ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭГЭЭР МОНГОЛ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖЭЭ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 65 улсын антибиотикийн хэрэглээний талаарх судалгааны үр дүнг танилцуулав. Судалгаанд дурдсанаар, 1000 хүн тутам дахь өдөр тутмын антибиотикийн тун Нидерландад 9.78 байгаа бол, Британид үүнээс хоёр дахин их, Туркт дөрөв дахин их буюу 38.18 байна. Антибиотикын хэрэглээгээр Турк улс Европт тэргүүлсэн бол, Монгол Улсын хувьд 1000 хүн тутамд өдөр тутмын тун 64.41 болж, судалгаанд хамрагдсан бүх улсаас тэргүүлжээ. Евро-Азийн хэмжээнд Турк улс дахь антибиотикийн хэрэглээ хамгийн их буюу, хамгийн бага хэрэглээтэй Азербайжан улсаас тав дахин өндөр байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар Итали, Испани, Японд хамгийн хүнд антибиотикийг хэрэглэж байгаа бөгөөд зөвхөн нэн шаардлагатай болсноос бусад үед пеницилиний төрлийн эм хэрэглэж байхыг ДЭМБ-аас зөвлөж байна.

Мөн ДЭМБ-ын албаны хүний мэдэгдсэнээр, антибиотикийн хэт их хэрэглээ болон зохисгүй хэрэглээ нь нянгийн эсрэг эсэргүүцлийг бий болгож байна. Өвчтөний хувьд антибиотикийг шаардлагагүй үед хэрэглэх, курсийн эмийг дуусгахгүй байх нь бактерийг тэсвэртэй болгож, дархлаа тогтоох, сэргээх боломжийг алдагдуулдаг гэжээ. ДЭМБ-ын зүгээс шаардлагагүй үед антибиотикыг хэрэглэхийг багасгах арга хэмжээ авахыг судалгааны үр дүнд үндэслэн зөвлөжээ.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.