МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ руу явжээ. Түүний ирэх, буцахыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт" />

Н.Энхбаяр юунаас айв?


МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ руу явжээ. Түүний ирэх, буцахыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт мэддэг. Харин энэ удаа тэрбээр БНСУ руу буцахдаа чимээгүйхэн яваад өгч. "Эх орондоо сэтгэлээ эмчлэхээр ирлээ" хэмээн мэдэгдэж байсан Н.Энхбаяр яагаад явах болов. Аль эсвэл тэр айв уу. Тийм бол юунаас тэр вэ. Сар шинийн баяраар ээж, аавдаа золгож, мөн өөрийн сэтгэлээ эмчлэхээр ирсэн түүнийг хоёрдугаар сарын 26-ны өдөр АТГ-т саатуулахыг завдсан гэх. АТГ-аас зарлан дуудах хуудас өгч саатуулахыг завдсан гэж МАХН-аас мэдээлэл хийж байв. Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сард ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн хэргээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар хэрэг үүсгээд байсан юм. Түүнийг БНСУ-д зайлшгүй эмчилгээ хийлгэж байгаа гэх үндэслэлээр хэргийг нь түдгэлзүүлээд байсан. Харин эх орондоо ирснийх нь дараа хэргийг нь сэргээн шалгаж эхлэв. Энэ бүгдээс айсан уу, ямартай ч тэрбээр хэл чимээгүй БНСУ руу буцжээ.

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголд ирвэл баривчилна гэсэн. Гэхдээ би айхгүй ирлээ" гэж хэвлэлийнхэнд ярьж байсан юм. Хэн нэгнээс айхгүй гэсэн Н.Энхбаярын айх шалтгаан юу байв. Түүнийг БНСУ руу явсныг нь МАХН-ын гишүүд нь улстөрчид шахсаар байгаад явахаас өөр аргагүй байдалд орсон гэж харж байгаа гэнэ. Түүнийг шахав, түүнийг хэн улс төрд ирэхийг урив, тэр яагаад буцав, тэр дахиж хэзээ ирэх вэ гэх мэт асуултууд Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй байсаар иржээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл ч цацагддаг. Улстөрчид ч түүний тухай бодлоо хэлдэг. Энэ бүгдээс харахад Н.Энхбаяр гэдэг хүн улс төрөөс салах сонирхолгүй, мөн эрх мэдлийг алдахыг хүсдэггүй хүн гэдэг дүгнэлтэд хүргэж байна.

Тэрбээр хэлжээ. "Хууль хяналтын байгууллагыг ашиглаж байгаа улстөрчдөд хандаж хэлмээр байна. Энэ бол хоцрогдсон арга Үүнээс болих хэрэгтэй. Монгол ардчиллаараа бахархана гэж байгаа бол улстөрчдийнхөө өрсөлдөгчтэй улс төрийн аргаар өрсөлдөх хэрэгтэй" гэж. Энэ бүх үгийг Монголын ард түмэнд гэхээс илүүтэй тодорхой улстөрчдөд хандаж хэлсэн нь тодорхой байх.

Н.Энхбаяр өмнө нь нутагтаа ирэхдээ улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй гэж байв. Гэвч улс төрийн амьдралыг бужигнуулаад буцчихсан гэхэд хилсдэхгүй. АН, МАХН хамтарч ажиллана. Энэ хамтын ажиллагаа хоёр удаагийн парламентын сонгуулийг туулна гэсэн нь АН-ын гишүүдийнх нь эгдүүцлийг хүргэж орхисон. Энэ нь Н.Алтанхуягийг унагах тохироо нь таарсан үе байсан юм. Засгийн газар өөрчлөгдөж, шинэ засагт МАХН-аас хэн сайд дарга болох уу гэдгийг мөн л Н.Энхбаяр нэр заасан. Мэдээж МАХН бол ИЗНН шиг "нэг хүний нам" гэх нэрийг цаанаа агуулдаг нь нууц биш шүү дээ. Н.Энхбаяраас асуулгүйгээр, түүний шийдвэргүйгээр МАХН улс төрийн том алхам хийхгүй. Түүнийг БНСУ-д эмчилгээ хийлгээд байж байхад ч, Г.Шийлэгдамба, О.Баасанхүү, Ц.Цолмон нараас авахуулаад МАХН-ын очиж, "алтан хошуу" хүргэж, намынхаа дотоод асуудлыг ярьчихаад ирдэг байсан нь л МАХН бол "нэг хүний нам" гэдгийг бэлхнээ харуулж байна.

Тэрбээр энэ удаа эх орондоо ирээд буцахдаа АТГ-г хөдөлгөөнд оруулав уу. Аль эсвэл өөрийнх нь улс төрийн шоу байв уу. Ямартай ч ирснээс нь хойш Н.Энхбаяргүй мэдээ байхгүй болсон байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гайхтал нь Бөхийн өргөөнд орж ирсэн Н.Энхбаяр юунаас ч юм айв бололтой. Магадгүй энэ нь хууль хяналтын байгууллага хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэнтэй нь ч холбоотой байж мэдэх юм.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.