ХАЛХЫН ШОРОНГИЙН ХАРГИС ХҮҮХНҮҮД


Говь-Алтай аймгийн харъяат Должингийн Дуламсүрэн гэж харгис хэрцгий эмэгтэй Монголын шоронд даанч муухай түүх үлдээсэн хүн. Хөндлөнгийн хүн байтугай төрсөн үрээ ч тамлан зовоодог Дуламсүрэн мэтийн эмэгтэй дэлхий нийтэд ховор. Тэрбээр Гачууртын сангийн аж ахуйн малчин Бат-Очирыг сүхдэж алсан төдийгүй төрсөн үрээ тахир дутуу болгожээ. Тэгээд эцэст нь  нүгэл нүдээрээ гарч гяндангийн хахир өрөөнд өмхийрөөд бүтэж үхсэн гэдэг. Хэрцгий танхайгийн хажуугаар бяр чадал ихтэй, ямар сайндаа л нөхөртэйгөө хамтарч айлын тэмээг бэлчээр дээр нь алаад тарган тэмээний гуя, хааг биеэсээ хөндий өргөөд хээв нэг чулуудчихдаг байсан гэдэг. Тийм ч учраас “Тэмээт хар” гэдэг хоч авчээ. Иргэн Бат-Очирыг сүхдэж алсныхаа дараа мөрдөнд хоригдож байхдаа дүлий болж жүжиглэн, аягандаа шээгээд хянагч нарынхаа өөдөөс цацчихдаг байж. Мөн сохор болж жүжиглэн хаалга онгойлгосон хянагчийгаа гутлаараа цохих, өөдөөс нь нулимах, элэг рүү нь толгойгоороо хүчтэй мөргөж унагаах зэргээр авирладаг байжээ. Эвгүй харагдсан хэний ч өөдөөс “Май чи” гэж том хар гарын салаавч өгнө. Хэлдэг ганц хараал нь “Цусандаа хутгалд”. Тэгээд эцэст нь өөрөө цусандаа хутгалдаж үхсэн байдаг. Мань хүүхэн иргэн Бат-Очирыг алахаасаа өмнө мөн л Луусангийн шоронгоор шүргээд өнгөрчээ. Говь-Алтай аймагт “Мухар” Загд гэгч хүнтэй сууж байхдаа хоёр хүүхэдтэй байсан бөгөөд арваад настай том охин Наранчимэгийгээ элдвээр тамлан зовоож бахаа хангадаг “гаж донтон” байж. Охин Наранчимэгийгээ зодож нүдэхийн хажуугаар монгол гутлан дотор ус дүүргээд гадаа зогсоож өвлийн хүйтэнд хөлийг нь хөлдөөжээ. Охин нь хөлөө тайруулж эрэмдэг болсноор Дуламсүрэнгийн хэрэг илэрч тэрбээр зургаан жилийн ял авчээ. Бага хүү нь харгис эхээсээ дайжиж айл хунараар хоноглож явсаар эдүгээ Дарханд байгаа сурагтай. Өрөөсөн хөлгүй болсон Наранчимэг нь асрамжийн газар очсон бөгөөд дахиж эхийнхээ царайг харахыг ч хүсээгүй гэнэ. 

Дуламсүрэн сүүлчийн үйлдсэн аймшигт хэргээ Луусангийн шоронд байхдаа танилцсан Шагдарсүрэн гэгчтэй хамт үйлджээ. Шагдарсүрэн нь өчнөөн жил шоронгоор явсан хулгайч, дээрэмчин бөгөөд хоёр харгис хүн нэгэн гэрт толгой холбож багагүй дуулиан тарьсан байна. Гачууртын малчин Бат-Очир алдсан малаа эрж явсаар Шагдарсүрэнгийнд бууснаар амь насаа алдахад хүрчээ. Тэрбээр Шагдарсүрэнгээс нэг үнээний авцаатай байсан бөгөөд цаадах нь “Өгөхгүй” хэмээн уурлаж, тэд гадаа гараад барилцан авч зодолджээ. Бат-Очир бяр тэнхээний хувьд илүү учир Шагдарсүрэнг хэд хэд цохиж унагажээ. Гэтэл Шагдарсүрэн гэртээ ороод калибрь буу авч Бат-Очирын амин бус газар нь бууджээ. Шархандаа халууран байгаа Бат-Очирыг хараад Дуламсүрэнгийн гаж тачаал нь хөдөлж хурц иртэй хангинуур сүх шүүрэн авч түүний толгойг хэдэн хэсэг болгоод тасдаад хаячихсан гэдэг. Энэ хоёрын жигшүүрт хэргийг 15 орчим насны нэгэн хүү харж байсан тул айж балмагдан уйлжээ. Шагдарсүрэн түүнийг заамдан авч “Энэ чинь юу ч биш. Яасан жулдрай новш вэ, чи. Эр хүн чинь хэзээ ийм юманд уйлж байсан юм бэ? Дайн байлдаан болбол чи усан нүдлээд байх юм уу?” гэх зэргээр зандарч “Хэнд ч битгий хэл” гэж ам өчгийг нь авчээ. Хэрэв хэн нэгэнд ам алдвал чамайг буудна хэмээн буугаа сумлаж сүрдүүлсэн байна. Дараа нь түүнд буугаа өгч “Чи ер нь энэ Бат-Очирыг бууд. Май гохыг нь дар” гээд амьгүй болсон цогцсыг хоёр удаа буудуулжээ. Тэгээд сэтгэл нь тайвширч “За, чи бид хоёр хоёулаа буудсан шүү. Энэ хэрэг илэрвэл цагдаа нар биднийг баривчилж, бид хоёр хоёулаа толгойгүй болно. Хэрэв чамайг хэргээ хүлээвэл өчиггүй буудна” хэмээжээ. Үүн шиг булай хэрэг урьд өмнө нь Монголд цөөхөн гарч байсан. Бат-Очирын толгойг тасдаад хаячихсан тул толгойгүй цогцосноос цус асгарч, гэрийнх нь гадаа мал нядалсан юм шиг цусан далай нэлийв. Бүрий болмогц цогцсыг гэрийн бүрээсэнд ороогоод тэмээнд ачин, гэрээсээ нэлээд зайтай уулын жалганд аваачаад хоёулаа газар ухаж булжээ. Буудсан буу, цавчсан сүх, цус болсон хувцас хунараа ойролцоох хадан хясаанд нуугаад гэрийн зүг ёстой юу ч болоогүй юм шиг дүнгэр дангар ярилцсаар харьжээ. Малын эрэлд явсан Бат-Очирыг гэрийнх нь хэд хоног хараад сүүлдээ санаа зовж, Төв аймгийн цагдаагийн хэлтэст ханджээ. Эмээлтэй морь нь адуундаа ирчихсэн байхыг олоод, мориноосоо ойчиж үхэж хэмээн хэд хоног хайсан байна. Шагдар-сүрэнгийнх ааш авир муутай, харах царайны хүйтэн хөндий айл тул хүмүүс тойрч зугатдаг гэж нутгийнхан нь хуучилсныг цагдаагийнхан хараандаа авч битүүхэн тандав. Шагдарсүрэн эхнэрийн хамт өглөө гараад орой ирэхдээ тэмээндээ заавал нэг юм тохчихсон ирдгийг нутгийнхан нь андахгүй. Айлын хурга ишиг бэлчээрээсээ үе үе алга болчихдог байж. Шагдарсүрэн, Дуламсүрэн нар бэлчээр дээр нь нядлаад, орой гэртээ ирэхдээ авчраад чанаж иддэг байсан нь хожим нотлогджээ. Төв аймгийн цагдаа Шагдарсүрэнгийнд очтол гэрт нь эмэгтэй хүн байдаг шинжгүй, дэвсгэр даавуу, хөнжил зэрэг нь цул хир даг, энд тэнд нь бөөс гүйж байсан гэдэг. Цагдаад нэг л сэжигтэй санагдсан тул хавь ойрынхныг нэгжив. Сүүлдээ бүр гэрээс нь нэлээд зайтай уулын гуу жалгыг нэгжтэл шинээр ухаж гаргасан шороо харагджээ. Хүрз авчраад шороог онгичиж үзвэл хүний цогцос харагдав. Үнэр танар орчихсон, өт язганаж байв. Сэжиг авахуулахгүйн тулд шороог булчихаад Шагдарсүрэн, Дуламсүрэн хоёрыг отов. Мөн гэрийнх нь ойролцоох газраас калибрийн буудсан хоёр хонгио олджээ. Бат-Очирын цогцос болон эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлэг гээд хавтаст хэрэгт авагдсан материал хангалттай байсан тул Шагдарсүрэн бузар хэргээ үйлийн үргүй хүлээв. Харин эхнэр Дуламсүрэн нь элдвээр хараан цамнаж “Намайг эзгүй хойгуур Шагдарсүрэн л алчихаа биз. Гэмгүй хүнийг та нар яах гээв” хэмээн огт халгаа-сангүй. Хэргээ хүлээхгүй болохоор нь шоронд хорьсон байна. Тэгтэл хянагч нарыг элдвээр хараан загнаж, сохор, дүлий болж жүжиглэв. Сүүлдээ түүнийг хэн ч тоохоо больж гяндангийн хахир өрөөнд өмхийрөөд ам хамар нь бүтэж үхсэн гэдэг. Тэрбээр халхын шоронд ийм л муухай түүх үлдээсэн хүн. 

Муу үйл хийсэн хүн хэзээ нэгэн цагт зохих шийтгэлээ амсдаг бөгөөд хэрэв хууль шийтгэдэггүй юмаа гэхэд хорвоо дэлхий өөрөө шийтгэдэг ёсон бий. Дуламсүрэнгийн нэгэн адил догшин хэрцгий авирласан эмэгтэй хүн Монголд хэд хэд бий. Тэдний хавтаст хэргийг онгичиж суухад хуудас бүрээс нь цусны үнэр ханхийх шиг болдог. 1950-иад оны үед Цэндсүрэн гэдэг эмэгтэй харгис хэрцгий авирлаад Монголын шоронд бас нэг эвгүй түүх үлдээжээ. 40 эргэм насны Цэндсүрэнгийн нөхөр учир битүүлгээр нас барсан бөгөөд дур тачаалдаа мансуурсан эгчмэд хүүхэн залуухан цэрэг уургалан авснаар хамаг хэрэг мандсан байна. Цэрэг эр байнга оргож босч Цэндсүрэн дээр ирж тачаалаа хангана. Түүний хойноос офицер, цэрэг хоёр мөрдөж явсаар яг мөрөөр нь орчихжээ. Гэтэл Цэндсүрэн мань хоёрыг гэнэ алдуулж байгаад сүхээр цавчиж алчихаад газар ухаад булсан байна. Хожим бүх хэрэг илэрч Цэндсүрэн гянданд очоод ухаан санаа нь самууран, толгойтой үсээ зулгааж харсан бүхэн рүүгээ нулимж байсан гэдэг. Ер нь эмэгтэй хүн эцсийн туйлд хүрэхээрээ эрчүүд шиг тайван байж чаддаггүй бололтой. “Тэмээт хар”-ын Дуламсүрэн шиг өөр нэг харгис эмэгтэй бас гяндангаар шүргээд авсан байдаг. Тэр бол эхийгээ хөнөөсөн Цагаанмөөг гэгч юм. 1993 онд төрсөн эхийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Цагаанмөөг гэгч содон нэртэй эмэгтэй багагүй жигшүүр төрүүлж байсан түүхтэй. Тухайн үед байсан залуучууд одоо энэ хэргийг бараг мартаагүй тод санаж байгаа байх. Магадгүй содон нэрнээс нь болсон байж боловч соц нийгмийн “Гэмт хэрэг байхгүй” гэсэн сэтгэхүйтэй хүмүүст төрсөн эхийгээ хөнөөсөн хүн чанаргүй хэрэг олныг сортосхийлгэсэн байна. Цагаанмөөг тухайн үеийн залуусын нийтлэг төрх болох гудамжны бүлэглэл, залуустай нийлж нэлээдгүй золбирч, архи тамхинд нэвт оржээ. Зан ааш нь эвдэрч хэрцгий догшин болсон тэрбээр ээж дээрээ согтуу ирж “Чи муу намайг хүүхэд байхад хүнтэй банзалддаг байсан. Одоо чамайг цустай чинь хутгана” гээд удаа дараа хэрцгийгээр ганжингаар зодож, тамлан алсан байгаа юм. Тэр үеийн хэд хэдэн сонинд гарч, шүүгч нар тэр үеийн ЭХ-ийн 86 дугаар зүйлд  зааснаар 20 жилийн хорих ял ногдуулж таван жилийг гянданд эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Авдрантын гянданд Цагаанмөөг нь Бямбасүрэн, Чимгээ хэмээх хоёр хүүхэнтэй хамт хоригджээ. Энэ гурвыг анх удаа гянданд хоригдсон гэдгээр нь монголчууд сайн мэддэг төдийгүй социалист системээс шилжээд удаагүй байхад жигшүүр төрүүлэм хэрэг үйлдсэн хүүхнүүд юм. 1996 оны нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Авдрантын гяндангаас Ч.Чулуунбаатар, Н.Лхагвасүрэн, Б.Төртогтох нар хоёр хянагч, гурван ялтанг зэрлэгээр хөнөөж, АКМ буу хоёр ширхэг, нэг ширхэг “Макаров” буу дээрэмдэн оргохдоо Бямбасүрэн, Цагаанмөөг, Чимгээ гурвын амь насыг бүрэлгэж бөөн шуугиан дэгдээж байсан билээ. Мань гурвыг Авдрантын гяндангийн нэг өрөөнд цуг байх үед Дорнодын “Онгорхой” Чулуунбаатар, Лхагвасүрэн нарын гурван этгээд тус гяндангаас оргосон бөгөөд энэ үед Цагаанмөөг Чулуунбаатарыг дуудаад “Биднийг хамт аваад яв” гэжээ. Тэгтэл Чулуунбаатар “Үгүй. Та нарыг авч явж толгойгоо цусдахгүй” хэмээж. Хариуд нь Цагаанмөөг “Тэгвэл та нарыг матлаа” гээд “Новшоо, чи намайг аваад явж чадахгүй гэж үү” хэмээн цонхоороо хашгирч. Түүний дууг харуулын цэрэг сонссон боловч ойролцоо байх нэг хянагч эхнэртэйгээ байнга хэрэлдэж зодолдож байдаг тул тэднийг л хэрэлдэж байна гэж боджээ. Харин энэ үед “Онгорхой” Чулуунбаатар өөрийнхөө орголтыг бүтэлтэй болгохын тулд хамаа намаагүй хашгираад байгаа Цагаанмөөгийг хөнөөхөөр шийдсэн байна. Тэгээд өрөөнийх нь хаалгыг эвдэж онгойлгоод “Чи муу эхийгээ алсан өөдгүй новш” гээд Цагаанмөөгийг дараа нь Бямбасүрэнг тэгээд Чимгээг хэрцгийгээр хөнөөжээ. Тухайн үед Авдрантын гяндан ихэд задгайрсан болох нь ажиглагддаг. Үүний гэрч бол Лхагвасүрэн тэргүүтэй гурван хоригдлын орголт. Яс цоожноос оргоно гэдэг бол хэний ч санаанд багтамгүй, хэзээ ч бүтэшгүй зүйл. Гэтэл эд нар оргочихсон, мөн Цагаанмөөгтэй хамт хоригдож байсан Бямбасүрэнгийн жирэмсэн болсон асуудал нь тус гяндан яах аргагүй сул дорой байсны шинж. Тэр үед гяндангийн ялтнууд Цагаанмөөгийг төрсөн эхийгээ алсан нүгэлт эм гээд огт үздэггүй байсан гэдэг. Хүн гэдэг араатан ажгуу. Хүн хүнээ хүчирхийлэхээр бүр ч айшигтай араатан төрхөндөө ордог. Араатан амьтад төрсөн үрээ, төрсөн эхийгээ алдаггүй байхад гагцхүү хүн л ийм зүйл хийж чаддаг. Тэгж бодохоор хүн араатнаас ч аймшигтай. Мөн захиргаадалтын үед эр хүний төмсөг суга татсан хоёр эмэгтэй Луусангийн шоронгоор шүргээд авсан удаатай. Харин Монголын шоронгийн гянданг эмэгтэйчүүдээс хамгийн анх нээсэн хүн бол Улсын циркээс 253 мянган төгрөг идсэн Цэнд гэгч авгай билээ. 

Хаалттай нийгмээс дөнгөж ангижраад ерээд оын ардчилсан нийгэмд хөл тавингуутаа л хэд хэдэн том луйврын хэрэг үйлдэж, хоёр гурван ч удаа яллагдаж, хамгийн сүүлд 17 жилийн ял авч байсан хүн бол “Банкны” Цолмон гэгч эмэгтэй билээ. Хүн бүр өв тэгш байдаггүй бөгөөд хүний амьдралд юу ч тохиолдож болдгийг өөрийн биеэр харуулсан түүнийг “Банкны” гэдгээр нь ерээд оныхон андахгүй. Түүний амьдрал дэндүү ээдрээтэй өрнөсөнд олон хүн харамсдаг. Монголын томоохон бизнесмэнүүд болон банкны ажилтнуудыг чадварлаг гэгч нь хуурч өөрийн амьдралыг цэцэглүүлсэн ч нэг л өдөр шүүхийн хаалга татаж 17 жилийн ял сонссон, торны цаана суухад хоёр хүүг нь өрөвдөж, өмнөөс нь уйлж байсан хүн цөөнгүй гэдэг. Тарьсан хэргийнх нь шуугиан намжаагүй байхад “Чоогий” хэмээх ижил хүйстэнтэй гэр бүл болж байгаагаа зарласан нь ёстой л олны нүдийг орой дээр нь гаргасан. Түүний энэ шийдэмгий гэмээр алхмууд 90-ээд оны эхээр жинхэнэ дуулиан тарьж байсан. Банкны Цолмон шоронд байхдаа 2006 онд хэвлэлд ийм нэгэн ярилцлага өгч байлаа. 

“Би 22 жил усан спортоор хичээллэсэн багш хүн. Тэр утгаараа ч юм уу өвдөх өвчин зовлон надад байдаггүй байлаа. Одоо харин бамбай булчирхайн үрэвсэлтэй болж, тэр нь даамжирч хордлогод орсон. Зайсан дахь эмнэлэгт хэвтэж сайн эмч нарын ачаар өндийсөн. Одоогоор өвдөж шаналсан юмгүй бусад хүүхнүүдийн л адил ажиллаж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Өршөөлийн хууль”-аар маш олон хоригдол суллагдсан. Би энэ их баярын ойг нүдээр үзэж чадаагүй ч сэтгэлээр мэдэрч суугаагаа их хувь заяа гэж боддог. Миний хувьд энэ удаад төр засгаасаа өршөөл горьдоогүй, горьдох ч эрх байхгүй. Төр засаг минь надад хоёр ч удаа өршөөл үзүүлсэн шүү дээ. Эхний удаад 10 жилийн хорих ялнаасаа 8 cap суугаад л төрийн өршөөлөөр шоронгоос гарч байсан. Хоёр дахь удаад 13 жилийн ял сонсож уг ялаас 3 жилийг нь хасаж байсан. Одоо үлдсэн 10 жилийнхээ ялыг биеэр эдлээд дуусах дөхөж байна даа. Тийм болохоор энэ удаад надад өршөөл үзүүлсэнгүй гэж гомдоллох эрх байхгүй. Хийсэн хэргийнхээ ялыг үүрч, эдлэх л ёстой гэж би боддог. Анх алдаад орж ирэхдээ уух усаа хүртэл гэрээсээ зөөлгөж, 50 ам.долларын “Кристиан Диор” хэрэглэдэг байлаа. Тэр үед заль гэдэг хүний хоёр дахь их ухаан хэмээн бардамнаж явлаа шүү дээ. Тухайн үедээ хэт бардам, шорон гэдэг энэ сав ямар хэцүү газар байдгийг, эрх чөлөө гэж ямар их үнэ цэнэтэй зүйл байдгийг ухааралгүй явжээ. Одоо бол өөр болсон. Өглөө босоод хар талхаа идэж, хар цайгаа уугаад л явж байна. Тэглээ гээд муудсан юм алга л байна. Бие эрүүл, ухаан саруул, хийх ёстой ажлаа хийгээд л байж байна. Намайг монголчууд ”Банкны Цолмон” гэдэг нэрээр андахгүй.  Ард түмний өгсөн овог “банк” л даа. Миний аав Дармаа Архангай аймгийн Хотонт сумын хүн. НАХЯ-нд арваад жил ажилласан төр засаг, түмэн олондоо зүтгэсэн дипломатч хүн байсан. Би өөрөө Бээжинд их сургууль төгссөн, усан спортын багш хүн шүү дээ. Тухайн үед миний мэргэжил Монголдоо ганц байсан юм. Би булга минжинд ороогдож, алт мөнгөнд живэх гэж тэр их мөнгийг луйвардаагүй. Хайрын хариуд хайр ирдэг гэлцдэг. Миний хувьд тийм байгаагүй. Хайрын минь хариуд шорон, 10 жилийн ял байсан. Энэ бүхнийг би эрх чөлөө, үр хүүхдээ халамжилж халуун бүлээрээ нь ээж суух, хийж бүтээх он жилүүдээ хасуулж байж ойлгох учиртай байж дээ. Хайрласныхнаа хариуд эрх чөлөөгөө хасуулсан. Сайхан хайраар ханийгаа хайрласандаа би хэзээ ч харамсдаггүй. Тэр хайраа хайрлаж, харж амьдрахын төлөө энэ бүхнийг хийсэн. Гэвч тэр хайр минь мөнхийн биш байсныг дэндүү хожуу ухаарсандаа харамсдаг. Арван жилийн хугацаанд ханьдаа гомдож, өөртөө цөхөрч, гутаж, уйлж хоносон шөнүүд олон бий. Хэдий тийм ч зүрх сэтгэлийн минь тодорхой нэг хэсгийг эзлэн хайр минь бадарч байгааг мэдэрдэг. Түүнийг буруутгах эрх надад байхгүй. Миний хайраа илэрхийлж, түүнийгээ гэсэн сэтгэлээр юу хийж байгаагаа ухаарч ойлголгүй алдсан нь энэ. Эмэгтэй хүн гэдэг урмаар л тэтгэгдэж амьдардаг. Эгч нь 53 нас хүрч байгаа. Эндээ ахмад настнуудын тоонд ордог болоод байгаа. Шорон гэдэг тавхан үсэгтэй богинохон үгээр нэрлэгдсэн энэ аймшигтай газар хичнээн муухай ч гэрэл гэгээтэй юм бас байдаг юм шүү. Тэр бүхнийг олж харж, сэтгэлээрээ залуу байхыг л хичээдэг дээ. Сэтгэлээ нээж, зовлон жаргалаа хуваалцдаг нэг охин надад байсан. Гэхдээ бид хоёрт тиймдээ тултал сүйд болсон юм байхгүй. Эмэгтэй хүн эмэгтэйгээрээ л байх сайхан шүү дээ. Манай оронд л манин, лесби нарыг хүлээн зөвшөөрдөггүй болохоос баруунд бол нээлттэй байдаг. Ер нь тэгээд архи уудаг ажилгүй, зоддог, нүддэг эр хүнээс айн барин хамт байснаас бие биедээ итгэдэг, ойлгодог эмэгтэйчүүд яагаад хамт амьдарч болохгүй гэж. 10 жил гэдэг хүний амьдралд эргэж нөхөхийн аргагүй урт хугацаа. Энэ хугацаанд эгчид нь хийж үзээгүй ажил гэж байхгүй. Тогооч, цэвэрлэгч, оёх, ээрэх гээд төрөл бүрийн ажил хийж байлаа Хорих ангийн удирдлагууд хэл амнаас сэргийлдэг ч юм уу намайг хашааны гаднах ажилд томилдоггүй. Хашааны гадна зогсож байхыг хэн нэгэн харчихвал “Нөгөө банкны Цолмон чинь ял эдлээгүй, гадуур явж байна” гэх ч юм уу. Олон хүнийг хохироож, амьдрал итгэлээр нь тоглосон хүн эдлэх ёстой ялаа байх ёстой газарт нь эдлээд хий гэснийг нь хийгээд л дуусгах ёстой гэж би боддог. Хамгийн их харамсаж эмзэглэдэг зүйл бол сүүлийн жилүүдэд шорон их залуужиж байна. Сайхан сайхан охид, эмэгтэйчүүд, эхчүүд энэ газраар орж гарч байна. Залуу насандаа алдаж эндсэн бүхнийг энд хориод баймааргүйсэн. Тэгээд ч улс орон маань хоригдол цөөтэй гэмт хэрэгтэн багатай бол олон олон айл элэг бүтэн, олон зуун хүүхэд нүдэндээ нулимсгүй, сэтгэлдээ жаргалтай байна. Хичнээн хүн гомдоож, хохироож муу муухай зүйл хийсэн ч тэд чинь хүүхэд, эх хүмүүс шүү дээ. Энэ бүхэнд л хамгийн их харамсаж эмзэглэдэг дээ. Эгч нь яах вэ, нэгэнт үгээр хэлшгүй, үүрч давшгүй бузар булай нүгэл хийсэн хүн шийтгэлээ амсах л ёстой. Миний хийж бүтээх үе өнгөрсөн. Энэ бүхэнд л хамгийн их харамсаж эмзэглэдэг дээ. Хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хувьд бие биенээ зодож дарамтлах явдал бага байдаг ч сэтгэл зүйгээр нь тоглох, айлгах, ичээх, хийсэн хэрэг зүйл ангиар нь доромжлох бол энүүхэнд. Надад бол тиймэрхүү асуудал харьцангуй бага байсан. Гэхдээ анх хоригдохоор ирж байгаа хүмүүсээс Банкны Цолмон хаана байна гээд ирж харах, өө ийм энгийн хүн байдаг юм уу гэх хүн зөндөө л байдаг. Хийсэн хэрэг маань л муухай болохоос би чинь бусдын л адил хүн шүү дээ. Эхний үед бусдын сонжсон харцанд өртөх хэцүү л байдаг байсан. Одоо бол өөрийн хийсэн нүглээ ойлгож, амьдралыг өөрөөр харж байгаа болохоор тоодоггүй. Хүмүүс шоронд байгаа ч гэсэн тэр Цолмон авгай гэртээ байгаа юм шиг тансаг байдаг гэж ойлгодог юм шиг байна лээ. Би бусад ялтны л адил засгаас өгсөн хоол хар талхыг иддэг. Бусдын л адил гэмшиж, харамсаж, үрээ санасан эх хүн. Намайг дахиад бүтэн нэг жилийн урт хугацаа хүлээж байна. Ялаа эдэлж дуусаад шоронгоос гарахад миний үлдсэн амьдрал тас харанхуй байна шүү дээ. Арван жилийн хугацаанд улс орон нийгэм, аж амьдрал огт өөр болсон байгаа. Энэ бүгдийг зурагтаар л харж суудаг. Эндээс гараад мэдээж сайн ээж болох болно. Хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй болж хүмүүсийн дунд тэдний нэгэн адил мөр зэрэгцэн алхахын тулд өөрийн эрүүл мэнддээ чадлынхаа хэрээр л анхаарал тавьдаг.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.