаа иргэдээ эргэсэн байна. Гэтэл санаанд оромгүй зүйлс болж, дэлхийн олон улсад гэмт хэрэг үйлдэж, тус улсын хуулиар шийтгэгдсэн орос иргэдээс гадна тэдний үр хүүхэд нь хамт шоронд ял эдэлж байгааг олж тогтоожээ. Хар тамхи зөөвөрлөж явсан эмэгтэйчүүдийг лалын шашинт орнуудад  хатуу хууль оноодог бөгөөд ихэвчлэн бүх насаар нь хорих ял өгдөг. Энэ хэргийг орос хүүхнүүд голдуу үйлдсэн байдаг аж.

Тэд нэгэнт насаараа хорих ял эдэлж байгаа, мөн ялтан солилцох боломжгүйг далимдуулан лалын шашныхан орос хүүхнүүдэд тун зэрлэг дээрэнгүй ханддаг байсныг илрүүлжээ. Шоронгийн хуягууд орос хүүхнүүдийг дуртай үедээ хүчиндэж, бүр зарим нь үр хүүхэдтэй болсон байв. Үр хүүхдэд нь тухайн улсын  хууль үйлчлэхгүй учир ямар нэгэн бичиг баримт байхгүй, мөн гарах ямар ч боломжгүй учир хоригдол ээжүүд нь хүүхдүүдээ хамт шоронд өсгөж байсан нь илэрч, хүний эрхийн олон байгууллагын сонорт хүрчээ. Ингээд  гадаад улсуудад ээж аавтайгаа шоронд амьдарч буй 20 гаруй хүүхдүүдийг олж тогтоон, Оросын иргэншил олгон, улсын асрамжийн газарт аваад байгаа юм байна. Зарим нэгнийг нь ах дүү, ар гэрийнхэн нь хүлээж авсан бол ихэнх нь улсын асрамжинд шилжжээ. Тэгвэл манай улсад  ч гэсэн эцэг, эхийнхээ ялыг хамт үүрэлцэж буй хүүхдүүд цөөнгүй байдаг.  Луусан хэмээх муу нэртэй газар гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн зүрхэнд зүү шиг л шивж сонсогддог. Гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэй хүн бүрийн хувьд тамын газарт тооцогдох эмэгтэйчүүдийн хорих ангид үнэндээ охид, бүсгүйчүүд хүссэндээ очдоггүй. Тэнд олон жил нөхрийнхөө дарамт, хүчирхийлэл дор байж, амь насаа аврахын тулд архины халуун уурын мунхагаар аргагүй хамгаалалт хийж эр  нөхрийнхөө амь насыг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд олонхи нь байдаг. Дараа нь залилан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд ордог. Хэдэн жилээс эхлэн, бүх насаараа хоригдох ял сонссон тэдний амьдрал шоронгийн өргөст торны цаана ч үргэлжилдэг. Эргэлтээр ирсэн эр нөхрөөсөө хүүхэд олсон нэгэн байхад эр биеийн хагсаагаа гаргах гэсэн хянагч хуягуудын дарамтан дор хүчиндүүлсэн нь ч цөөнгүй. Хэл ам хийе гэхээр хэдэн жилийн ял нэмэгдэнэ үү гэхээс өөрөөр сайн мэдээгүй тул дэмий  л амаа хамхина. Хамгийн аймшигтай нь шоронд ял эдэлж байхдаа төрж хөнгөрсөн эмэгтэйчүүдийг хүүхэдтэй нь хамт хорьдог харгис хэрцгий хууль Монголд одоо ч хэрэгждэг. “Луусан”-д орсон эмэгтэйчүүд гаднаас, дотроос аль нь ч бай жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн тохиолдолд бяцхан үрс нь эхийнхээ адил шоронгийн хоригдол болон хүмүүждэг гажиг тогтолцоотой. Өнөөдрийг хүртэл шоронд олон ч эмэгтэй хүүхдээ төрүүлсэн байдаг. Уг нь хорвоод шинэ хүн болж мэндэлнэ гэдэг ховор тохиох хором мөч. Гэтэл ял эдэлж буй эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн хамтдаа ял эдэлдэг эмгэнэлт хувь тавилан тэднийг угтдаг. Дөнгөж мэндэлсэн нялх үр дуугаа хадаан гэртээ очдог бол дүүрээд ирэх нулимсаа дотогшоогоо залгин, өлгийтэй үрээ тэврээд өргөст торныхоо цаана очдог нь дэндүү аймшигтай. Ямар ч гэм буруугүй бяцхан үрс хоригдлын хүүхэд хоригдол болон хорвоод мэндэлж, тэр цагаас хойш ял эдэлж, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, эцэг эхээрээ хамгаалуулах ёстой Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, хамгийн ариун нандин үеэ хаалттай торны цаана уйлан, хайлан өнгөрүүлсээр. Хоригдол хүн биш байж болох ч тэдний хорвоод мэндэлсэн шинэ хүн бүр Монголын ирээдүй билээ. Шоронд төрж өсөн, тоглож басхүү уушиг, цувдайгаар аргалсан шар будаатай усан шөлөөр хэдий болтол бор хоол хийж божийтлоо өсч байгаа дүр зураг нь харахад эмтэрмээр. Эмэгтэйчүүдийн хорих ангид тулгамдсан асуудлын нэг нь ээжтэйгээ байгаа нярай хүүхдийн асуудал гэдгийг тус ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар олон жилийн өмөн ярьж байсан ч өнөөг хүртэл байдал хэвээрээ.  Өнөөдрийн байдлаар тус хорих ангид ирээд хүүхдээ төрүүлсэн 10-аад ээж нярай хүүхдийн хамт энэ ангид тусгайлсан байранд хүмүүжиж байгаа юм. Эдгээр хүүхэд 1 нас хүртлээ ээжийн хамт байх  ёстой.  Харин нэг нас хүрснээс нь хойш хүмүүжигчийн ар гэрийнхэн ялын хугацаа дуустал өсгөнө. Хэрвээ хүүхдийг нь харах хүнгүй бол асрамжийн газарт шилжүүлдэг байна. Гэвч хүүхдийн өсч торниж байгаа нөхцөлд улс зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Тодруулбал, хорих ангийн бүсийн гадна, харуул хамгаалалт дор хүүхэд асран хүмүүжүүлэх байр барих шаардлагатайг тус хорих ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар хэлсэн юм.  Мөн хоригдол эмэгтэйчүүдээс хүүх­дүүд­тэйгээ 2 нас хүртэл хамтдаа байлгаж өгөхийг хүссэн өргөдөл хүсэлтийг удаа дараа хууль хяналтын байгуул­лагад өгч байсан боловч нааштай хариу өгч байгаагүй гэнэ. Дөнгөж нэг нас хүрсэн хүүхдийг хүчээр авч явахаар зарим нь бүр хөхнөөсөө ч гараагүй байдаг учир  ээжийгээ санаж бэтгэрэх, шоронд үлдэж буй ээж нь ч сэтгэл санааны хувьд тавгүй болсноор  дахин гэмт хэрэг үйлдэхэд бэлэн болдог байна. Тухайлбал, Аргентиний шоронд хүүхдээ 4 нас хүртэл хамт байхыг зөвшөөрдөг аж. Энэ нь хамгийн хариуцлагатай үеэ ээжтэйгээ өнгөрөөх ёстой гэж үзсэн чухал шийдвэр юм байна. Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн эхийнхээ үйл лайг хамтдаа үүрэлцэж яваа монгол хүүхдүүд хилийн чанадад ч байдаг болохыг саяхан Хүний эрхийн комиссоос олж тогтоожээ. Албан ёсоор таван хүүхэд гадаадын шоронгуудад эхийнхээ хамт хоригдож байгаа бол цаана нь дахиад арав гаруй хүүхдийн сураг дуулджээ. ОХУ-д танхайн гэмт хэрэг үйлдсэн монгол бүсгүй 1 настай хүүхэдтэйгээ хамт Сибирийн нэгэн шоронд хоригдож байгаа гэнэ. Тэрээр 9 жилийн ял авсан бөгөөд өдгөө дөнгөж 3 жилээ эдлээд байгаа юм. Харин шоронд орсныхоо дараа тэрээр шоронгийн хуягуудад хүчиндүүлсэн бөгөөд  улмаар хүүхэдтэй болжээ. Үр хөндүүлэх боломжгүй учир ямар ч арга байхгүйгээр хүүхдээ төрүүлжээ. Хүүхэд нь одоо нэг нас хүрсэн учир  ойролцоох аль нэг хотын асрамжинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч монгол бүсгүй хүүхдээ алдахаас айж, Монгол руу ар гэрийнхэндээ хандан, хүүхдийг нь өсгөж байхыг хүссэнээр энэ хэрэг илэрсэн байна. Одоогоор хүүхдийг Монгол руу авчрах асуудал яригдаж байгаа юм. Мөн Хятадын шоронд хоригдож буй хоёр ч монгол бүсгүй үр хүүхэдтэйгээ хамт хоригдож байгаа сурагтай. Гэхдээ тэд  хөл хүнд байхдаа хорих ял авсан уу, эсвэл шоронд байхдаа жирэмсэлж төрсөн үү гэдэг нь бүрхэг байна. Европын шоронд хоригдож буй хоёр монгол бүсгүй ч бас хүүхдүүдтэйгээ байдаг гэнэ. Азаар тэд бусад улс шиг хүүхдүүдтэйгээ хамт байхад ямар нэгэн хориг саад байдаггүй бололтой. Шоронгийн хажууд хүүхдийг нь өсгөн хүмүүжүүлдэг асрамжийн газар байдаг бөгөөд дуртай үедээ орж  уулзаж болдог байна. Иймд хүүхдүүд нь ямар нэгэн хичээл сургуулиас хоцрох тухай ойлголт огт байдаггүй. Тэр ч байтугай хүүхдээ 5 нас хүртэл гадуур өсгөөд буцаж ирж, шорондоо ял эдлэх саналыг хүртэл тавьсан гэх бөгөөд тэд ялаа эдэлж, эртхэн дуусгахаар шийдэж саналаас нь татгалзсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн оны байдлаар манай улсын 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон байна. Хэрэгт холбогдсон иргэдээс 19 оронд 165 иргэн ял эдэлж, 122 нь суллагдан эх орондоо ирсэн байна. Гэмт хэргийн дийлэнхийг хулгайн хэрэг эзэлж байгаа бөгөөд зөвхөн урд хөршид гэхэд 171 иргэн хулгайгаар шалгагдаж байгаа аж.  Мөн Монгол Улсын иргэншилтэй болон монгол ээжээс төрж мэндэлсэн 16 хүүхдийг эх оронд нь авчирсан байна. Зарим хүүхдийнх нь эцэг эх гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол зарим нь мөнгөний барьцаанаас болоод бусдад орхиод явсан хэрэг хүртэл гарчээ. Иймд ГХЯ болон Хүний эрхийн байгууллагууд хамтран гадаад улсуудад ял эдэлж буй монгол иргэдтэйгээ нэг бүрчлэн очиж уулзах, ялангуяа эцэг эхийн буруутай үйлдлээс болж хүүхэд хохирч буй эсэхийг нарийвчлан судлахаар болоод байгаа гэнэ. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.