"ШАРК" Г.АМАРТҮВШИН ӨӨРИЙН УДМАА ҮГҮЙСГЭН, БУСДЫН НЭРИЙГ АШИГЛАЖ ЯВНА


УИХ-ын сонгуулийн үед хамгийн их дуулиан тарьсан хүн бол МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшин байлаа. Тэрээр хэдэн жилийн өмнөөс “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажилласнаар монголчуудад танил болсон нэгэн. Харин түүнээс өмнөх намтар түүх нь нэлээд будлиантай аж. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал байснаар нь хүмүүс сайн мэднэ. Гэвч “Хас” банкны ерөнхийлөгч Ч.Ганхуяг түүний бузар булайг илчилж орхисон билээ. Г.Амартүвшинг  Монголын иргэншлээс хасагдсан, мөн америк эхнэртэй зэрэг бүхий л баримтуудыг ил гаргасан ч манай хууль хяналтын байгууллагууд огтхон ч хуруу гараа хөдөлгөсөнгүй сонгуулийг дуусгалаа. Түүгээр  ч барахгүй Г.Амартүвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй боллоо. Харин түүний ноцтой мэдээллүүд үүгээр дууссангүй. Тэрээр өөрийгөө билгүүн номч Б.Ринченгийн зээнцэр хэмээн сонгуулийн үеэр өвөөгийнхөө тухай кино хийлгэж, үе үе өөрийгөө хавчуулав. Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр Б.Ринчентэй цусан төрлийн ямар ч хамааралгүй хүн болохыг сэтгүүлч, түүхчид баталжээ. Ийнхүү монголчуудын өвөг дээдэс эрдэмтэн хүний нэрийг сонгуульдаа ашиглаж, түүхийг гуйвуулж буйд түүхчид тун дургүй байна. 

Энэ талаар нэгэн түүхч өөрийн байр сууриа илэрхийлжээ.  “Б.Ринчен гуайн тухай баримтат нэвтрүүлэг гарчээ. Сонгууль л юм даа. Шарк дэвшигчийн өсгөсөн өвөө нь бол Б.Ринчен мөн л байх. Мах цусных нь тасархай, элэнц эцэг гэвэл Даш Сампилоныг яримаар юм, уг нь. 1926-1929 онд Германд сууж байсан Монголын Засгийн газрын Худалдааны төлөөлөгч Даш Сампилон, эхнэр Раднаа, Нямаа, Индра хэмээх хоёр охины хамт байсныг харуулсан хэд хэдэн гэрэл зураг байдаг. Индра гуайгаас Ж.Ганибал гуай төрсөн, түүний хүү Г.Амартүвшин. Амьдралын түүх нь бас л домог шиг л юм яригддаг.

Харамсалтай нь Даш Сампилон 1937 онд Зөвлөлтөд буудуулсан. Өсгөсөн өвөө Ринчен гуай ч баригдаж тавигдаж явсан л байх. Түүх гэдэг бас л хоржоонтой юм даа. Хүний амьдралыг хүртэл ийм “егөөтэй” болгох. Манай буриадууд уг удмаа хамгийн сайн мэддэг улс сан” хэмээн халаглаж бичжээ. Өөрөөр хэлбэл, “Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн зээнцэр биш, тэднийд амьдарч байсан аль эсвэл өргүүлсэн хүмүүсийн үр сад болохыг түүх батлаад өгдөг.  Б.Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр нь байдаг гэдгийг дурдах нь мөн зөв байх. Нэг талаасаа ач санан Б.Ринчен гуайг алдаршуулж байгаа гэж харж болно. Нөгөө талаасаа яагаад Их номчийг сурталчлан таниулах ажлыг сонгууль дөхөөд ирэхийн цагт л хийж эхлэв ээ гэдэг асуулт төрөх юм. Өдийг хүртэл Ринчен гуайн нэрэмжит сан ч байгаагүй. Түүнд зориулж хийсэн ганц зүйл нь “муу” хөшөө л байсан юм гэж хэлэхэд болно. Гэтэл өчигдөрхөн “Ринчен сан” гэсэн нэртэй, дэгжин лого бүхий фэйсбүүк хуудас үүссэн харагдана. Зээнцэр хүүгийнх нь сонгуулийн кампанит ажлын хүрээнд Их номч маань өөрийн гэсэн нэг сантай болж байх шиг байна. Дээр дурдсан гурван жилийн өмнөх ярилцлагын үеэр Г.Амартүвшин “өвөөгийнхөө нэрэмжит төрийн бус байгууллага, хэл соёл, судалгааг дэмждэг сан байгуулна” гэж ярьж байжээ. Тэр нь өнөөдөр л биеллээ олж байгаа бололтой. Мөн хэдхэн хоногийн өмнө Их Номчийн тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болсон. Гэвч яагаад Б.Ренчин гуайн талаарх кино гэснээ дундуур нь Г.Амартүвшинг байн байн гаргаад байсныг гайхав. Бямбын Ринчен бол Монголын ард түмний шүтээн. Ингээд ч болов баримтат кино, сантай болж байгаа нь яамай даа гэж бодъё доо. Эцэст нь шаркдаа захихад Бямбын Ринчен гуайг “ашиглан” гарч ирж байгаа бол ядаж өвөөгийнхөө нэр нүүрийг битгий гутаагаарай” хэмээн захижээ.  Харин түүний жинхэнэ өвөг дээдэс хэн болох нь түүхэнд бас бичигдэж үлдсэн байдаг.  Даш Сампилон хэрхэн Б.Ринчен гуайд үр хүүхдүүдээ захиж үлдээсэн түүхийг эргэн нэг сануулъя. 

1929 он Даши Сампилон болон түүний гэр бүл, гэргий Радна Оширова, хоёр охин болох зургаан настай Нямаа, хоёр ойтой Индра нарын хувьд эмгэнэлтэй бөгөөд аймшигтай жил болов. Түүнийг Монголд баривчлаад Москвад хүргүүлжээ. Д.Сампилоныг Зөвлөлт засгийн эсрэг ажилласан хэмээн буруутгаж хорих лагерьт 10 жил хорих ял оноосон юм. Тэрээр Соловцад ялаа эдэлж байлаа. Шоронд явахаасаа өмнө Даши Сампилон хамтран зүтгэгч, өөрийн шавь Бямбын Ренчингээс өөрийнхөө гэргийд туслахыг хүсч, Нямаа, Индра хэмээх хоёр охиноо хөл дээр нь бостол харж хандахыг гуйсан байдаг. Мөн таарч тохирвол манай гэргийтэй гэрлээрэй гэсэн аж. Тэрээр хайрт дотнын хүмүүсээсээ үүрд хагацан одож буйгаа мэдэж, мэдэрч байжээ. Түүний залуухан найз, хамтран зүтгэгч, шавь нь болох Бямбын Ренчин түүний сүүлчийн хүсэлтийг ёс төртэйгөөр биелүүлсэн юм. Охидыг өсгөн хүмүүжүүлж, боловсрол олгожээ. Тэднийг өргөн авч өөрийнхөө овгийг өгсөн юм. Харин Бямбын Ренчин өөрөө Монголдоо алдартай нэгэн болж, анхны академич, дэлхийн хэмжээний эрдэмтэн, зохиолч, яруу найрагч болсон билээ. Харин Нямаа нэртэй нүдний эмч болж, ард түмэн түүнийг “Нүдний Нямаа” хэмээдэг болсон агаад түүний дүү Индра зоотехникч-эрдэмтэн болсон юм. Ийнхүү түүхийн хуудсанд ил тодоор бичигдсээр байхад “шарк” Г.Амартүвшин  өөрийн өвөг дээдсээ нулимж, монголчуудын шүтээн болсон буурайг сонгуульдаа ашиглаж байгаа нь бас л хүн чанар муутай хүн гэдгийг харуулж байгаа юм. Б.Ринчентэй цусан төрлийн ямар ч хамааралгүй тэрээр улстөрдөө өсгөсөн өвөг эцгийнхээ нэрийг багахан ашиглаж байгаасай даа.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=