С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖ, С.БАЯРЫГ 525 САЯ ТӨГРӨГ БАРЬЦААНД ТӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


Оюутолгой гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшиллоо.  Хэдийгээр шүүх хурал болсон ч шүүхээс гаргасан дэнчингээ төлөөгүй үндэслэлээр С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22 хүртэл хорих шийдвэр гаргасан билээ. Тэднийг шүүх танхимаас Цагдан хорих ангид хүргэсэн байна. Мөн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 525 сая төгрөгийг барьцаанд төлөх шийдвэр гаргаад байгаа юм.


Энэхүү шүүх хуралдааны дараа Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Гэрэлтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр  “Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралд дуудагдсан зарим гэрч, шинжээч нар ирээгүй. Уг гэрч, шинжээч нарыг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Өмнөх шүүх хуралдаанаар барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525 сая төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэсэн юм.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.