О.МАГНАЙ ЭЭЖИЙГЭЭ ШОРОН РУУ ТҮЛХЖЭЭ


Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай 2008 оны долоон сарны 01-ий үймээний дараахан гэнэт усанд хаясан чулуу шиг алга болсон байдаг. Ард түмний хүүхдийг үймээн самуунд уриалан дуудаж, МАН-ын байр луу дайран орж, хаалга, үүдийг эвдэж байсан тэрбээр хэд хоног Улаанбаатар хотын захын дүүрэгт бүгэж байсан аж. Түүнтэй хамт долоон сарын 01-ий үймээнийг гардан удирдсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ИХ намын дарга Ж.Батзандан нар Ганцхудагийн мөрдөнд ачигдаж байхад “туулайн зүрх”-тэй О.Магнай улс орноосоо дүрвэхээр зэхэж байсан гэдэг. Гэвч таван хүний халуун амиар “тахил” өргөсөн цуст үймээнээс болоод улс орон онц байдал тогтоож, хаа сайгүй цэрэг, цагдаа хөдөлсний хүчинд О.Магнайг хоёр долоо хоногийн дараа барьсан удаатай. Нөгөө ард түмнийхээ төлөө хатуу тэмцэл өрнүүлж явсан О.Магнай Ганцхудагийн мөрдөнд ганц сар болохдоо шоронгийн ая даалгүй, “чад хийчих” шахан, эмнэлэг бараадсан байдаг. Эцэст нь эмч нарын актаар Иргэний хөдөлгөөний цөс ихтэй О.Магнай тэргэнцэр дээр “амьтан” болчихсон наранд гарч ирснийг монголчууд мартаагүй. Уг нь шоронгийн босго даваад бөөс хуурсандаа баригдаж, арчаагаа алдан мөлхөж гарсан иймэрхүү хүмүүс ахиж гэмт хэрэг үйлдэх нь бараг байдаггүй. Гэтэл О.Магнайг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр нэгэн ноцтой луйврын хэрэг мандсан нь олны гайхлыг төрүүлэв. Баримт дурьдвал, тэрбээр Ливан Улсын иргэнийг залилж 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 сая төгрөгөөр үнэлэн өөрийн эзэмшлийн компанидаа шилжүүлж авсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. О.Магнай Ливан улсын иргэн Мохамадийг хэрхэн залилсныг эргэн нэг сануулъя. О.Магнайн ээж Отгонжаргал “Анаг сархиа” ХХК-ийн эзэн. Энэ компани БЗД-т 800 м2 газар эзэмшдэг байжээ. Энэ газрыг нь О.Магнай Ливан улсын иргэн, 2011 оноос хойш Монголд хөрөнгө оруулан бизнес эрхэлж байгаа Мохамад Зухуэр Итан гэдэг бизнесменд 2014 онд бэлэн 300 мянган доллараар зарж, мөн түүний барих барилгад 320 м2 талбай авахаар гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор мөнгөө ч авч газар, компани 2-оо Мохамадийн “Сидарс” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг аж. Гэвч 2 жилийн дараа Магнайн ээж С.Отгонжаргал “Сидарс” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 320м2 талбайгаа өгсөнгүй хэмээн зарга үүсгэж БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүхийн үйл ажиллагаа ч эхлэхтэй зэрэгцээд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу ДСНК-ийн хажууд байрлах тус компанийн газрын зөвшөөрлийг 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар цуцлах шийдвэр гаргажээ. Улс төрийн албан тушаалтнуудтай ойр байдгаа ашиглан О.Магнай “Сидарс” компаниас ганц 320 м2 талбайн мөнгийг нэхэмжлэхээс гадна газраа ч буцаан авах боломжтойг мэдэрч шүүхэд өгсөн нэхэмжлэлээ буцаан авч, газраа нэмж авахаар дахин хандсан байдаг. 

Үүнтэй зэрэгцээд О.Магнайн ээж Отгонжаргал “Баян цамхаг” гэх компанийг байгуулан Засаг дарга Су.Батболдын цуцалсан “Сидарс” компанийг шинээр байгуулсан “Баян цамхаг” компанийнхаа нэр дээр шилжүүлэн авч, 300 мянган доллараар зарсан газраа буцаан авсан байдаг. БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч гарч, Отгонжаргалын нэхэмжлэлийг хангаж “Сидарс” компаниас 724 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ. Энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа ч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж, тус байгууллагын дарга хурандаа Цогжаргал бараг 2-3-хан өдрийн дотор “Сидарс” компанийн охин компани “Сидарс партнерс” компанийн эзэмшилд байсан БГД-ийн 10 хороололд байрлах 11 давхар обьектийг шууд О.Магнайн ээжид шилжүүлэх ажил өрнөж зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөс ч илүү үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Сидарс” компанийг төлөөлөх эрх зүйн эрхгүй хүнээр тамга тэмдгийг нь даруулан гарын үсэг зуруулж “Дархан цамхаг” компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн аж. Энэхүү “Дархан цамхаг” компанийг О.Магнай 100 хувийн эзэмшдэг юм. Үүнийхээ төлөө нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтан одоо АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд хүний 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 4 дахин багаар буюу 724 саяар үнэлэн О.Магнайд шилжүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар авилга авсан байж болзошгүй гэж үзэж буй ажээ. О.Магнайгийн ээжид 10 давхар байшинг хууль бусаар авч өгсөн ШШГЕГ-ын ажилтнуудыг шүүж байна.БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд   4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 11 давхар шилэн барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлсэн байдаг. Гэвч О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмдсэн гэх мэдээлэл хөвөрсөөр.  Үүнтэй холбоотойгоор Ливан улсын иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Гэтэл ард түмний төлөө цогтой тэмцэгч залуу “Надад наад залилангийн хэрэг чинь ямар ч хамаагүй. Манай ээжийг шоронд хийвэл хийхгүй юу!” гэж томорсон байх юм. Ёстой л арилсан дотортой хүн гэж ийм байдаг байх. Энэ яваа насандаа хүмүүний төрлийн олсон хэнбугай ч гэсэн эхийнхээ ачийг бага ч атугай хариулах юмсан гэж бодож явдаг байх. Гэтэл О.Магнайн хувьд нүд улаан, мөнгө цагаан  болж өөрийн  хийсэн хэргээ төрүүлсэн эх рүүгээ чихэж байхдаа ер сэтгэл нь сэмэрсэнгүй гэлтэй. Мань эр мөрдөнд сар болохдоо “амьтан” болсон болохоор  дахин шоронд орохоос үнхэлцгээ хагартал айж, энэ удаа ээжийгээ шорон луу түлхэж байгаа дэг. За энэ ч яахав. Хэрэг хамууд хэн нь хийсэн хэргээ үүрэх нь тэдний  хоорондын хэрэг гэж орхиё. Гэвч хэрэг мөрдөн шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэнийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь энэ аж.  Яг одоо гадаад улсын иргэний дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=