СУГАЛААНД ИХ МӨНГӨ ХОЖИХ НЬ АМИНД АЮУЛТАЙ


1960 оны зур­гадугаар сарын 1-ны өдөр Австрали ул­сын Сидней хотод амьдрах Базил Торн гэх эрхэм санамсаргүй байдлаар 2,6 сая доллар сугалаагаар хожив. Сугалааны компани өөрсдийн маркетингийг эхлүүлж тив даяар түүний зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараан өөрсдийн компанийг сурталчилж эхлэв. Ганцхан хормын дотор саятан болсон явдал нь Базил Торн болон түүний гэргийд төсөөлөхийн аргагүй аз жаргалыг авчирсан юм. Харамсалтай нь уг аз жаргал удаан үргэлжлэх тавилангүй байж.  Базилын гэр нь бага сургуультай тун ойрхон байдаг тул тэдний бяцхан хүү болох 8 настай Грими сургуульдаа ганцаараа алхаад явчихдаг байлаа. Сугалаанд ялснаас сарын дараа буюу 1960 оны 7-р сарын 7-ны өглөө яг л бусад өдрүүдийн адил хүү сургуульдаа явахаар гэрээсээ гарсан байдаг. Гэтэл бяцхан хүүг гэрээсээ гарснаас яг 70 минутын дараа үл таних хүн тэдний гэрийн утас руу залгаж хүүг нь барьцаалсан тухайгаа хэлээд оройн 5 цаг гэхэд 250 мянган доллар өөрт нь өгөхийг шаардсан бөгөөд шаардлагыг эс биелүүлбэл хүүг аварга загаснуудын хоол болгоно хэмээн сүрдүүлсэн байна.Сандарсан эцэг эх шууд л цагдаа дуудсан байдаг. Цагдаа нар тэдний гэрийн ойролцоох газрууд, сургууль гэх мэтээр Сидней хотыг бүхэлд нь нэгжиж эхэлсэн боловч хүүг олоогүй байна. Гэтэл оройн 5 цагт утас дахин дуугарсан бөгөөд энэ удаа барьцаалагч этгээд мөнгийг хаана хэрхэн байрлуулах тухай зааварчилгаа өгчээ. Цагдаа нар болон хүүгийн эцэг эх барьцаалагчийн заавраар мөнгийг байх ёстой газар нь үлдээсэн боловч өнөөх этгээд уг мөнгийг огт ирж авсангүй. Энэ цагаас хойш гэмт хэрэгтэн хүүхдийг нь аваад усанд хаясан чулуу мэт алга болох нь тэр. Түүнчлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бүхий л мужуудаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан бөгөөд энэ ажиллагаа нь Австрали улсын түүхэнд тохиосон хамгийн том цагдаагийн ажиллагаа болж үлдсэн түүхтэй. Харамсалтай нь энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл ердөө ч амжилт олсонгүй. 1960 оны 8-р сарын 16-ны үүрээр Сиднейн хойд эргийн хөвөөгөөр хүний цогцос олдсон гэх дуудлагын дагуу цагдаа нар ирж шалгахад сурагчийн дүрэмт хувцастай Грими Торны цогцос тэднийг угтаж байв. Уг аймшигт явдлаас 2 сарын дараа хүүг барьцаалсан этгээд болох Стефен Брэдли гэх цагаач эрийг цагдаа нар олж баривчилсан байна. Тэрээр ямар ч илтгэл, мэдүүлэг өгөлгүй байсаар шоронд хоригдсон байдаг. Ийнхүү хүүгийн үхэл нууц хэвээр үлдсэн түүхтэй. Чухам энэ явдал нь Австрали улсын цагдаагийн байгууллага шинэчлэлт хийх цаг нь болсныг тэдэнд сайтар ойлгуулсан бөгөөд дэлхийн маш олон орнууд уг аймшигт хэргээс сургамж авч сугалаанд их хэмжээний мөнгө ялсан хүний царайг нийтэд зарлахаа больсон юм.

Үүнээс хойш сугалаанаас асар их мөнгө хожсон хүмүүсийн амьдрал голдуу эмгэнэлээр төгсдөг болсон. 1988 онд Пенсильвани мужийн оршин суугч Уильям Пост сугалаанд 16,2 сая доллар хожиж, элдэв үнэтэй машин, хурдан хөдөлгүүрт завинууд худалдаж авснаар хэдхэн сарын дотор мөнгөө бүрэн шавхжээ. Тэрээр сугалааны саятан байхаас илүүтэй дампуурсан байх нь түүнд илүүтэй таалагддаг тухай сэт­гүүлчдэд мэдэгдэж байсан гэнэ. Өмнөд Солон­госоос АНУ-д цагаачлан ирсэн Жанит Ли 1993 онд 18 сая доллар хожжээ. Энэ мөнгөнийхөө ихэнхийг улс­төрийн намууд, олон нийтийн байг­ууллагууд, боловсролын хөтөл­бөрүүдэд тарааж өгсөөр найман жилийн дараа гэхэд юу ч үгүй болон дампуурал зарлаж байсан аж. 2002 оны Зул сарын баярын үеэр Баруун Виржини мужийн бизнесмэн Эндрю Уиттакер 315 сая доллар хожоод, татвар төлсний эцэст гар дээрээ 114 саяыг авсан байна. Харин дөрөвхөн жилийн дараа гэхэд халаасандаа бараг сохор зоосгүй болчихсон байж. Үүний гол буруутан нь түүний хэтэрхий өгөөмөр зан, түүний мөнгийг тал талаас нь зулгаагч олон хүмүүс, архидалт болсон аж. Хэрэг явдал үүгээр дууссангүй. Мөн их мөнгөний дайрлагад өртсөн охин нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас сугалаанд хожсоноос хойш хоёр жилийн дараа нас барж,  2009 онд өөр нэг охин нь амь алдсан байдалтай олдож байжээ. “Хэзээ ч, хэнд ч над шиг байдлаар битгий мөнгө өгч бай. Тэдэнд ихийг өгөх тусам тэд бүр илүү ихийг чамаас авахаар улайрдаг” хэмээн Эндрю гашуун туршлагаасаа хуваалцсан байна. Зарим сугалааны азтанууд төд удалгүй гэмт этгээдүүд болон хамаатан садныхаа золиос болсон тохиолдол ч олон байдаг аж.

1998 онд 16 сая доллар хожсон Уильям Бад аймшгийн атаархуу ахтайгаа мартсан байж. Нөгөөх нь сугалааны хонжворыг авахын тулд ахыгаа эхнэртэй нь хамт хөнөөлгөхөөр алуурчин хөлсөлсөн хэдий ч азаар уг ажиллагаа бүтэлгүйтсэн байна. Мөн 20 сая доллар хожсон Жеффри Дампи шуналтай хамаат­нуудынхаа золиос болсон аж. Тэрээр бүхий л хамаатнууддаа сайн үл хөдлөх  хөрөнгө бэлэглэсэн хэдий ч тэдний шуналд хязгаар байсангүй. Ингээд нэгэн удаа түүний эхнэрийн эгч нь найз залуутайгаа нийлж Дампиг хулгайлсан байна. Тэд эд хөрөнгөө өөрсдөд нь шилжүүлэхийг Дампигаас шаардаад, татгалзсан хариу өгөнгүүт ар дагз руу нь буудан хөнөөжээ. Иймд сүүлийн жилүүдэд сугалаанаас асар их мөнгө хожсон хүмүүсийн нууцлалыг хадгалж, зөвхөн сугалааны тоог л олон нийтэд нээлттэй үлдээдэг болсон байна.     

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=