Ж.САУЛЕ: МАНАЙ НАМД ДОТООД АРДЧИЛАЛ АЛГА


Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулег энэ жил УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаг байсан. Гэвч судалгаагаар дээгүүр байсан түүнийг Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны хэсэг бүлэг этгээдүүд нэр дэвшүүлэхгүй хэмээн санасандаа хүрчээ. Иймд энэ талаар дэд сайд Ж.Саулегаас тодрууллаа.

- Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нар таныг гадуурхах ямар нэгэн шалтгаан бий юу?

-Би УИХ-ын гишүүн болно гээд зүтгээд, улайраад, гомдсон юм байхгүй. Хэрвээ намын дарга У.Хүрэлсүх “Чиний оронд нутгийн шилдэг боловсон хүчнийг нэр дэвшүүлнэ. Чи дэмжээд хамт ажиллаад ир” гэж хэлсэн бол “Би баярлалаа” гэж хэлээд гарна. Гэтэл Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд. Сүүлийн эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатангийн хүүхэд юм. Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан нь Х.Баделхантай нэг удмын хармаа нэгтэй хүмүүс. Энэ мафийн сүлжээ намайг унагасан.

Баян-Өлгийд намайг дэмжиж буй мянга, мянган намын гишүүн, дэмжигч байна. Мянган хүн дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсгээ хүртэл зурсан. Гарын үсэгтэй бичгээ намын дарга руу явуулсан ч удаатай юм билээ. Тэд “Энэ удаа бид намчирхахгүйгээр эмэгтэй хүнийг сонгоё. Таны багт ажиллаж буй Ж.Сауле нутаг орондоо нэр хүндтэй, эцэг, эх нь олон жил удирдах ажил хашсан” гэдэг утгатай, 1000 хүний гарын үсэгтэй бичгийг өгсөн гэж надад хэлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбоо, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооноос энэ ажлыг зохион байгуулсан гэсэн.

2016 оны сонгуулиар М.Энхболд дарга Баян-Өлгийд эмэгтэй квот өгсөн. Тэгсэн ч би эрчүүдийнхээ эв нэгдлийг хангаад өөрийнхөө квотыг Г.Солтан гишүүд өгсөн түүхтэй. Ингэхдээ би гэрээ байгуулсан.

-Тэр нь ямар учиртай гэрээ юм бэ?

-2016 онд Баян-Өлгий аймгийн сонгуулийн штабыг би ахалж ажиллаад ялалт байгуулсан. Х.Баделхан, А.Гылымхан, Г.Солтан нь “Ялалт байгуулсан тохиолдолд хамгийн том албан тушаалд Баян-Өлгийг төлөөлж чамайг ажиллуулна” гэсэн гэрээг надтай байгуулсан. Ингээд нөхөр маань Г.Солтаны хэвлэлийг хариуцаж, би өөрөө дэмжиж ялуулсан. Баян-Өлгий аймагт бүх шатны сонгуульд бид ялсан. Ингээд хотод ирээд байж байтал нөгөө хэд гэрээгээ зөрчөөд одоо яригдаад буй Т.Аубакир гэх залууг дэд сайдад томилуулахаар зүтгүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөр ч хэлэлцүүлж дэмжлэг авахуулсан.

Харин АТГ албан тушаалд очих гэж буй хүмүүсийг шалгадаг ёсоороо шалгахад Т.Аубакир гэдэг нөхөр үрийн будаа оруулж ирэх нэрээр хогийн будаа оруулж ирээд хуурамч бичиг баримт үйлдэн хэргээ хаасан түүх байдгийг олж мэдсэн. Тэгээд л Т.Аубакир дэд сайд болж чадаагүй. Ингээд би дэд сайд болсон юм. Энэ удаа ч мөн бүх зүйлээ бэлдээд байж байтал дахиад нөгөө Т.Аубакирыг оруулж ирлээ. Энэ ямар учиртай юм бэ.

-Заалнаас та өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн шүү дээ. Энэ үеэр Бага хурлын гишүүдийн хэдэн хувийнх нь саналыг та авсан юм?

-Би өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн. Би 2016 онд Г.Солтанд УИХ-ын гишүүнийхээ квотыг өгсөн. Гэтэл өнөөдөр Г.Солтан ЖДҮ авч нутаг, усныхаа нэрийг баастаж байна. Т.Аубакир нь Казахстанд байж, байж албан тушаал яригдахаар хүрээд ирж байна шүү дээ. Тийм учраас бууж өгөхийг хүсээгүй. Намайг дэмжиж буй хүмүүс ч “БИТГИЙ БУУЖ ӨГ” гэж хэлсэн. Заалнаас нэрээ дэвшүүлээд би ялалт байгуулсан.

-Заалнаас 11 хүн нэр дэвшээд дөрөв нь ялалт байгуулсан гэж дараа нь би сонссон. Зааланд тооллогын комисс санал тоолж байхад 11 нэр дэвшигч яг урдаас нь хараад сууж байсан. Тооллогын комисст Х.Баделхан өөрийн бие төлөөлөгч, аймгийн намын дэд дарга Асгар гэх залууг оруулсан. Би Асгарыг тооллогын комиссоос гаргаж өгөхийг заалнаас үг хэлж хүссэн. Гэтэл намайг хэн ч тоогоогүй. Тэгээд тооллого явж байх үеэр Асгарын нүүр ам улайж, нэг босч, сууж, мессеж бичээд л гэм хийсэн хүн ямар байдаг билээ түүн шиг л сандарч байлаа. Ингээд хүн бүр “За Сауле яллаа. Тодорхой боллоо” гэж байсан. Тооллогын комиссыг Ж.Энхбаяр ахалж байсан. Тэр заалнаас өрсөлдсөн хүмүүсийг хэдэн хувиар ялж, ялагдсаныг хэлээгүй. Шууд тайз руу гүйж гараад л намын даргын бодлогоор дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг уншаад л хурлыг хаасан.

Тэгэхээр манай намд дотоод ардчилал байна уу. Яах гэж биднийг заалнаас нэрээ дэвшүүл гэж хэлсэн юм. Ингэх байсан бол “Та нар нэрээ дэвшүүлж хэрэггүй шүү” гээд хэлчих байсан. Хэн, хэдэн хүний санал авсныг хэлээч гэж шаардахад “Цаггүй болсон” гэж хариулж байгаа юм. Заалнаас нэр дэвшсэн хүмүүсийн авсан саналын хуудас, тоо баримтыг өөрсдөд нь өгөөгүй талаар би Д.Амарбаясгалан даргад хэлсэн. Гэхдээ одоо сайн юм ирнэ гэж би бодохгүй байна. Олон хоног өнгөрсөн учраас тэр бүхнийг өдийд зассан байх боломжтой шүү дээ. Урд өмнө нам ийм байгаагүй. Ж.Энхбаяр гишүүн Бага хурлын гишүүдийн эрхэнд халдаж байна. Ийм үйл явдал болж буйг намын дарга мэддэггүй юм байна гэж бодсон. Учир тэр хүн дор ажиллуулж буй хүмүүстээ итгэж байгаа шүү дээ.

-Т.Аубакир нь боловсрол, мэдлэг, ажлын туршлагын хувьд УИХ-ын гишүүнд тэнцэх хүн мөн үү. Та хувь хүнийх нь хувьд хэр сайн мэдэх вэ?

- Саяхан Т.Аубакир ирж уулзсан. Уулзаад “Би таныг дэмжиж ажиллана. Та миний төрсөн дүүг ажилд оруулж өгөөч” гэж хүсч байсан. Би дүүг нь яамандаа ажилд оруулж, тусалсан. Казахстанд амьдарч байгаад л албан тушаал болохоор гүйж ирээд ийм үйлдэл гаргах нь нэг таатай биш. Боловсролын хувьд Отгонтэнгэр их сургуулийн дипломтой гэсэн. Гэтэл Отгонтэнгэр төгссөнийг нь мэддэг хүн нэг ч байхгүй. Үрийн будааны асуудлаар хэрэгт холбогдож хэргээ хаалгаж байсан. Нисэхийн гаалийн дэд даргаар ажиллаж байсан. Сэлэнгэд төрж, өссөн хүүхэд юм. Уг нь аав нь их аятайхан хүн. Харин улс төрийн ах нарынхаа хүмүүжлээр яваад байна.

Энэ бүх зүйлийг би зоригтойгоор хэлж байна. Харин хэлж чадахгүй яваа олон хүн бий.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=