МАНАЙ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСИЙН 90 ХУВЬ НЬ ОРОСООС ЗӨӨВӨРЛӨГДӨН ОРЖ ИРЖЭЭ


Коронавирусийн цар тахлын дэгдэлт 6-8 дугаар сард буурна гэж судлаачид тооцож байсан ч харамсалтай нь хоёр дахь давалгаа эхэлж байна. Манай улстай хил залгаа ОХУ болон БНХАУ гэсэн хөрш орнуудад коронавируст халдвар дахин гарч байгаа тул бид анхаарал, сэрэмжээ сулруулахгүй байхыг өнөөдөр хийсэн ЭМЯ-ны мэдээллийн үеэр онцоллоо.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр, нийт гурван лабораторид өчигдөр нийт 316 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. ОХУ-д сурч байсан сонсогч болон 15 настай сурагч эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжжээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдсөн 197 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 111 хүн  буюу 56.3 хувь нь эдгэж ХӨСҮТ-өөс гарчээ. Эдгэсэн 70 хүн сувилалд байгаа бол үлдсэн нь гэртээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 31 ажиглах байранд 1891 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Нэгдүгээр сараас эхлэн коронавируст халдварыг дотооддоо алдахгүйн төлөө бид шуурхай арга хэмжээ авснаас хойш өнөөдрийг хүртэл 10 мянга орчим хүнд шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд 200 орчим сэжигтэй тохиолдол илэрсэн ч коронавирусийн халдвар батлагдаагүй. Харин өнөөдрийг хүртэл гадны улсаас зөөвөрлөгдсөн 197 тохиолдол батлагдаад байна. Нийт батлагдсан тохиодлуудын 90 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь есөн орноос халдвар зөөвөрлөгдсөн. Коронавируст халдвараар өвчилсэн хүмүүсийн хувьд ихэнх нь залуус. Насны хувьд 8-65 хүртэлх насны хүмүүс байгаас 15 хүртэлх насны таван хүүхэд эмчлүүлж байна. Мөн иргэдийн дунд коронавируст халдварын тархалт сорьцыг долоо хоногт 70-90 хүнд шинжилгээ хийдэг. Тандалт судалгаагаар коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.