АМЕРИКТ ИРГЭНИЙ ДАЙН БОЛОХОД ОЙРХОН БАЙНА





АНУ-ын Миннеаполис хотноо  46 настай Жорж Флойд гэгч өнгөт арьстан залуу цагдаагийн гарт амь үрэгдсэн нь өнөөдөр Америк даяар жагсаал цуглаан хийж, үймэхэд хүргээд байна. Тэр ч байтугай энэ үймээнийг Америкт иргэний дайн гарах нөхцөл бүрдлээ гэж олон улсын шинжээчид үзэж байна. Одоогоор  Америкийн 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Цагдаагийн офицер, 44 настай Дерек Чоувин нь баривчилгааны үеэр Жорж Флойдыг гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөн найман минут гаран байсны улмаас сэжигтэн газар дээрээ амьсгал хураасан билээ. Бүхэл бүтэн найман минутын турш Жорж Флойд амьсгалж чадахгүй байгаагаа учирлан, амь аврахыг гуйсан боловч цагдаагийн офицер өвдгөө огтхон ч хөдөлгөөгүй нь хажуугаар нь явж байсан нэгэн иргэн гар утсандаа авснаар олонд ил болсон. Хохирогч Жорж Флойд нь хүнсний дэлгүүрт хуурамч 20 ам.долларын дэвсгэртээр тооцоо хийсэн хэргээр баривчлагдах явцдаа ийнхүү амь үрэгджээ.  Гэрч нарын бичлэгийг үзсэн олон мянган америкчууд цагдаа нарын зүй бус үйлдэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дургүйцлээ илэрхийлсэн нь ийнхүү үймээн болтлоо өргөжлөө. Уурссан олон мянган иргэн Миннеаполис хотын цагдаагийн газрыг галдан шатааж, ойролцоох дэлгүүр хоршоодыг тонон, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. АНУ-ын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөнөөс болж шөнийн цагаар хөл хорио тогтоосон ба  одоогоор 2000 гаруй хүнийг баривчлаад байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал өдгөө Миннеаполис, Атланта, Лос-Анжелес, Филадельфиа, Нью-Йорк, Майами хотуудад хүрээгээ тэлж, “Хар арьстан ч амьдрах эрхтэй” хэмээн бичсэн уриа барьж, голдуу өнгөт арьстай иргэд эсэргүүцлээ илэрхийлж, энэ жагсаалд оролцож байна. Үүний зэрэгцээ нэлээд тооны жагсагчид Вашингтон хотноо Цагаан ордны гадна цуглан арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсрэг тэмцэж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=