ОХУ-ААС ИРСЭН АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ


Covid-19-ийн халдвар найм хоногийн өмнө 6 саяд хүрч байсан бол өнөөдөр 7 саяд хүрчээ. Халдварын тархалтаар АНУ тэргүүлж, Бразил, ОХУ, Энэтхэгт тархалт хурдацтай хэлбэрээр байсаар байна. Зөвхөн нэг өдрийн дотор гэхэд л хойд хөрш ОХУ-д  8984  шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ялангуяа манай улстай хил залгаа Тува, Эрхүү, Читад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа нь анхаарах чухал асуудал хэвээр байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.



Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд 1224 хүн ажиглалтад байгаа. 2020 оны зургадугаар сарын 7-ны байдлаар ХӨСҮТ-ийн вируслогийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 46 сорьцонд шинжилгээ хийснээс 45-д коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Тус жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай бөгөөд манай улсад агнх удаа хилээр орж ирсэн хүн ажээ. Машиныхаа кабинд ганцаараа явсан бөгөөд хил дагуу халдвар хамгааллын дүрмийг баримталсан учраас хавьтагч байхгүй гэнэ. Одоогоор биеийн байдал хэийн зовиургүй байгаа Олон улсын эрүүл мэндийн дүрмээр Монгол Улсад эмчилгээг нь хийх юм байна. Ийнхүү манай улс коронавирусийн батлагдсан 194 тохиолдолтой боллоо.

Тавдугаар сарын 13-аас эхлэн өнөөдрийн хүртэл онгоц болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүст 2-7 удаа шинжилгээ хийгээд, дараагийн шат руу шилжүүлж байгаа аж. Өнөөдөр Австралиас 261 хүн ирнэ. Тэдгээр хүмүүсээс сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлахаар бэлтгэл ажлыг хангажээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.