ГЭРИЙН ХОРИОНД БАЙХ ЁСТОЙ 584 ИРГЭН ӨГСӨН ХАЯГ ДЭЭРЭЭ БАЙГААГҮЙ


Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улс өнөөдрийг байдлаар нийт 8000 гаруй иргэнээ агаараар болон газраар гадаад орнуудаас татан аваад байгаа. Эдгээр иргэдийг эх орондоо ирэнгүүт нь коронавирусийн шинжилгээ авахаас гадна  21 хоног тусгаарлаж байгаа. 21 хоногийн тусгаарлалтын дараа  14 хоног гэрийн хорионд хянаж байгаа билээ. Гэтэл иргэд энэхүү дэглэмийг маш их зөрчиж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлсэн юм.  Тэрээр “Гадаадаас ирсэн иргэд 21 хоног тусгаарлалтад байсны дараа гэрийн тусгаарлалтад шилждэг. Гэвч гэрийн тусгаарлалтад шилжсэний дараа шилжилт хөдөлгөөн маш их хийж бусдыг эрсдэлд оруулж байна. Тусгаарлалтад байх хугацаандаа өгсөн гэрийн хаяг дээрээ байхгүй тохиолдол олон байна. Хотоос аймаг, аймгаас хот руу, дүүрэг хооронд шилждэг. Нийт 804 иргэн гэрийн тусгаарлалтад байгаагаас 93 иргэн нь орон нутагт харъяалалтай. Гэтэл 584 иргэн тусгаарлалтад байхдаа өгсөн гэрийн хаягаа өөрчилсөн байна.  Шинэ коронавирусийн халдвар 14 хоногийн дараа илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа.  Хариуцлагатай хандаач ээ. Хаяг дээрээ байхгүй иргэдэд хариуцлага тооцно гэхээр иргэдийн маань амьдралын чадавхи, халаас ямар байгаа билээ. Тэр бүгдийг торгоход хүнд байна. Иймээс тусгаарлалтын дэглэмээ сайтар сахихыг хүсье. Эхэлж өгсөн хаяг дээрээ 14 хоногийг тэвчиж өнгөрөөгөөч ээ” хэмээн санууллаа.

Хэрвээ удаа дараа ийнхүү хөл хорионы дэглэмийг зөрчвөл цаашид хуулийн арга хэмжээ авах аж.

 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.