ЛУСЫН ХОРЛОЛ ТУССАН АЙЛ



Урд хашааны Нямдорж гуайнх хашаандаа хэд хоног газар ухаад худаг гаргачихсан байна. Хүнээс дутах юу байдаг юм бэ, худаг гаргая. Ус зөөх гэж ажил болохгүй, амар биз дээ. Тэгээд ч манай хашаа усны судал дайрсан гэж мэддэг хүмүүс нь ярьж байсан” гэж эхнэрийгээ хэлэхэд Энхболд энэ саналыг нь ойшоосонгүй.  Тэрбээр “Манай буусан газар чинь Чингэлтэйн баруун суга. Уулын тагт шахуу газар. Чингэлтэй хайрханг догшин газар гэдэг юм билээ. Хамаагүй уулын тагт дээр худаг ухаж төнхөөд дэмий дээ. Газар усны хараал лусын хорлол гэдэг чинь хэдэн үеэрээ амсдаг айхтар эд дээ” гэж Энхболд эхнэртээ хэлжээ. Эхнэр нь юм дуугаараагүй ч гэсэн дотроо “Манай хар юм үнэхээр залхуу амьтан шүү. Лусын нэр барьж биеийн амрыг хайх нь ээ” гэж боджээ. Тэр өдрөөс хойш нэг их удаагүй байтал энэ айлд усны хэрүүл дэгдэв. Ажлаасаа ирсэн эцэг эх хоёртоо хүүхдүүд нь “Ус авч чадаагүй” гээд сууж байв. Нарантуул зах дээр өдөржин наймаа панз хийж ядарсан эцэг эх хоёр хүүхдүүдээ загнаж бөөн хэрүүл шуугиан дэгдэв. Тэднийх уулын хярд байдаг болохоор охин хүүхдүүд тэрэг түрээд усанд явах тун дургүй ажээ. Иймээс Энхболд хуучин муу аксентаа шаржигнуулан асаагаад, хэдэн саваа ачин худаг руу ухасхийв. Гэвч зөөврийн ус түгээдэг худаг хаалттай байлаа. Аргаа барсан Энхболдыг хоосон гуяа ганзагалаад гэртээ ирэхэд эхнэр Чимгээ нь баахан хялалзаж сууснаа, хоёр арвын сав сугавчлан гарч одов. Тэрбээр урд хашааны Нямдорж гуайн худгаас хорин литр ус худалдаж аваад хоол цай залгуулав. Энэ маягаар тэднийд усны хэрүүл тасрахаа байлаа. Яваандаа үнэнд гүйцэгдэнэ гэгчээр Энхболд эхнэрийнхээ саналыг хүлээн зөвшөөрч хашаандаа худаг ухахаар болжээ. Гэхдээ худаг гаргахын өмнө лус аргадах тарни, лам хар дуудсангүй. Угийн шүтлэггүй хосууд болохоор амралтын өдрийн өглөө цай цүүгээ уучихаад хүрз, жоотуугаа шүүрэн гарчээ. Ингээд машин техник, хүн хүчээр долоо хоног дайрсны хүчинд хашаандаа худаг гаргав. Тийм өндөр зардал гараагүй ч гэсэн мөнгө сул хаях, үргүй зардал гаргах дургүй болохоор Энхболд хашаандаа хөдөөнөөс нүүж ирсэн айл буулгаж, худгийн манаачаар томилжээ. Зарсан усныхаа 20 хувийг авна гэж бодохоор мөнөөх айлын эзэн Доржбатыг алга загатнаж байв. Өглөөнөөс өгсүүлээд үдшийн бүрий болсон хойно ч бидон сав дуугарсан хүмүүс тэдний хашаанд хөлхөнө. Тэгтэл урд хашааны Нямдоржийн худаг гэнэт ширгэж, тэр хавийн хашаандаа мэр сэр худаг гаргасан айлуудын  худаг ч бас ширгэж алга болжээ. Нэг үгээр Энхболдынх яг усны ундарга дээр хашаагаа хатгасан бололтой. Үүнээс болоод тэдний хашааны үүдэнд бидон, сав, тэрэг түрсэн соц нийгмийн үеийн уртаас урт очер дугаар үүссэн гээд бод. Уснаас их мөнгө олж болдог гэдгийг тэр үед Энхболдын амьдрал харуулжээ. Өдөрт л 100 мянган төгрөг чигээрээ гулсаад орж ирдэг байв. Заримдаа хашаандаа ногоо цагаа тарьж, хүлэмж барьсан айлууд хэдэн тонноор нь ус авна. Тэр тоолонгоор мөнгө урсан орсоор. Нарантуул зах дээр оймс, дотоож энэ тэр зардаг Энхболд, Чимгээ хоёр бизнесээ өргөжүүлж, гутал хувцас руу орсон гээд бод. Хуучин муу аксент машинаа зарж, цоо шинэ “Estima” авав. Хашаандаа хоёр давхар байшин бариуллаа. Тэр байтугай хороо хориноор хөөцөлдөж байж худгаа үзүүлэн нөгөө хэл ам татаад байгаа ЖДҮ-гээс 20 саяын хөнгөлттэй зээл авсан аж. Олны жишгээр усны судалтай аятайхан газар хашаа хатгаж, хэдэн өрөө хувийн байшин бариулчихаад нам даралтын зуухаар халааж, тохилог амьдардаг тэднийхийг ойр хавийнхан нь баяны тоонд оруулж бас атаархах ажээ. Гэтэл хэл ам тусав уу гэлтэй Энхболд, Чимгээ хоёрын амьдрал алга урвуулах адил өөрчлөгджээ. Энхболдын гэр бүл Дундговь руу аяллаар явж байгаад аваарт орж бага охин нь газар дээрээ нас барж, эхнэр нь нэлээд хүнд гэмтэв. Хэдэн сар тэргэнцэр дээр суусан Чимгээ арай гэж нэг юм хөл дээрээ боссон байна. Тэр үед худгийн сахиул хийж байсан Доржбатын хамаг биеэр улаан эрээн яр гарч босч чадахаа больжээ. Доржбатын эхнэр, хүү хоёр усаа зарж суухдаа мөн л хамаг биеэр нь улаан эрээн яр гарч эмнэлгээр гүйв. Тэднийх лам хар залж авчраад асуувал “Лусыг хилэгнүүлсэн байна. Наад худгаасаа ус авахаа зогсоо!” гэж хэлчихээд мөнөөх лам явжээ. Гэвч Энхболд, Чимгээ хоёр мөнгө олохын тулд худгаа хаасангүй. Харин шашин шүтлэгтэй тулдаа Доржбат тэдний хашаанаас нүүжээ. Нэг өглөө Энхболд машинаа асаагаад хөдлөх гэтэл хамаг бие нь татчихаад гар хуруу нь огт хөдөлсөнгүй. Өндийх гээд чадсангүй. Гэрийнхнээ дуудахад цаадуул нь гарч ирснээ “Яана аа, аавын ам мурийгаад харвачихсан байна” гээд түүнийг дамнан гэрт оруулжээ. Зүв зүгээр явж байгаад харвалт өгсөн Энхболд зургаан сар хэвтэрт орж, шээс баасаа хүнээр зөөлгөсөн байна. Бие нь бага зэрэг сайжирсан ч Энхболдын зүүдэнд хачин аймшигтай царай зүстэй хүн худгаас нь гарч ирээд түүнийг багалзуурдаж эсвэл хаа гуяар нь тас татан хөнөөж байгаагаар хар дарж зүүдлэх болов. Чимгээ ч иймэрхүү зүүд зүүдэлжээ. Ингээд тэднийх бөө дуудаж баахан бөөлүүлсний хүчинд лусыг хилэгнүүлэн хашаандаа худаг гаргаснаа мэдэж авав. Оройтсон ч гэсэн Энхболд худгаа хааж, хашаа байшингаа зарахаар хөөцөлдөж явна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=