С.БАЯРЦОГТ, Б. БЯМБАСАЙХАН НАРЫН ЭХНЭРҮҮД СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙНЭ


Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр УИХ-ыд нэр дэвшигч С.Баярцогтыг арав, Б.Бямбасайханыг хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр  цагдан хорих шийдвэр гаргасан. Харин өнөөдөр эдгээр нэр дэвшигчдийн эхнэрүүд мэдэгдэл хийлээ.


Дархан-Уул аймагт Ардчилсан Намаас нэр дэвшигч Б.Бямбасайханы эхнэр Д.ӨНӨРЖАРГАЛ:

-Миний нөхрийг гурван өдрийн дотор хоёр тэрбум төгрөг байршуулаагүйн төлөө шүүхээс цагдан сэргийлэх арга хэмжээг авсан. Амьдралын төлөө яваа нөхөр бид хоёрт, хоёр тэрбум төгрөгийг шууд гаргаад өгчих ямар ч боломж байхгүй. Шүүхийн шийдвэр шударга бус гарсанд маш их харамсч байна. Ийм шударга бус нийгэм цаашид удаан үргэлжлэх юм бол бидний хүүхдүүдийн ирээдүйд буруу жишиг тогтох нь. Дээрх шүүхийн шийдвэрээс харахад Монгол Улсын хууль нь жирийн иргэддээ дэндүү хатуу үйлчилдэг юм байна. Гэхдээ энэ нь миний нөхрийн сонгогдох эрхийг таслан зогсоож байгаа хэрэг биш. Явуургүй аргаар төрийн төлөө зүтгэсэн нөхрийг маань хууль бусаар цагдан хорьсон учраас  энгийн иргэддээ халтай нийгмийг таслан зогсоох шаардлага үүсчээ. Тиймээс би  нөхрийгөө төлөөлөөд эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэхийн төлөө Дархан-Уул аймагт очиж сонгуулийн компанит ажилд нь оролцоно” гэв.

"БИД АМАРХАН БУУЖ ӨГӨХГҮЙ"

Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч  С.Баярцогтын эхнэр Ч.НАРАНТУЯА:

-Миний нөхөр энэ жил УИХ-ын сонгуульд найм дахь  жилдээ  оролцож байна. Ихэнх сонгуульд нь  ялалт байгуулж байсан. Миний хувьд нөхрийнхөө сонгуулийн компанит ажилд оролцдолгүй улс төрөөс  аль болох хол явахыг хичээж ирсэн.  Гэтэл шүүхээс хууль бус шийдвэр гаргаж нөхрийг маань хэлмэгдүүлэн цагдан хорьсон учраас  миний бие нөхрийнхөө сонгуулийн  компанит ажлыг үргэлжүүлж бүх үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно гэдгийг мэдэгдэж байна.Бид амархан бууж өгөхгүй. Ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэв.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.