Н.НОМТОЙБАЯРЫН 400 МЯНГАН ДОЛЛАР ЗАЛИЛСАН ХЭРЭГ ЯАГААД ЗАМХАРСАН БЭ?


Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр одоогоор цагдан хоригдоод байгаа. Н.Номтойбаярыг цагдан хоригдсоны дараа олон нийт “хэлмэгдлээ, сулла” гэх зэргээр олон нийтийн сүлжээгээр хүртэл давалгаалах болсон. Үнэхээр Н.Номтойбаяр хэлмэгдсэн юм уу, Ерөнхий сайд, ХЗ сайд хоёртойгоо муудалцаж, тангараг тасраад тийнхүү шинэ цагийн “Шударга бусын хонгилоор оров уу?” гэдэг эргэлзээ ч төрөв. Гэвч түүнийг шударга нэгэн нь үү, эсвэл нүднээс далд дандаа болж бүтэхгүй хэрэг үйлдэж явдаг луйварчин, танхай балмад этгээд үү гэдгийг олж тогтоох шиг амархан зүйл байхгүй. Түүний хар багын найз “Мунзуй” хочит Г.Нямдорж бол “Би Номтойгоо мэдэлгүй яахав. Дандаа болж бүтэхгүй хэрэг үйлдэж явдаг, түүнийх нь хоморгонд би бишгүй л орж явлаа. Хэлмэгдсэн гэвэл би өөрийгөө хэлж болно. Номтойбаярыг хүн хутгалсныг нийгэмд дэлгэснийхээ хариуд би шоронгийн хаалга татсан. Харин шударга шүүх гэж Монголд байсан бол тэр аль эрт төрийн ордонд биш төрийн шоронд үйлийн үрээ эдлээд явж байх ёстой хүн шүү дээ” гэсэн удаатай. Энийг сонссон хүмүүсийн зарим нь муу нэртэй луу данстай болохоор нь “Мунзуй” Г.Нямдоржийг худлаа ярьж байна, хэн нэгний захиалга биелүүлж яваа биз” хэмээн бодож байсан юм. Гэвч Г.Нямдорж үнэнийг хэлээд зогсохгүй “Н.Номтойбаяр 2010 онд бусдын үл хөдлөх хөрөнгийг луйвардаад яг мөрдөн рүү ачигдахын даваан дээр аав нь хуулийнхныг аргалаад суллагдаж байсан. Номтой Зайсанд хоёр хаус ганжиндаад /залилах/ тэрнээсээ болж Ганцхудаг руу ачигдаж байлаа. Би аавд нь очиж хэлээд Нямтайшир нь Ганцхудагийн гаднаас хүүгээ дээшээ яриад суллуулсан” гэж хэлж байлаа. Бид эх сурвалжийн дагуу УИХ-ын гишүүн, экс сайд Н.Номтойбаярт “ганжиндуулж” хохирогч болсон эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг Б.Майцэцэг гэдэг. Тэрбээр 1990 оны дунд үед Хөрөнгийн Биржийн захирал хийж явсан, бизнесмэний хүрээнд шударга зарчимч нэгэн гэдгийг онцлох хэрэгтэй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Н.Номтойбаярыг яаж таньдаг байсан юм бэ. Яагаад түүнд залилуулах болов?

-Миний хувьд өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн эмэгтэй. Тухайн үед буюу 2008 онд УИД-ийн хажуугийн үл хөдлөх хөрөнгө, зуучлалын “Монголиан пропертс” компанид Зайсан хавьд канад загварын хаус авахаар санал тавьсан. Удалгүй тус үл хөдлөх хөрөнгө, зуучлалын компаниас нэг хүнтэй холбож өгөв. Төдөлгүй “Таны гар утасны дугаарыг Монголиан пропертсоос авлаа, надад зарах гоё хаус байна” гээд нэгэн залуу холбогдсон юм. Тэр залуу өөрийгөө “МАК” компанийн захирал Г.Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэж танилцуулсан. Бид хоёр 13 дугаар хороолол дахь тэдний оффис дээр уулзсан. Н.Номтойбаяр надад Зайсан, Туул голын эрэг дээр дээврийг нь барьж дуусгасан, дотор ажил нь эхэлж байгаа канад загварын хоёр хаусны зураг үзүүллээ. Надад тэр хаус таалагдсанаас гадна үнэ өртөг нь боломжийн санагдсан тул бид хоёр худалдаж авах, худалдах гэрээ хийхээр болсон. Миний хувьд “МАК” компаний захирал Г.Нямтайширын хүү гэдэг утгаар нь түүнд итгэсэн минь хожим том алдаа болсон. Ингээд бид хоёр 2008 оны хавар, дөрөвдүгээр сард худалдан авах, худалдах гэрээгээ хийж, гэрээний дагуу Н.Номтойбаяр надад “Есөн сард энэ хоёр хаусын барилгын бүх ажил, засал чимэглэлийг дуусгаад хүлээлгэж өгөх”-өөр болсон. Харин Н.Номтойбаяр “Та намайг мэдэж байгаа байх. Би бол МАК-ийн захирлын ганц хүү. Бид удам угсаагаараа хүнд худлаа ярьж, муу зүйл хийж яваагүй улс. Намайг ч гэсэн бизнесийн хүрээнийхэн ямархуу хэлсэндээ хүрдэг, шулуун шударга залуу гэдгийг мэднэ. Тиймээс та хоёр хаусныхаа мөнгийг зуун хувь төлчих гээд надаас 400 мянган доллар бэлнээр тоолж авсан. Ингээд 2008 оны есөн сар болоод би Н.Номтойбаяр луу ярихад тэр урдаас “Барилгын ажил арай дуусаагүй байна. Би хаусаа бэлэн болохоор нь тань руу өөрөө ярья” гэлээ. Энэ маягаар Н.Номтойбаяр надаас бүтэн жил худлаа ярьж зугтаасан. Би аргаа бараад 2009 оны сүүлээр түүнтэй уулзах санал тавихад тэр уурлаж “Хэдхэн ногооны төлөө юун сүртэй авгай вэ. Чиний наад муу 400 мянган долларыг чинь тоож залилах хүн би биш. Хэрээ мэдээрэй. Би бол сая, сая долларын үл хөдлөх хөрөнгө зардаг, борлуулдаг хүн” гэж томорсон. Сүүлдээ намайг утсаар ярихад “Ална шүү муу авгай минь. Надад орон шоронгоор явсан найзууд олон бий. Чамайг яавал ч яана шүү!” гэж сүрдүүллээ.

-Тэгээд та хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Аргаа барсан би Нямтайширын Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өгсөн. Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч залуу миний гомдлын дагуу Н.Номтойбаярыг шалгаад зогсохгүй, түүнээс хоёр хаус худалдан авах гэрээ ч хуурамч болохыг тогтоосон. Нэг үгээр Н.Номтойбаярт ямар ч хаус байгаагүй бөгөөд хэн нэг хүний барьж байсан хаусны зургийг надад үзүүлээд, эцэг болон МАК компанийхаа нэрээр залилсан болохыг нь тогтоосон. Ингээд Н.Номтойбайрт ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 4-өөр эрүүгийн хэрэг үүсгэж эрэн сурвалжилж, баривчилсан байдаг. Энэ үед Н.Номтойбаярын өмгөөлөгч Мандах гэдэг хүн хүрч ирээд “Н.Номтойбаярыг одоо Ганцхудаг руу ачих гээд байна. Өргөдлөө татаад авчих. Мөнгийг чинь өгье” гэж байсан. Би түүнд итгээгүй. Маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр намайг очиж мэдүүлэг өгөхөд нөгөө “МАК”-ийн захирлын хүү хачин царайлчихсан, гавлуулчихсан мөрдөн байцаагчийн өрөөнд урвайгаад сууж байлаа. Бид хоёр нүүрэлдэн байцаалт хийсэн. Нүүрэлдэж байхад Н.Номтойбаяр уурлаж, над руу босч ирээд цохих гэж байсан гээд бод. Уураа барьж чаддаггүй, өөрийгөө хянадаггүй залуу юм байна даа гэж бодож байлаа. Мөрдөн байцаагч байгаагүй бол тэр намайг цохиод авахаас сийхгүй байсан даа. Ингээд түүний найз Нямдорж болсон явдлыг аавд нь дуулгаж, аав нь над руу утсаар ярьж “Мөнгийг чинь өгье” гэсэн. Би мөнгөө авсан ч надад харамсалтай байлаа. Хэрвээ 400 мянган доллараар хоёр жилийн хугацаанд бизнес хийсэн бол. Зүгээр л хүнд зээлүүлэх, банкинд хийхэд л хүү нь өсөх байсан нь ойлгомжтой. Харин Н.Номтойбаярыг цааш нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч энэ хэрэг яаж дууссан нь тодорхойгүй үлдсэн. Мөрдөн байцаагч “Таны мөнгийг төлж, хохиролгүй болгосон ч гэсэн Н.Номтойбаяр шүүхээс ял сонсоно. Энэ чинь их хэмжээний мөнгө санаатай залилсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, урьдаас төлөвлөсөн гээд хэрэг нь хүндэрнэ” гэж байсан. Гэтэл энэ хэрэгт шалгагдаж байсан Н.Номтойбаяр хэдэн сарын дараа Герман луу зугтаасан сураг сонсогдсон. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр намайг гомдол гаргахад хэрэг бүртгэгч, Н.Номтойбаярыг шалгаж байсан мөрдөн байцаагчийг  хэдхэн хоногийн дараа өөр газар шилжүүлсэн. Ийм л зүйл болсон юм даа.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.