ТАЙЛАНДАД БАЙГАА 160 ГАРУЙ ИРГЭД ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХҮСЧ БАЙНА


Коронавирусийн цар тахлаа сэргийлж, дэлхийн олон улс орон хөл хорио тогтоогоод байгаа. Энэ нөхцөл байдллаас шалтгаалж, 30 гаруй улс оронд олон мянган монголчууд тухайн улс орондоо хөл хорионд ороод байгаа. Эдгээр улсын ихэнх нь албан ажлаар болон эмчилгээ болон бусад шугамаар очоод, хил давах ямар ч боломжгүй болсон. Ялангуяа  сүүлийн жилүүдэд манай улсын иргэд Зүүн өмнөд Акзийн орнууд руу ихээхэн явах болсон. Өнөөдрийн байдлаар Тайланд улсад 160 гаруй монголчууд гацаад байгаа бөгөөд тэд тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авахыг хүсч ар гэрийнхэн ОБЕГ-ын гадна жагслаа. Цугларсан иргэд гарын үсэг цуглуулж  Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгөхийг хүсэж байгаа аж. Ингээд ямар шалтгаанаар тус улсад хөл хорионд орсон талаар жагсаал хийж байсан иргэдээс тодруулаа. 



“Ээж маань Тайландад нэгдүгээр сард очсон. Охин дүү маань Тайландад байдаг. Ээж маань  дөрөвдүгээр  сард тархиндаа цус харвасан. Тайландын эмнэлэгт сар гаруй хэвтсэн. Санхүүгийн хүндрэлээс үүдэн хувийн эмнэлгээс гараад улсын эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн ч төлбөртэй учраас гэрийн асаргаанд гарсан.  Тайланд руу нислэг үйлдэж өгнө гэж хүсэж байна” хэмээн иргэн Ц.Насанбат ярьсан бол иргэн Д.Цэрэндэндэв “Манай ар гэрийн гурван хүн гадаадад байгаа. Зургаан сарын  сургалтаар явсан. Турк, ОХУ, БНСУ-аар дамжин ирэх боломжийг хайсан ч боломжгүй болсон. Охин дүү маань хоёр нялх хүүхэдтэй.  Ээжийгээ санаад хэцүү байна. Иймд тусгай үүргийн нислэг Тайланд руу явуулж өгөхийг хүсч байна” гэв.

Энэ үйл явдалтай холбогдуулан  бид Тайланд улсад байгаа Г.Уянгатай холбоо барилаа.  Г.Уянгын ээж нь охин дээрээ очсон ч дөрөвдүгээр сард гэнэт нэг өдөр цус харваж, бие нь мууджээ. Ес хоног ухаангүй байсан ээж нь ухаан орсон ч харамсалтай нь бүрэн асаргаанд байна.  Тайландад эмчилгээ асар үнэтэй бөгөөд Г.Уянга болон түүний гэр бүлийнхэн ээжийгээ эрүүл болгохын тулд хамаг байдаг мөнгө төгрөгөө зарцуулж байгаа ч өнөөдөр мөнгөгүй болж байгаагийн улмаас эмчилгээ тасалдахад хүрчээ. Иймд яаралтай эх оронд нь аваачихаар хөөцөлдсөн ч Тайланд руу шууд нислэг байхгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл охиныхоо гэрт асаргаанд хэвтэж байна. Гэвч өдөр тутмын эмчилгээний үнэ нэмэгдэж, өр ширэнд орохдоо тулаад байна.  Тэрээр өөрийн хүсэлтээ бичиж, ОБЕГ болон Тайланд дахь ЭСЯ-ндаа өгсөн ч одоогоор нааштай хариу өгөөгүй аж.

Тайланд Улсад хөл хорионд байгаа монгол иргэд гэртээ харих тусламж ийнхүү хүсч байна.  Тайландад түр дамжин өнгөрөхөөр гацсан 145  Монголын иргэн эх нутгаасаа тусламж хүссээр байгаагийн нэг жишээ нь Г.Уянга болон түүний ээж юм. Тэдний дунд зөвхөн шууд нислэгээр явах боломжтой хүнд өвчин ч байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд  Монгол Улсын төр засгийнхаа шийдвэрийг  амьсгаа даран хүлээж суугаа ч нааштай хариу өгөхгүй байгаад тэд тун их гомдолтой байна.   

 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.