ӨВӨРМОНГОЛД МОНГОЛ ХЭЛЭЭР ХИЧЭЭЛ ЗААХЫГ ХКН-ААС ХОРИГЛОЖЭЭ



Хятадын эрх баригч Коммунист нам /ХКН/ саяхнаас Өвөрмонголын зарим хотод дунд сургуулиудын хичээлийг монгол хэлээр заадаг байсныг болиулж, зөвхөн хятад хэл дээр хичээлүүдээ үздэг болох шийдвэр гаргажээ. Энэхүү алхам нь Хятадын үндэстний цөөнхөд эх хэлээр нь боловсрол олгох үйл явцыг зогсоох томоохон стратегийн нэг хэсэг, монгол соёл уламжлалыг устгахаар аажмаар чимээгүй довтолж буйн нэг хэлбэр юм. Өвөрмонгол дундаа монгол үндэстэн ястан хамгийн их амьдардаг Түнляо буюу Байшинт хотоос энэ үйл явцыг эхлүүлсэн нь бүр анхаарал татаж байгаа юм. Нийт гурван сая гаруй хүн амтай уг хотын бараг тэн хагас нь монгол угсаатан. Энэ шийдвэр Байшинт хотоор ч зогсохгүй цаашид бусад бүс нутгуудад хэрэгжих төлөвтэй байгаа аж. Байшинт хотын сургуулиудад монгол хэлнээс бусад бүх хичээлийг хятад хэл дээр заахыг шаардаж байгаа ба уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтнуудыг ч тус бүс нутаг руу илгээхээр болсон байна. ХКН-ын энэ шийдвэрийг маш олон монгол угсаатнууд таагүй хүлээн авч, эсэр­гүүцэж байгаа аж. Судлаачид, монгол хэл соёл, угсаатны зүйн төлөө тэмцдэг идэвхтнүүдийн үзэж буйгаар Хятадын эрх баригчид Өвөрмонголын автономит бүс нутагт эх хэл, соёл уламжлалыг хумих бодлого баримталж эхлээд буй нь ажиглагдаж байгаа гэнэ. Үүний хамгийн том жишээ нь монгол хэл дээр боловсрол олгодог сургуулиуд ажээ. Хөх хотод л гэхэд 2016 оны байдлаар монгол хэл дээр боловсрол олгодог 3,000 орчим сургууль байдаг байжээ. Харин Өвөрмонголын нийт хүн ам буюу 24 сая орчим хүний 5,8 сая нь монгол угсаатан ба 1980 оны байдлаар 110 мянган монгол сургууль байдаг байсан бол одоо үүний 80 гаруй хувь нь хаагдаж, Хятад сургууль болсон байна. Хэл бол тухайн ард түмэн, үндэстэн ястны соёлын амин чухал хэсэг. Хэл устахад үндэстэн мөхдөг ч гэж ярьдаг. Гэтэл энэ бүс нутагт монгол хэлийг устгах бодлого аль хэдийн хэрэгжээд эхэлжээ. Дээрхтэй ижил төстэй шийдвэр 2018 онд Үзэмчин хошуунд хэрэгжүүлэхээр оролдох үед эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж байсан аж. Монгол соёлыг үгүй хийх бодлого зөвхөн хэлний асуудлаар ч тогтсонгүй, нийгэм эдийн засгийн асуудлаар ч илэрч байна. Автономит мужийн монгол үндэстний ихээхэн хувийг малчид эзэлдэг. Хятадын төв Засгийн газраас тэдний бэлчээрийн газар нутгийг булаан авсаар байгаа ба үүнийг малчид хүчтэй эсэргүүцдэг байна. Тухайлбал, 2020 оны зургадугаар сарын 1-ний өглөө бэлчээрээ булаалгасан Сөнөд хошууны Баян-уул сумын 400 орчим малчин жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн ба цагдаа нар тэдэн рүү нулимс асгаруулагч цацаж, биед нь халдаж, тэдний тэн хагас нь баривчлагджээ. Эдгээр малчдыг дэмжсэн идэвхтэн, тэмцэгчдийг ч мөн хорьж шийтгэдэг аж. Шүүхээс малчдын хөдөлгөөнийг дэмжсэн идэвхтнүүдийн хоёр нь болох Цогжил, Хасчулуу нарт найман сар, дөрвөн сарын хорих ял тус тус оноосон байна. Цогжил нь зохиолч ба цахим сүлжээнд түүнийг маш олон хүн дагадаг. Тэрбээр өмнө нь 2019 онд Өвөрмонголд монгол соёлыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байсан нэрт яруу найрагч, ардын аман зохиолч Сэцэнбаатарыг цагдан хорьсныг эсэргүүцэж баривчлагдсан юм. Түүнтэй хамт тус бүс нутагт болсон Соёлын хувьсгалын золиос болсон хүмүүсийн баримтуудыг цуглуулсан ном хэвлүүлснийхээ төлөө өөр нэгэн идэвхтэн А.Боржигин мөн баривчлагдаж байжээ. Соёлын хувьсгал гэх үйл явдалд 30 мянга орчим монгол үндэстэн Өвөрмонголд амь үрэгдсэн гэж үздэг.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=