НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГУРВАН ӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ


Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамжийг Нийслэлийн Засаг дарга өнөөдөр гаргалаа. Мөн энэ сарын 24-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн байна.


Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллах юм байна.  Мөн дээрх захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдэгдлээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.