ЗУРГААН АВАРГА ХӨРӨГ



 

Коммунист. Энэ үгийг би анх хэдийд хаана сонссоноо нэхэн санахыг хичээв. 1949 онд Хашаат сумын бага сургуулийн босгыг алхаад удаагүй байлаа. Нэг найзынхаа хамт сургуулийн улаан буланд нууцаар сэмхэн орчихов. Үдэш байсан. Гэрээс өөр оромжинд орж үзээгүй надад улаан булангийн асар том бүрэнхий танхим гайхал төрөм сүрлэг байлаа. Эзгүй улаан буланд бид хоёр энэхэн тэрхэнд алмайрч явтал том цагаан даавуун дээр хажуу тийш харсан зургаан хүний мунадаг том толгой зурсныг үзлээ. Миний нөхөр хоёрдугаар ангийн сурагч тул их л мэдэмхийгээр надад тэр аймаар том зургаан толгойг танилцуулав: Маркс, Энгельс, Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан нарын хөрөг гэнэ. Энэ зургаан толгой амьд хүний толгойноос дэндүү аварга харагдсанаас би сүрдсэн байх, 2 дугаар ангийн ханагардаа “Энэ зургаагийн хамгийн мунадаг нь аль нь вэ?” гэж бүрэнхий танхимд аяархан шивэгнэв. Найз маань шууд л “Ленин” гэснээ бяцхан эргэлзээд “Үгүй ээ Маркс ч бас л мунадаг” гэнэ. Миний хувьд тоймгүй их үс сахал дундаасаа хэрээ хамар, шар шувууных шиг дүрэлгэр их нүд нь дөнгөж цухуйх Марксыг халзан толгойтой өрөөсөн нүд нь сохор ч юм уу гэлтэй доожоогүй Ленинтэй адилтгах нь харамсалтай санагдав. Бас цаана нь Энгельс гээд Марксаас огт дутахааргүй мунадаг их “сахал” байдаг. Би найзаасаа “Тэгвэл Маркс Ленин хоёрын чинь хэн нь арай жаахан илүү мунадаг вэ?” гэвэл тэр бээр хэсэг тулгамдсанаа “Хоёулаа яг адилхан мунадаг” гэж бөөрөнхийлж, миний гэдэнг хөдөлгөв. Би ер нь багаасаа хүн моготгох муу зуршилтай золиг л доо. “Тэгвэл Маркс Ленин хоёроосоо нөгөө дөрөв нь арай мунадаггүй юу?” гэвэл найзын маань нүд гэнэт сүрхий бүлтийгээд,

-Хүүе тэгж ярьж болдоггүй юм! Энэ зургаад мунадаггүй жолоодогч гэж байхгүй. Энэ 6-гийн хэн нэгнийг мунадаггүй гэж хэлбэл шууд шоронд ордог юм. Чи багшийг асуувал зургуулаа ав адилхан мунадаг гэж хариулж байгаарай мэдэв үү гэж нэг довны хүүхдийн ёсоор аминчлан захихад нь би их л гэгээрсэн янзаар толгой дохилоо.

Дээгүүр харцтай эдгээр 6 толгойны нэр алдрыг би цээжлээд зогссонгүй төдөлгүй бүгдийг зураад сурчихав. Аварга сахалтай Марксаас эхлээд л би тэднийг бараг нэрээ бичихээс дадамгай дүрсэлчихнэ. Хаа л бол хаана зурна. Хүүхдүүд намайг гуйж дэвтрийнхээ хавтас дээр зуруулна. Миний зурсан 6 толгойг ангийн багш үзээд,

-Их сайн байна. Чи жинхэнэ коммунист зураач болох сурагч байна гэж билээ.

Миний ирээдүйг угтагч тэр “Коммунист” гэдэг нь чухам юу гэсэн үг юм бол гэж би гайхсан биз. Үнэхээр ч би багшийнхаа зөгнөн хэлснээр зураач, хожим нь коммунист болсон хүн.

Удалгүй Чойбалсан дараа нь Сталин нас нөгцлөө. Гайхалтай нь алсыг зөгнөн ширтсэн 6 толгойноос Сталинг хасаад 5-ыг нь зурдаг боллоо. “СССР-т Сталин буруудсан юм одоо Монголд Чойбалсан буруудна” гэж малчид хар ухааныхаа багтаамжаар цуурч эхэлтэл яг тэр ёсоор болов. Сталин Чойбалсан хоёр мунадаггүй удирдагчаар үл барам муухай яргачид байсан болж таарлаа. Би нөхдийнхөө дэвтрийг Сталин Чойбалсан хоёрыг оруулаад 6 толгойгоор чимэглэвэл шоронд орохоо ойлгов.  Одоо санахад Монголын бөглүү сумын 9-хөн настай бяцхан хүүгийн гэгээрээгүй тархинд төрсөн тэрхүү хаширлах ухаанаар ЗХУ болон бусад соц. орнуудын удирдагчид хүртэл амиа хоохойлж байжээ гэж бодоход хачин. Амиа хоохойлсон энэ ухааныг үүсгэгч шалтгаан нь коммунизмын өөрийнх нь төрмөл гажиг болохоос сайнтай муутай төрсөн хүмүүний үр сад болох дарангуйлагч нараас гагцхүү шалтгаалж бараг байсангүй.  Социалист орны тоо жилээс жилд нэмэгдсээр нэгэн сайхан өдөр бүх дэлхий час улаан болно гэдэг сэн. Гэтэл нөгөө “час улаан” болох нь өдгөө яачихав аа? Социалист систем жилээс жилд өгөршин нурсаар ирсэн. Хамгийн нудгатай нь энэ нуралтыг мэдсээр мөртлөө коммунизмыг байдаг дуу хоолойгоороо магтаж, магтсаныхаа шанд ахиухан угаадас олж долоосоор яваад үхсэн Монголын ком­мунистуудын барцад өдгөө биднийг гайтуулсаар. Дийлдэшгүй нуралтаа сүүлчийн удирдагчид нь түрүүчийнх рүүгээ чихдэг нь тэртэй тэргүй балран унах тавилантай коммунизмээ аврах оролдлого байж дээ зайлуул. Жинхэнэ коммунист дүр эсгэхийг хичээгчид албан тушаал ахихын тулд “За даа Ленин багш л аргагүй жинхэнэ хувиршгүй коммунист байж дээ хөөрхий. Бусад нь ч тааруухан амьтад байж. Одоо ганцхан Ленин багшийгаа л баримтлах минь. Ленин багш бол хэзээ ч буруудахгүй” гэж арга нь барагдсан янзтай мэдэгддэг сэн. Ингэж ухуулсныхаа ачаар ч тэд дэвшиж байсан. Одоо ч гэсэн Хувьсгалт намын цагаан Ордны өмнө Ленин багшийн хөшөө орь ганцаар сүндэрлэсээр янхнуудын болзооны газар болж үлдсэн нь нэгийг шивнэнэ бус уу. 1950-иад оны үед бага ангийн багш гучаад насны залуу сурагч бидэнд коммунизмд бүх юм бэлэн зэлэн элбэг баян болохын сацуу чиний миний, танай манай гэх явдалгүй мал сүрэг бүгдээрээ нийгмийнх болно. Хүн зүгээр идэж уучаад хэвтэж байх юм аятай нялх тархинд минь шингээдэг сэн. Миний толгойд Хашаат сумынхан ганцхан аварга том гэр бариад тэр дотроо бүгдээрээ чихэлдэн суух юм шиг бодогдсон агаад тоглох хүүхэд олонтой харин ч зугаатай байх бол уу хэмээх үүднээс коммунизм сайхан ч байх юм шиг, муухай ч байх юм шиг эргэлзэнэ. Багш маань самбарын өмнө ёслол төгөлдөр номхон зогсоод заагуур модоор тэртээ тэнгэр өөд маш алс холыг зааж, нүд нь сансар оготоргуйд ямар нэгэн гэрэл гэгээ олж үзсэн мэт итгэлтэй гялалзаад,

-Тэр сайхан цаг үеийг багачууд та нар үзэх болно. Тэгэхээр сурагчид та нар маш их азтай хүүхдүүд! Харин багш нь тэр сайхан коммунизмыг үзэж арай л чадахгүй бол уу гээд харамсангүй царайлахад бид гэрэлт коммунизмыг үзэх хувь заяагүй төрсөн хөөрхий хайртай багшийгаа их өрөвддөг сөн.Гэтэл багш маань азтай хүн байжээ. Багш коммунизмын сүйрлийг үзэлгүй өөд болсон. Харин би сүйрлийг нь үзэж, шилжилтийн үеийнх нь зовлонг эдлэн, өтөлсөн хойноо эзгүй хээр хонины бэлчээрт гиюүрч сууна. Тийм ээ би коммунист зураач, коммунист зохиолчоос хоньчин болсон өвгөн. Гэхдээ надад эдүгээ өөрийн гараар өсгөж авсан аминыхаа хэдэн хөөрхөн малыг аав ээжийнхээ нутагт эрх чөлөөтэй хариулж явна гэдэг юутай жаргал бэ. Панз наймааны хожоогоор бусдыг шулах замаар бус хар биеийн хөлсөөр өсгөж авсан малаасаа шөл уухад нүгэл нь арай бага гэдэг санаа намайг өр зүрхнээс тайвшруулж байдаг. Тэгээд бас цаана нь юу дуртайгаа ингэж бичнэ, дуртай үгээ аймшиггүйгээр сонгоно. Дөрвөн ханатай гэр идэх хоол бэлэн. Үүнээс илүү жаргал зохиолч хүнд яахан байх билээ. Үүнийг надад ардчилал олгосон юм. Харамсалтай нь Өндөр гэгээний зохиосон “Жанлав цогзол”-ыг зурагтаар олон хөөрхөн залуухан цав цагаан лам нар хурахыг аав ээж хоёр минь л үзэж чадсангүй. Үүнд би коммунизмыг үзэж чадаагүй бага сургуулийн багшаасаа дутуугүй харамсдаг.                  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=