ЧӨТГӨРИЙН ХАВЦЛЫН НУУЦ


Хотод эхэлсэн хэлмэгдүүлэлт хөдөө тийш хүрээгээ тэлээд байсан цаг. Ялангуяа Даян дээрх мэтийн олон зуу, мянган ламтай хүрээ, хийд хамгийн түрүүнд өртөх нь мэдээж. Хөвсгөлд бужигнаан гарчээ. Аймгийн хүрээний томхон лам нарыг барьж эхэлсэн тухай цуу Даян дээрхэд ч очжээ. Даян дээрх бужигнаад явчихаж. Тэр үеийн Даян дээрхийн хийдийн толгой (хамба) лам их ухаалаг хүн байжээ. 

-Хөгшин зэм бид яах вэ, үйлээрээ болог. Хориос доош насны банди нар хар болоод харьцгаа. Дунд насны идэр лам нар мөрөө хөөцгөө гэсэн лүндэн буулгасан юм байх. Ер нь түүнийхээр болсон байдаг. Лхагваа нэг нөхрийн хамт нутаг руугаа буюу Ренчинлхүмбийг зорь-жээ. Явган бадарчны дүрээр үүргэвч үүрэн, мод тулаад алхсан хэрэг. Улаан, Цагаан-Уулыг хөндлөн туучин байж. Зорьсон газраа хүрнэ шүү дээ. Хэдэн хоног явсныг хэн мэдэх билээ. Замдаа нөхөр нь сэтгэл урван үлджээ. Ингээд мань хүн алхсаар байгаад нутгийн бараа харжээ. Цаг цөвүүн тул хүн хард харагдахгүйхэн шиг аав, ээжтэйгээ уулзахаар товлов. Ингээд үдшийн бүрийгээр хоёр айлын навтархай бор гэрт оржээ. Өвгөн, эмгэн хоёр байсан байна. Өвгөн их тулхтай хүн санагдсанд хамаг үнэнээ хэлэв. Тэгээд гэрээ асуужээ. Өвгөн “Хоол идэж, сайхан амраад үүрээр яв. Ах нь дөхүүлж өгье” гэжээ. Түүний хэлснээр болжээ. Өвгөн яг үүрээр сэрээгээд хоёр морь эмээллэн хөдөлцгөөжээ. Үд дундын хэрд хэдэн айлын бараа харагдав гэнэ. Өвгөн “За, хүү минь. Тэр баруун талын зах гэр танайх. Чи модон дотор амарч байгаад бүрэнхий болохоор ороорой. Өлсвөл үүнийг ид” гээд чанасан мах өгөөд буцсан байна. Үүрээр боссон болохоор нойр хүрмэгц ойд богцоо дэрлээд унтаад өгчээ. Нэлээд унтаад сэрэн мах идээд энэ тэрүүгээр зугаалан байтал нар жаргажээ. Хэсэг хүлээгээд бүрэнхий болмогц өвгөний заасан гэрт орвол аав, ээж, дүү гурав нь байж. Уйлаан, майлаан болон угтсан байна. Ээжийнхээ гарын хоол, цайг идэж уунгаа эцэгтээ үнэнээ хэлжээ. Эцэг нь ч зөвшөөрөн “Зүүн сарьдгийн агуйг зорьсон нь дээр. Тэнд одоохондоо хэн ч байхгүй. Би сарын дундуур нэг, сүүлчээр нэг хоол, унд дутагдсан гачигдсан зүйл байвал хүргэж байя” гэв. Бүх бэлтгэлээ базаагаад мөн л үүрээр хөдлөх болжээ. Хөнжил гудас, дах дэгтий, тогоо шанага, аяга халбага, хутга шөвөг, хоол давс гээд юу эс мундах билээ. Хүнд хэрэгтэй бүхнийг бэлдсэн нь мэдээж. Буу, сум ч өгчээ.  Лхагваа лам болохоосоо өмнө эцгээ даган гөрөөлдөг байсан бөгөөд хэрэм, булга, суусар, хур, сайр, ятуу, хөтүү, чандага, туулай намначихдаг, агнасан гөрөөсийг цэвэрхэн янзалчихдаг байсан нь хэрэг болох цаг нь иржээ. Эцэг, хүү хоёр үүрээр мордож, үд өнгөрөөгөөд очих газрынхаа барааг харжээ. Зам хүндрээд иржээ. Морьдоо хөтлөхөөс аргагүй болсон байна. Ингээд явган явсаар наран жаргах үед агуйд ирсэн байна. Тэнд амарч хоноод өглөө нь агуйгаа тохижуулжээ. Агуйн хажуу дахь ангалыг чулуугаар хашин ганц морины жүчээтэй болоод авчээ. Ачаа ачиж ирсэн номхон зээрд морио хүүдээ орхиод эцэг нь буцахдаа “Өнөөдрөөс тоолоод яг 15 дахь өдрийн үдэд доод хавцлын хонин цагаан чулууны дэргэд уулзъя даа. Ямар нэг юм тохиож мэднэ. Хоног хүлээгээд хэн нэг нь ирэхгүй бол өөрөөр шийдэцгээе” хэмээн тохирчээ. Аав нь буцав. Лхагваа “Эр хүний жаргал эзгүй хээр”-ийг амталж, амсаж эхлэв ээ. Эхний хэдэн хоног гэрээс холдсонгүй. Өдөр нь морио идээшлүүлээд амардаг байжээ. Хэд хоногоос тэр хавиар газар үзэхээр болов. Буцахад амар гээд оргил руу уулыг ташин өгсчээ. Буу, сум зэхээстэй явлаа.  Нэгэн хясаа тойртол хэсэг янгир харагджээ. Хясаанд наалдчихаад харвал, наад захад нь нэг багахан ямаа огт хэнэггүй идээшилж байж. Авч явахад амар гээд түүнийг онилов. Буун дуу тас, янгирын сүрэг сар гэдэг шиг л болов. Нөгөө шүдлэн ямаа үлджээ. Гэдэс дотор, толгой туурайг нь авч хаяад үүрч харив. Анхны ан амжилттай болжээ. Янгирын шарсан мах идэж суухад “Амьдраад байна даа” гэх хохиун бодол төрснийг түүнээс өөр хэн мэдэх билээ. Хэд хоногоос нэг гарч, тэр хавиар багшран байдаг  хур, сойр хэдийг нухсан байна. Ийнхүү ан, гэрээс авчирсан хүнсээрээ амьдарсаар 10 хоножээ. Янгиртай болсон учир хоол дуусах болоогүй байв. Тав дахь хоног дээрээ хавцлын хонин цагаан чулууны дэргэд аавтайгаа уулзана даа. Хоол хүнс гол нь биш ч уулзах нь чухал. Хол, ойрын чимээ сонсоно, байдал ямар байгааг ойр ойрхон мэдэж байвал учиртай. Түүнийг ийн бодон хэвтэх зуур аав нь машид чухал  ажлаар ирж байлаа. Лхагваагийн аавынхтай хамт намаржиж байсан хэдэн айлд Чөөхөө гэх анчин эр байдаг байжээ. Нэг өдөр хавцал руу анд явна гэж гараад хонуут алга болжээ. Маргааш нь бага үдэд морь нь нэг этгээд цоохоор гөрөөс тэгнэчихсэн иржээ. Хэрэг бишидсэнд айлын эрчүүд морийг нь хөтлөн хавцал руу явжээ. Дөхөж очоод морийг нь сул тавьчихаж. Олон жил анд унаж ижил дасал болсон, бараг сургуультай гэхээр морь нь төдөлгүй эзнээ олсон байна. Байдлыг ажвал мориноосоо буугаад шээх гэж байгаад ташиж унахдаа том хаданд толгойгоороо цохиж, дагз нь хагарч үхсэн байв гэнэ. Авчраад нутгийн зайранд үзүүлбэл “Болохгүй ан агнажээ. Нас барсан газар нь оршуул. Хойтохыг нь ламаар уншуул” гэжээ. Тэр хавьд лам байсангүйд Лхагваагийн эцэг “Би лам олъё. Та нар оршуулахад бэлдэж бай” гээд зам буруулан гарч, хүү дээрээ очсон нь энэ. Хүүдээ бүхнийг хэлээд дагуулж явахдаа мөн зам буруулсан нь мэдээж. Замдаа хүү нь нэг сонин санаа олсноо эцэгтээ хэлжээ. 

-Аав аа, нэгэнт ийм болсон тул би өөртөө хамгаалалт босгочих уу? гэжээ. “Юун хамгаалалт билээ?” гэвэл, 

-Би Чөөхөөг чөтгөр болгочихъё. Энэ хавцал чөтгөртэй болчихвол янз бүрийн хүн наашаа зүглэхгүй надад амар гэсэн байна. Эцэг нь “Өөрөө мэд” хэмээжээ. Лхагваа очиж, хойтохыг нь уншихын хамт “буруу ном” уншин Чөөхөөг чөтгөр болгожээ. Нутгийн зарим хүн түүгээр явж, нэрээрээ дуудуулан нэвсгэр хүн харснаар зарим нь өвдөж, лам хар болж байж өвчнөөсөө арайхийн салснаар дээрх хавцлыг Чөөхөөгийн хавцал гэж  нэрлэжээ. Тэр нь яван явсаар “Чөтгөрийн хавцал” болсон байна. Жараад оны дунд үе хүртэл Чөөхөө чөтгөр байжээ. Лхагваа цөвүүн цагийг тэнд өнгөрөөн дөчөөд оны дундуур харьж, хүний ёсоор амьдран, 1987 онд 67-тойдоо насан эцэслэсэн гэнэ билээ. Тэрбээр 1967 онд Чөөхөө чөтгөрийг номхотгосон хавцлыг Чөт­гөрийн биш Чөөхөөгийн хэмээн нэрлэхийг санал болгосон боловч нэгэнт тогтсон нэр хэвээр үлджээ. Ерэн оны эхээр нутгийн ардууд “Одоо нэгэнт чөтгөр байхгүй юм чинь  хавцлын нэрийг Чөөхөөгийн болгоод, анчныхаа нэрийг мөнхөлж, дурсгал болгоё” хэмээн тохирсон ч мөнөөх хавцал өнөө хэр нь “Чөтгөрийн хавцал” нэрээрээ оршиж байгаа ажээ. Энэхүү түүхийг нутгийн нэгэн эмч надад ярьсан билээ. 

Сонирхуулахад, Алмасын хавцал Баянхонгорт, Шулмасын хавцал Говь-Алтайд, чөтгөрийн хавцал Хөвсгөлд буй. Монголчууд хавцалд яагаад ийм этгээд бас айдастай нэр өгдөг юм бол доо гэх бодол сэтгэлд буудаг юм.  Хавцал гэж юу болохыг өнөөгийн, тэр дундаа хотын залуус сайн мэдэхгүй байх. Тэдний буруу гэж юу байхав. Тэгээд ч мэдэх албатай биш. Газар зүйн хичээл ерөнхий боловсролын сургуульд ордог ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Орлоо гэхэд хавцлын тухай заадаг ч юм уу, үгүй ч юм уу бас мэдэх юм алга. Товчхондоо буюу энгийн үгээр хэлбэл, хоёр талаараа хадан хясаагаар хашигдсан гүн ангал гэж ойлгож болно л доо. Алтайн сүрлэг уулс дунд янз бүрийн нэртэй хавцал зөндөө бий. Хавцал дундуур бяцхан горхи урсах нь элбэг. Хавцлын хувьд өвөрмөц тогтцоосоо болоод янз бүрийн анир, чимээ гаргах нь цөөнгүй. Ер нь бараг хавцал болгон ингэдэг. Үүнээс гадна сүрлэг тогтоц нь айдас төрүүлдэг нь гарцаагүй. Алмасын хавцлын хувьд нэгэн домог байдаг. Хэсэг жинчин явж байгаад тэр хавьд хоноглож л дээ. Шөнө дундын үед тэрхүү хавцлын эхэн хавьцаа маш аймшигтай хяхарган дуу гарчээ. Морьд хамраа сарталзуулан шээс алдаад, тэмээд бурантагаа тасчих шахан үргэсэн юм байх. Ахлаж явсан ахмад жинчин “Би залуудаа яг ийм дуу говьд сонсон юм. Нэг ахмад хүн “Алмас хашгирч байна” гэж билээ. Тэр л болж таарлаа. Гарч ганц хоёр буу тавья” гэжээ. Ингээд хоёронтаа буу тавьсан байна. Дахин тийм чимээ гараагүй бөгөөд морь, тэмээд ч амгалан болжээ. Тэгээд маргааш нь явахдаа хижээл эр эргэж хараад “Алмасын хавцал ард хоцорлоо доо” гэсэн юм гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=