ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ЦУЦЛАХ ГЭНЭ


 Өнөөдийн байдлаар манай улс 10020 иргэнээ гадаад улсуудаас татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Иймд тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд зургадугаар сарын 20-ны өдөр хийхээр болсныг ГХЯ-ны Консулын газрын захирал Т.Мөнхтүшиг мэдээллээ. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр 2300 гаруй иргэнээ татан авна. Үүнд нэрс нь баталгаажсан иргэд буюу гуравдагч улсаас ирэх зорчигчдыг бүртгэнэ.

БНСУ-ын элчин сайдын яамнаас "Монгол иргэд замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан удаа бий. Хэрэв энэ мэт замбараагүй байдал үргэлжилбэл дараа дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй болно гэдгийг анхаарууллаа"  гэж мэдээллийнхээ үеэр онцоллоо. 

БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй байх шийдвэрийг зургаадугаар сарын 3-ны өдөр гаргаад байсан билээ. Учир нь зорчигчид дамжин нисэхдээ дараагийн нислэг нь баталгаажаагүй байхад Инчеоны онгоцны буудал дээр олон хонож, хэт их бөөгнөрөл үүсгэж байгаа учраас энэхүү арга хэмжээг авсан. Тиймээс манай Гадаад харилцааны яам БНСУ-ын талтай ярилцаж, Зүүн Өмнөд Азид байгаа манай улсын иргэдийн хувьд эх орондоо ирэх цорын ганц дамжих гарц нь Инчеоны онгоцны буудал юм гэдгийг БНСУ-ын Элчин сайдад учирласан байна.  Ийнхүү Солонгосын тал манай хүсэлтийг хүлээн авснаар энэ сарын 20-нд нисэх нислэгийг зөвшөөрчээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.